Японы эрдэмтэд цусны бүлгээс үл хамааран бүх хүнд сэлбэх боломжтой, өрөөний температурт хоёр жил хүртэл хадгалах боломжтой шинэ төрлийн хиймэл цус гарган авсан талаар Tokyo Weekender мэдээлэв. Уг технологи нь яаралтай тусламжийн үр нөлөөг дээшлүүлж, цусны нөөцийн хомсдлыг шийдэх боломжтой гэж үзэж байна.
Хиймэл цусыг донорын хугацаа дууссан цуснаас ялгаж авсан гемоглобиныг хамгаалалтын бүрхүүлд хийж, вирусгүй, бүлэг харгалзах шаардлагагүй улаан эс хэлбэртэй бүтээгдэхүүн болгон гаргаж авдаг. Иймд энэ цусыг ямар ч бүлгийн хүнд шинжилгээ хийлгүйгээр сэлбэх боломжтой бөгөөд эмнэлгийн бэлтгэлийн хугацааг хэмнэх ач холбогдолтой.
Анхны клиник туршилт 2022 онд эхэлсэн бөгөөд эрүүл, сайн дурын оролцогчдоор туршсан байна. Судалгааг удирдаж буй профессор Хироми Сакай уг технологийн аюулгүй байдал, үр дүнг баталгаажуулсны дараа 2030 он гэхэд эмнэлгийн хэрэглээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.
Эх сурвалж: Tokyo Weekender