Цаазын ялгүй дэлхий. Цөмийн зэвсэггүй дэлхий. Дахиад Хирошима, Нагасаки хэрэггүй. Дахиад Хакамада ч хэрэггүй. Японд атомын бөмбөг хэрэглэсний аюул гамшиг, зовлон зүдгүүрийг биеэр туулсан хүмүүсийг "Hibakusha" гэж нэрлэдэг. Тэдний нэг, ноднин жил Нобелийн энх тайвны шагнал хүртсэн өвгөн буурал Тошиюки Мимаки гуай "Чи бидний нэг боллоо, хибакуша боллоо" гэж энгэртээ олон жил зүүж явсан тэмдгээ тайлж надад зүүж өгсөн юм. Улаан зуйван дугуй дээр цагаан өнгийн цаасан тогорууны дүрстэй. Миний нандигнан хадгалах билэгдэл. Хөөрхий хад шиг хөх өвгөний сэтгэлийг миний хэлсэн цөөн үг ингэж хөдөлгөх чинээ бодоогүй юм. Харин дэлхийг цөмийн зэвсэггүй бас цаазгүй болгох үйлсэд амьдралаа зориулахад Японд хийсэн энэ удаагийн айлчлал надад улам ташуур өглөө.
-Тэнгэр дэлбэрчих шиг санагдсан. Тэр үед 8 настай байсан Кейко гуай ийнхүү ярив. Япон улсын Хирошима болон Нагасаки хотод атомын бөмбөг дэлбэрснээс хойш 80 дахь жилийнхээ түүхийг хүн төрөлхтөн үзэж байна. Нелсон Мандела санаачлан үүсгэсэн "The Elders" клубын Удирдах Зөвлөлийн ээлжит хурал Хирошимад болсон юм. Бид өргөн бүрэлдэхүүнтэй тэнд дөрвөн хоног ажиллав. Тус хотын удирдлага, хүмүүс халуун дотноор угтан хүлээж авлаа.
1945 оны 8 дугаар сарын 6-ны өглөө. Хирошима хотын наранд уяссан тэнгэрт 8 цаг 15 минутад, 800 метрийн өндөрт атомын бөмбөг дэлбэрчээ. Тус хотын хүн амын бараг гуравны нэгээс илүү хувь нь нүд ирмэхийн зуур амь насаа алдаж. -Тухайн үед нас барагсдыг үлдэгсэд нь азтайд тооцож байв. Түлэгдсэн, шархадсан хүмүүсийн өвдөлт, зовлонг үгээр илэрхийлэх аргагүй. Юу болсныг хэн ч мэдээгүй. Ээж түлэгдэж зовсон хүмүүсийг асарч, аав цогцос шатаах ажилд өдөржин шөнөжин дайчлагдан, ах минь түлэгдэлдээ шаналж, би хүмүүст ус дөхүүлж гүйдэг байлаа. Хот тэр чигтээ галд автаж, хар бороо орж хүн бүр гайхаж байв. "Ус, ус" гэж ёолон орилох бас галд шатсан хүмүүсийн цогцсоор гол дүүрсэн. Сүүлд гэрээсээ би ганцаар үлдсэн гэж Кэйко эмээ ярилаа.
Бид олон асуулт асууж тухтай ярилцав. Хуруувч шиг жижиг тэр эмээ уг гамшгийг биеэр туулсан хүмүүс жилээс жилд цөөрсөөр, тэр аюулыг ярьж хэлэх хүн дуусч байгаад их санаа нь зовж байв. Үе үе бидэнд -Та бүхэнд, танай байгууллагад итгэж байна, халуун цөмийн аюулыг холдуулж өгөөрэй гээд л. Тэр аймшиг тохиосноос хойш одоо дөрөв дэх үе нь мэндэлж байгаа аж. Хэцүү цагийн тухай хэлэх сануулах эмээ өвөө, өвгөд хөгшид байна гэдэг чинь ямар сайхан юм бэ! Зовлон их үзсэн, биеэрээ тэр бүхнийг туулсан хүн ямар мундаг хүнлэг, уужим, тэлмүүн өршөөх сэтгэлтэй болдог юм бэ! Дахиад ирэхэд нүүр гартаа сорвитой тоотой энэ хөгшид бүр цөөрвөл яана даа.
Тэр ахмадуудын ярьсан зүйлүүд, олон удаа гол зурсан боловч Кэйко гуайн үгэн дундаа хавчуулсан нэг санаа миний зүрхэнд бүр ойрхон туссан юм. -Үхэж үрэгдэхийн зовлон хэцүү. Гэхдээ гадуурхагдах гэдэг бүр хэцүү гэж. Хирошима, Нагасаки хотод, бас ойрхон амьдарч байсан залуус хүүхдүүдээс хүмүүс "цацрагийн өвчтэй, нөлөөтэй" гэж дөлөх, зай барих зовлон хамгийн хэцүү нь байж дээ. Олон жил тэд айдас хүйдэстэй, хараа доогуур явж. Өөрөөс нь огт болоогүй, амьд үлдсэн боловч сүүдэр адил дагах гачлан, олны сэтгэл зүй. Ялангуяа залуус бие биендээ хайрлаж дурлах, гэр бүл амьдрал зохиох, төрөх ирэх үр хүүхэд гээд сэтгэлийн их зовлонд унадаг байжээ. -Эрхтэн бүтэн, эрүүл хүүхэд төрөх болов уу, хожим өвдөж зовох болов уу гээд л. -Яаж яваад цацрагийн хордлоготой хүнтэй таарчихав гэх ярианд олон зүрх ташраараа хайруулдаг байж. Одоо ч байдаг бололтой.
"Little Boy" буюу жижиг хүү, "Fat Man" буюу тарган эр гэх атомын хоёр бөмбөгийг нэг хоногийн зайтай Япон улсын хоёр хотод хаясан. 1945 оны төгсгөлөөр тооцоход тус бөмбөгдөлтийн уршгаар амиа алдагсдын тоо 246 мянга давж байжээ. Хирошима хотод байрлах музейг захирал нь өөрөө угтан тайлбарлаж үзүүлсэн юм. Нүдээр харж, гараараа тэмтэрч, чихээрээ сонсож байж бодит ойлголттой болох газрын нэг энэ байв. Үзмэр үзээд гарч яваа хүмүүсээс аньсага хуурай хүн ховор байсан. Дөрвөн тонн орчим жинтэй, гурван метр урттай нэг нь том хүний, нөгөө нь бага хүүхдийн өндөртэй тэнцэх тэр хоёр бөмбөгийн уршиг 80 жилийн хойно ч сая сая зүрхийг хайлуулсаар л.
Өглөө хичээлдээ явсан Шигэрү хүүгийн үдийн цайных нь сав үлджээ. Доторх цагаан будаа нь дүүрэн боловч харалж шатжээ. Ээж аав, ах эгч дүү гэр бүлээрээ зэрэг сүйрэхийн зовлонг олон олон айл өрх амсчээ. Гурван настай Шиничи хүү гэрийнхээ гадаа тоглож байж. Шатаж түлэгдсэн хүү тэр өдрөө амьсгал хураажээ. Гашуудалд автсан аав нь хүүгээ дуртай тоглоом болох унадаг дугуйтай нь цуг гэрийнхээ хажууд нүх ухаж хөдөөлүүлж. Хожим хүүгийн цогцсыг гэр бүлийнх нь оршуулгад нийлүүлж, шатаж зэвэрсэн дугуй нь Энхийн музейн үзмэр болжээ.
Садако охины түүхийг дэлхий мэднэ. Хоёр настай байхдаа атомын бөмбөгийн аюулд өртжээ. Хурдан гүйдгээрээ алдартай, авъяаслаг хөөрхөн охин нэг л өдөр цацрагаас үүдсэн өвчин нь сэдэрч хүндэрчээ. - Мянган цаасан шувуу хийвэл амьдарна гэх домгийг сонссон охин эмнэлгийн өрөө дүүртэл цаасан тогоруу урласаар 12 настайдаа өөд болжээ. Тэр охины цаасан тогорууд одоо ч амьдралын төлөөх, энхийн төлөөх билэгдэл болсоор. Мянга мянгаараа цаасан шувуу Хирошимад ирсээр.
Атомын бөмбөг унасан газрын цөөн мод дахиж навчилж цэцэглэсэн гайхамшиг энд тохиожээ. Амьдрал ямар ч аюулыг давдгийн билэгдэл. Улс бүр, хот бүр тэдгээр модны үрийг авч хотдоо, нутагтаа суулгадаг заншил тогтжээ. Харин тэр олон улс, зуу зуун хотын дунд Монголын нэр алга байв. Интернэтийн хялбар захиалга, үйлчилгээ цахимд бэлээхэн байна. Мөн Энхийн төлөө Захирагч нар гэсэн хөдөлгөөн энд байх. 166 орны 8.479 хот суурин энд нэгджээ. Манайхаас захирагч бүхий хот суурин бүр энэ холбоонд нэгдэж болох нь. Захиа, уриалгаа бидэнд өгөв. Дээр нь хаяг код нь байгаа. Миний нүүр ном-FBд байршсан. Харилцаа холбоо тогтоож болох юм. Японд ирж очдог түнштэй болно гэсэн үг.
"Хирошима давтагдах ёсгүй" гэх Мэдэгдлийг бид хурлаасаа гаргав. Цөмийн зэвсэгтэй улсуудын удирдагч нарт хаяглаж хүргүүлэв. Азаар цөмийн зэвсэгтэй улсын тоо нэг оронтой тооноос даваагүй байсаар. Цөмийн зэвсэг шиг хэрэггүй юм л энэ дэлхийд алга. Бидний үед үүссэн юм. Бидний үед дуусаасай билээ. -Дэлхийгээс цөмийн зэвсгийг салгаж өгөөрэй гэж Цөмийн зэвсэгт өртөгсдийн холбооны төлөөлөл бидэнтэй уулзахдаа аминчлан захисан юм.
Дэлхий цөмийн зэвсэггүй болох бол үл гүйцэлдэх зүйл биш юм. Нэг үе цөмийн цэнэгт хошуу 70.000 хүрч байсан. Олон нийтийн шаардлага, тодорхой удирдагчдын манлайлал оролцоогоор энэ тоо 5 дахин буурч 13.000 орчим үлдээд байгаа юм. Эхлээд Америк, Орос, Хятад гурван улс цөмийн цэнэгт хошуугаа тус бүр 500 хүртэл бууруулах, дараа нь тэр есөн улс цөмийн зэвсгээ устгах. Ийм л дараалал байгаа юм. Монгол бол энэ талбарт дэлхийн дайд нэрээ гаргасан орон. Цөмийн зэвсэггүй болон аюулгүй байдлын статусаа НҮБ-ээр, Аюулгүйн Зөвлөл, Ерөнхий Ассамблейгаар давхар давхар баталгаа гаргуулж чадсан цорын ганц тусгаар, эрх чөлөөт улс шүү.
Цөмийн зэвсгийн хор хөнөөл, учруулах аюул улам нэмэгдсэн боловч тэр тухай олны ойлголт сэрэмж ихээр багасчээ. Алтайн зэлүүд уулсын дунд сум, сургуулиараа цуглаж цөмийн зэвсгийг эсэргүүцээд жагсаж явсан үе бидэнд бий. Алдаа эндэгдэл гарч цөмийн дайны аюул тохиох, аюулт зэвсгээр дэлхийг хуйхалж мэдэх, цөмийн харанхуй, цацраг идэвхт өвлийг авч ирэх хэнээтнүүд байсаар байна. Хориглосон, бууруулах гэрээ хэлэлцээр бараг бүгд хугацаа нь дуусч, шинэ хүчтэй зэвсгээр хөөцөлдөх популизм газар авлаа. Цөмийн цэнэгт хошуу хүний хяналтаас гарах аюул ч бодитой бий болов. Хэрэглэж болдоггүй, хэрэглэвэл бүгд устах аюултай зэвсгийг хаяа хатавчиндаа хадгалаад амар сайхандаа жаргах боломж хэнд ч байхгүй. Ийм гайг мэдсээр, харсаар байж -Та нарын ирээдүй аюулгүй, баталгаатай байна гэж бид хойч үедээ хэрхэн хэлж чадах билээ. Цөмийн зэвсгээс ангид эх дэлхийтэй болох зорилго бол бүх нийтийн үйлс юм.
Япон Улсы Ерөнхий Сайд Шигэрү Ишиба биднийг цаг гарган, албан өргөөндөө найрсаг хүлээн авав. -Энэ зовлонг биеэр амссан цорын ганц орны хувьд Та бүхний ариун зорилгод манай улс бүх талаар дэмжлэг үзүүлнэ гэж тэрээр онцлон ярив. Бүс нутгийн болон дэлхийн олон асуудалд санаа чилээж яваа зангарагтай энэ орны Засгийн Газартай хамтарч ажиллах зүйл цөөнгүй байгаад бид санал нэгдлээ. НҮБ-ын гишүүн орнуудын намрын дээд түвшний цугларалтын үеэр хийж болох ажлаа ч хэлэлцэж амжив.
Хуучин, дотны анд Абэгийн үеийн танилууд холоос гүйж ирэн тэврэлдэж уулзав. Заримтай нь зоог барьж тухтай хөөрөлдлөө. Газар газар сайн найз нөхөдтэй явах чинь их аз юм. Уулзаж учирсан бүхэнд -Миний Эх орон, ард түмэнд шийдвэрлэх үед, хүнд цагт дэмжиж тусалсанд баярлаж талархаж явдгаа хэлэв. Одоо ч Япон Монголын ойр дотно, нэгнээ дэмжсэн ойлгосон харилцаа ус агаар мэт хэрэгтэйг сануулж, манай орны стратегийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэх учир зүйг тайлбарлан ярив. Ерээд болон хоёр мянгаад оны эхээр Монголыг гэдэг байсан улс төрчдийн нэг үе солигдож, шинэ үе гарч ирж байгаа чухал цаг хугацаа.
Японд байгаа Өмнөд Монголын сайхан ахан дүүстэйгээ гэр хотлоороо цуглаж идээ ундаагаа хувааж, яриа хөгжөөж суух нэн таатай байлаа. Их байсан Монголын эрэмгий охид хөвгүүд хаа сайгүй нэг айлын хүүхдүүд шиг уулзахаас илүү жаргал гэж хаа байхав. Хоёр жилийн дараа Японд цуглаж Дэлхийн Монголчуудын Холбоо наадмаа хийхээр ярилцлаа. Сайн санаат олны оролцоо, дэмжлэгээр дэлхийгээр тарсан монголчууд удахгүй баяртай уулзалдахын ерөөл өргөе. Хэдэн жил өргөөнд нь үзээгүй сумо бөхийн барилдааныг дэвжээний эзэн, тусч дүү Дашнямын буянаар ойроос харж сэтгэл баясав. Тус дэвжээний бөхчүүд, ирээдүй өнгөтэй харагдаж байв.
Манай нөхөд буцсан боловч миний томилолт Токио хотноо үргэлжлэв. Цаазын ялын эсрэг ажилладаг Японы хүний эрхийн байгууллага, идэвхтнүүд намайг уриад удаж байгаа юм. Мадрид хотоос манай албаны хүмүүс ирж нэгдлээ. Европын бараг бүх элчин сайдын яам, дипломатууд идэвхтэй оролцов. "OECD" гэх дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг, хөгжлийн байгууллагын 38 гишүүн орноос гурван орон цаазын ялыг бүрэн халж чадаагүй байгаа юм. АНУ-ын хувьд 50 муж улсаас нь 23 нь тус ялыг бүрэн халж, 3 мужид нь цаазын ялыг үл гүйцэтгэх хориг хэрэгжиж байна. Ихэнх муж нь цаазын ялыг хэрэглэхгүй болсон гэсэн үг. Өмнөд Солонгос улсын тухайд бол 1997 оноос хойш цааз гүйцэтгээгүй байсаар 28 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ талаар Япон улс хамгийн ярвигтай байдалтай байгаа юм.
Японы Хуульчдын холбоо, эрүүгийн эрх зүйн эрдэмтэн судлаачид уулзалтад идэвхтэй оролцлоо. Тэд дээрх асуудлаар бүрэн хэмжээний судалгаа гаргаж санал дүгнэлтээ хууль тогтоогчид болон холбогдох яам байгууллагад хүргүүлжээ. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд энэ тухай нээлттэй ярилцах, тийм байнгын бүтэц бий болгох тухай саналдаа тусгажээ. 2019 онд Японы Баарын Холбоо Олимпийн өмнө 2020 онд цаазын ялаас татгалзах тухай нэгдсэн санал гаргаж байжээ. Мөн парламентын гишүүд, хууль тогтоогчдын өргөн төлөөлөлтэй уулзаж дэлгэрэнгүй ярилцаж, асуултад нь хариулав. Японы парламентад тийм олон нам байдгийг биеэр уулзаж байж мэдлээ.
Хэвлэлийнхэн айлчлалд маш их ач холбогдол өгөв. Өдөр бүр л тусгайлан ярилцлага, хэлэлцүүлэгт оролцлоо. Асахи, Токио, Майничи шинбун гээд нөлөө бүхий гурван сонины редакци, Киодо Цусин агентлаг тусгайлан цаг авч уулзалт ярилцлага хийв. Мөн Хэвлэлийн Үндэсний Хүрээлэн, Гадаад сурвалжлагчдын холбооны гишүүдтэй уулзаж яриа хэлэлцүүлэг хийлээ. Ришшио Их сургуульд тусгайлан уригдаж уг сэдвээр лекц уншлаа. НҮБ-ын Их сургуульд ч зочлов. Япон улсын Хууль зүйн сайд нь цаг гаргаж хүлээж авч уулзлаа. Маш эрч хүчтэй, чадварлаг гялалзсан, хол явах залуу улс төрч болох нь шууд мэдрэгдэж байв. Цаазын ялын асуудалд ихэнх оронд төрийн тэргүүн нь эдэлдэг эрхийг энд Хууль зүйн сайд нь хэрэгжүүлдэг. Уулзалт яриа англи хэлээр ажил хэрэгч болж өндөрлөв. Гадаад яамных нь хариуцсан сайд, дипломат ажилтнуудтай мөн нээлттэй уулзалт хийлээ.
Япон бол бүх талаар бүс нутагтаа, ялангуяа хөгжил дэвшил, ардчилал эрх чөлөө, хүмүүнлэгийн үйлсээрээ үлгэр жишээ болдог орон. Цаазын ял бол энд амаргүй сэдвийн нэг. Манай эриний 700-1100 жилийн хооронд бүтэн дөрвөн зуун дамжин цаазын ял хэрэглээгүй орон бол Япон. Тухайн үед тийм улс дэлхий дээр цор ганц Япон байсан гэж зарим нь үздэг. Цаазын ялыг тойрсон асуудлыг нээлттэй болгох, уг ял нь тус орны харгис хэрцгий, хүнлэг бусаар хүнтэй харьцахыг хориглосон Үндсэн Хуулийнх нь зарчимтай хэрхэн нийцдэг, НҮБ-ын Ерөнхий Ассамблейд дээрх асуудлаар санал хураалтад оролцдог байдал гээд цөөнгүй анхаарах зүйл байгааг судлаач, идэвхтнүүд тойрч ярьж байв. Өмнө нь Япон улсын Хууль Зүйн Сайд байсан эрхэм тус орны парламентад дахин сонгогдож цаазын ялыг халахын төлөө гол хүний нэг болж ажиллаж байгаа нь бахархууштай. -Таны айлчлал энэ асуудлаар Их Наран улсад шинэ давалгаа үүсгэж чадлаа, бид хичээнээ гэсэн баяр талархлын үгийг чамгүй сонслоо.
Японд Хакамада гэх хүнд тохиосон хэрэг явдлыг олон нийт андахгүй. Тэр хүн 1968 онд цаазын ял сонсчээ. Тэрээр дэлхийд хамгийн удаан хугацаанд цаазлуулах ялаа хүлээн шоронд хоригдсон хүнээр тооцогддог. 48 жилийн дараа шоронгоос суллагдсан боловч дахиад 10 жил хуулийн маргаан үргэлжилж 2024 онд эцэслэн дууссан. Зургаан хүүхэдтэй айлын отгон хүү тэрээр эгчийнхээ уйгагүй хөөцөлдлөг, хүний эрхийн олон байгууллага, идэвхтнүүдийн дэмжлэг тусаар гэм зэмгүй болохоо нотлуулж, хэрэг нь цагаадсан юм.
Тэр үед Японд нийтлэг тогтсон ёсоор зургаан сарын дотор цаазын ялыг гүйцэтгэсэн бол өнөөдөр Накамада гуай амьд сэрүүн байхгүй байх байв. -Цаазын ял байгаа учраас бид хамгийн амар амгалан нийгэмд амьдарч байгаа юм гэж ярих хүн энэ оронд багагүй тааралдана. -Дахиад л Хакамада гуайн асуудал давтагдах юм биш үү гэхэд итгэлтэй "үгүй" гэж хэлж чадах хүн бас таарахгүй. Цаазын ял гэмт хэргийн гаралтыг багасгах нөлөөгүй нь тогтоогдсон зүйл. Харин ч цаазын ялтай оронд "би дүүрсэн хүн" гэх сэтгэхүйд гэмт хэрэгтэн автаж гэрч хохирогчийг алж устгах байдлаар улам хэрцгий харгис үйлдэл хийдэг. Хэрэв цаазын ялтай улс орон тайван амьдардаг юм бол Хойт Солонгос улс дэлхийн хамгийн амар амгалан орон болж таарах нь. Хүний эрхийн иж бүрэн хэрэгжилт цаазын ялгүй болсон өдрөөс л эхэлдэг.
Цаазын ял бол төрийн аллага. Амьд явах хамгийн нандин хосгүй эрхээ төрдөө, шийдвэр гаргагч нартаа найддаг улс орны тоо дэлхийд улам цөөрсөөр байгаа юм. Хүний нийгэмд хүн л алдаа гаргадаг. Алдаанаас ангид хуулийн байгууллага, ажилтантай улс орон гэж хаа ч байхгүй. Мөн хүмүүсээс үүсэлтэй төрийн зам цусгүй байх боломжтой. Тийм ч ёстой. Өдгөө 144 орон цаазын ялгүй болсон бөгөөд 20 хүрэхгүй улс цаазын ял гүйцэтгэж байгаа юм. Хорьдугаар зуун гарахад цаазын ялгүй орны тоо хуруу дарам цөөн байв. Өнгөрсөн хугацаанд дэлхийд дунджаар нэг буюу илүү орон цаазын ялыг жил бүр халсаар байна. Энэ хандлага хэвээр үргэлжилвэл дахиад хагас зуун хүрэхгүй хугацаанд манай дэлхий ертөнц цаазын ялгүй болох боломжтой.
Цаазын ялгүй дэлхий. Цөмийн зэвсэггүй дэлхий. Дахиад Хирошима, Нагасаки хэрэггүй. Дахиад Хакамада ч хэрэггүй. Японд атомын бөмбөг хэрэглэсний аюул гамшиг, зовлон зүдгүүрийг биеэр туулсан хүмүүсийг "Hibakusha" гэж нэрлэдэг. Тэдний нэг, ноднин жил Нобелийн энх тайвны шагнал хүртсэн өвгөн буурал Тошиюки Мимаки гуай "Чи бидний нэг боллоо, хибакуша боллоо" гэж энгэртээ олон жил зүүж явсан тэмдгээ тайлж надад зүүж өгсөн юм. Улаан зуйван дугуй дээр цагаан өнгийн цаасан тогорууны дүрстэй. Миний нандигнан хадгалах билэгдэл. Хөөрхий хад шиг хөх өвгөний сэтгэлийг миний хэлсэн цөөн үг ингэж хөдөлгөх чинээ бодоогүй юм. Харин дэлхийг цөмийн зэвсэггүй бас цаазгүй болгох үйлсэд амьдралаа зориулахад Японд хийсэн энэ удаагийн айлчлал надад улам ташуур өглөө.
2025 оны 5 сар. Хирошима, Токио хот
Ц.Элбэгдорж /Baabar.mn/