x

Зургаан настын зовлон: Малчин-сурагч

Ойрмогхон, Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэд хэдэн цочмоор, цочмоор юм ярилаа л даа. Тэр, хувийн сургуульд очсон багш нарыг эргүүлж авчрах, Боловсролын зээлээ төлөөгүй этгээдийг хөдөө явуулах зэрэг санаа сэтгэл татам боловч ардчилсан Монгол улсын Боловсролын сайдын амнаас гэхээсээ, БНМАУ-ын Ардын Гэгээрлийн Яамны сайдын л ярьж болох, ярьж болох байтугаа хэрэгжүүлсэн ч чадах санаа юм. 

     Харин, дахин томилогдсон, хоёронтоо “нахисан”, “эргэн ирэлт” хийсэн (аль тохирохын доогуур зурах) сайдын үгэн дотроос нүүдэлч малчны хүүхдийн сургалтад хийх шинэчлэл анхаарал татаж байна. Анхаарал татахаар барахгүй, шийдэх хүнээ (шийдэх Энх-Амгалан сайдыгаа гэсэн ч болох) тулгамдсан асуудал юм.

     Засаг төрөөс малчдад тусгай зээл өгөөд л, нийгмийн даатгалыг нь төлөөд л, бүүр мал сүргийг нь “төрийн хамгаалалтад авсан” хууль гаргаад л, малын хулгайг бараг л хүний наймааны энд үзэн чанга шийтгээд байгаа боловч малчиндаа нэмэр болсон нь барагтайхан.

    -Бидэнд тусгайлан зээл өгөөч, даатгалыг нь минь төлөөд аль гэж гуйсан малчин байхгүй. Гагцхүү “Малчиндаа хайртай мэт харагдвал Монголдоо хайртай юм шиг үзэгдэнэ”, “Малчдын нэрээр хийсэн акцийг хэн ч зориглон эсэргүүцэхгүй” гэдэг логикоор хийсэн улстөрийн явуулга болоод дууссан. Үндэсний эдийн засгийн эсрэг үйлдлүүд, зарим тохиолдолд гадны оролцоо “үнэртүүлсэн” хорлон сүйтгэх ажиллагаа ч малчдаа, малын бэлчээрийг хамгаалах уриа лоозонгийн ард нуугдаж ирсэн нь нууц биш. Учир иймд, зорилго нь өөр учраас зорилтот бүлэгтээ хүрээгүй “нам засгийн хайр халамж”, “малчдаа энэрсэн явуулга”-ын хавтаст хэргүүд л зузаарснаас бус малчдад нялзсан нь бараг үгүй. 

    Юу юунаас илүүтэйгээр, нүүдэлчин малчдад тулгамдсан асуудал бол ноолуурын үнэ, даатгалын хураамж бус аа. Тэдний жинхэнэ асуудал гэр дотор нь байгаа. Шинэ үеийн хөдөөнийхэн, ялангуяа малчин харчууд эхнэр олж авах гэж нэг проблемтой байгааг бүгд ярьдаг. Яалтай ч билээ. Хотын охидыг богтлолтой ч биш. (Хуучин цагийн, шашин бурхнаа муулсан утга зохиолд Богд хаан зарлиг гарган эхнэр богтолж өгдгөөр гардагдаа. Одоо энэ Ерөнхийлөгчөө тийм зарлиг гаргаад аль гэвэл халгаахгүй байх л даа)

За яах вэ аз таараад эхнэр олоод авлаа гэхэд, хүүхэдтэй болох бол нэг их асуудал биш, байгалийн хуулиараа болоод явчихна. Харин дөнгөж зургаан настай хүүхдээ гэрээсээ холдуулж, сургуульд суулгана гэдэг бол тэрүүхэндээ л Ойрхи Дорнодыг тохинуулах, Ормузын хоолойг нээхээс дутахгүй явдал болдог аж.

    Наймтай хүүхдийг айлд суулгаад, дотуур байранд ах эгчийг нь дагуулаад оруулдаг үеийг бид туулаад гарсан. Хүмүүс даваад гарчихсан зовлонгоо амарханд тооцож, бусдыг түүгээрээ туучуулах эрмэлзэлтэй болчихдог учраас эргэн санахад байдаг л нэг амьдралын мөчлөг мэт бодогдох нь бий. 

    Үнэн хэрэгтээ “наймтын даваа” ч амар байгаагүй. Өгүүлэгч өөрөө гуравдугаар ангидаа айлд суух гээд баралгүй, эмээгээ нүүлгэн авчирч, төвлүүлсэн. Ер нь бол ингэж гэрээ санаж үйлээ үзэж байхаар сургуулиас гарах минь гэж ч бодогдож байсан даа, нуулгүй хэлэхэд. Өнөө ч миний сэтгэлийн гүнд, хураалттай түлээн дээр бор шувуу шиг зэрэглэн зогсоод, гэрийнх нь чигт байдаг даваа гүвээг хөхөртөл ширтэж өнждөг хүүхдүүдийн дүр тодхон байна. 

    Найман настад амаргүй байсан энэ даваа зургаан настад бүр хэцүү. Олон гэр бүл арга буюу хоёр тасарч, эхнэр нь сумын төв бараадаад, нөхөр нь малаа оторлон явдаг болсон гэдэг. Гэр бүл, ялангуяа залуу гэр бүл салангид амьдрах гоё зүйл огт биш. Хэдийгээр, өмч хөрөнгө, унаа тэрэгнээс эхлээд өнөөгийн малчид юмжин, бяр суугаад хуучин нэгдлийн хамжлага-малчидтай зүйрлэх аргагүй болсон ч гэсэн гэр бүлийн асуудал бол асуудал хэвээрээ л ажгуу. 

    Ийнхүү албан бусаар гэр бүл тусгаарлагдах нь залуу хүмүүсийн сэтгэл зүй, аж төрөлд хүндээр тусдаг аж. Үндэстэй, үндэсгүй хардалтаас эхлээд, залуу хүмүүсийн сэтгэлд сэв суух, гэр бүлийн амьдралд ан цав үүсэх энүүхэнд аж. Эцэг, эхийн сэтгэл зүйд гарсан уур амьсгал хүүхдүүд ч бас нөлөөлнө. Гэртээ жаргалгүй хүүхэд хичээл номоосоо уйдан залхах амархан. Яах вэ? 

    Хүн амын хориодхон хувийг эзэлдэг нүүдлийн малчдын онцлогийг харгалзаад улс нийтээрээ 12 жилийн боловсролын тогтолцоогоо өөрчлөх хохиролтой. Нийтийг хохироохгүй гэхээр цөөнхийн хохирлыг яах вэ?

   Эцсийн дүндээ малчид хүүхдээ гэр бүлдээ авч үлдэх, малчны амьдралаа залгамжлуулах замнал нь тэднийг сургуулиас завсардуулан, боловсролгүй үлдээх хувилбар болох магадлал их болжээ. Яван явсаар, үндэсний соёлыг тээгч гэгдэх тэр хэсэг нь нийтийн боловсролоос гээгдэгсэд, зөвхөн төрийн халамжаар л өдөр хоногоо өнгөрөөгсөд болон мөхөх вий гэдэг айдас ч бас байна. 

    Өнөөдөр төрийн бодлогын хэмжээнд ч, үндэсний ухамсрын түвшинд ч тэр Монгол үндэстний танигдахуйн үндэс нь малчин уламжлал, ёс заншил ба тэндээс урган гарсан нүүдэлчний соёл суртахуун гэж ойлгосоор байгаа. Гэтэл түүнийг амьдаар нь тээж байгаа малчдыг хамгийн боловсролгүй харанхуй ирээдүй хүлээж байгаа мэт.

    Монголд суурин, өндөр үр ашигтай, технологижсон мал аж ахуй хөгжих нь гарцаагүй. Гэхдээ, байгалиа шүтсэн, онгон зэрлэг бэлчээрээр тэтгэгдсэн нүүдлийн мал аж ахуй үнэ цэнээ хадгалан үлдэх учиртай гэж итгэдэг. Ингэж үлдээхийн тулд боловсролтой малчин хэрэгтэй. Харилцаа холбооноос эхлээд хот хөдөөд технологийн ялгаа багассаар, амьдралын чанар ч сайжирсаар байгаа нь зөвхөн боловсролоос гээгдсэн, орхигдсон хүмүүс л нүүдлийн мал аж ахуй эрхлэн үлдэх тухай хуучирсан ойлголтыг эвдсээр байна. Учир иймд нүүдлийн малчдын хүүхдийн боловсролын асуудал чухал болоод байгаа хэрэг. Яаж үүнийг шийдэх вэ?

    Малчдын зургаан настай балчир хүүхдийг гэр бүлээс нь салгалгүйгээр зайнаас сургах буюу Л.Энх-Амгалан сайдын “олон санаа”-н дундаас гялтайж байгаа тэр хувилбар л үүнийг шийднэ гэж бодож байна. Энэ нь шинэ ч юм биш. 

    Соёлын довтолгоо, бичиг үсэг үл мэдэхтэй тэмцэх цохицтой ажил, оройн сургууль, явуулын багш, зайны сургалт гээд манайд янз бүрийн цаг үеүдэд хэрэгжиж байсан төслийн нэгэн хувилбар. Тэдэнд байсан нийтлэг сул тал бол зөвхөн тайлан гаргахын тулд хийдэг, оромдолтоор баялаг байдал. Өмнөх үеийн танхимын бус боловсролын зорилго нь насанд хүрэгчдийн боловсролын хоцрогдлыг нөхөхөд чиглэж байсан бол өнөөгийн онцлог нь бага насны хүүхдийг хамрах болж байна. 

    Нүүдэлч малчдын хүүхдийн боловсролын асуудал шийдэгдвэл, маргаашийн малчдын боловсролын асуудал шийдэгдэнэ. Малчдын боловсролын асуудал шийдэгдвэл хээр талын жэндэрийн асуудал шийдэгдэнэ. Жэндэр шийдэгдвэл... гээд цаашаа үргэлжилнэ.

   Аз болоход, Ковидын жилүүдийг давсан туршлагаас үлдсэн онлайн сургалтын дадлага туршлага бидэнд байна. Дээр нь малчид ч онлайн сургалтад хэрэгтэй зүйлсээ авах чадамжтай болсон (Малчин айл ганц үхэр байтугаа дажгүй эр хонио зараад л Старлинкийн төхөөрөмж авчих байх шүү) 

   Харин сургалтаа оновчтой зохион байгуулах, сургалтын явцаа хянах нь сайдын хэрэг. Гагцхүү, сургалтын агуулгыг хэтэрхий хөнгөвчилж, хот суурины хүүхдүүдээс хоцроож болохгүй байх. Өөрөөр хэлбэл, малчин залуусын оройн сургуулийн оромдолт, илгээлтийн эздэд бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгох явуулын багшийн сургамжийг давтахгүй байгууштэй.

   Дунд сургуулийн сурлага муутнуудад “Илгээлтийн эзэн” цол олгоод, нэгдлийн малчдын халааг бэлдэж ирсэн түүхийг эрх чөлөөт шинэ нийгэмд давтаж болохгүй. Давтагдсаар ирсэн болоод л хөдөө тал боловсон хүчнээр “эзгүйрээд”, хөвгүүдэд эхнэр олдохгүй болчихоод байгаа юм шүү дээ, үнэндээ бол.

    Энэ асуудлаар Сайдад амжилт хүсье. Ганцхан ч болов асуудлаар Засагтай санал нийлснээ тэмдэглээд, тэр “хувийн сургуулийн багшийг буцаах”, “зээлээ төлөөгүй этгээдийг хөдөө хөөх” зэрэг сэдвээр бичих байсан фельетоноо хойшлуулъя. Айн ?

Б.Цэнддоо /2026.06.28/ baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Өчигдөр 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Өчигдөр 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Өчигдөр 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Өчигдөр 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Өчигдөр 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Өчигдөр 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Өчигдөр 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Өчигдөр 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Өчигдөр 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Өчигдөр 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Өчигдөр 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Өчигдөр 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top