x

Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож өнгөрлөө. Хоёр гурван өдөр л баахан баяр ёслолын шинжтэй арга хэмжээнүүд болов. Агуулгын хувьд онцгой шинэ зүйл юу ч байхгүй. Энэ “World Press Freedom Day” буюу Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг анх UNESCO санаачилж бий болгосон юм. Зорилго нь сэтгүүлчдийн ажиллах эрх чөлөөг хамгаалах. Харин манайд олон жилийн турш энэ өдрийг баяр ёслолын шинжтэй өнгөрүүлж ирсэн. Одоо ч салаагүй л байх шиг байна. 

Өннөөдөр дэлхийн олон улс оронд сэтгүүл зүй өөрөө улс төрийн дарамт, санхүүгийн дарамт хоёроос салаагүй байна. Гэхдээ манайхыг бодвол барууны орнуудын сэтгүүл зүйд бие даасан санхүүжилтын загварууд хөгжиж байна. Захиалга, хандив, сангууд гээд. Тэд завсар зайгүй гарц хайцгааж байна. Харин манайд бол шууд хэлэхэд хар захын арилжааны хэлбэрээсээ гарч чадаагүй хэвээр. Зарчим нь мөнгөө төлсөн нь хөгжмөө захиалдаг. Тэр хөжмийг яг өөрөө тоглож чаддаг нь ч ховор. Микрофон аманд нь тулгадгаа, хөөж элддэг эрээ цээргүй байдлаа, асуух биш загнаж, занаж зүхэн орилдогоо сэтгүүл зүй гээд хадуураад тууцгаана. Үзэгчдээс бид мэргэжлийн түвшний юм шаардах эрхгүй. Тэд өөрсдийн боловсролын цараагаар л хүлээж авцгаана. Ай, мөн чичрүүллээ шүү. Шударга сэтгүүлч юм аа гэх дүнг олон нийт тавьцгаана. Гол нь өөрсдөө үүнд итгэчихээд улам хурцаар галзуурч, харсан болгон руугаа цамнаж, өөртөө таалагддаггүй болгоныг хов жив, цуу яриагаар дүгнэн нүдэж, бүлэглэн залхаах ажлаа эрэлхэгээр хийнэ. Ийм л галзуу сэтгүүл зүй даялж явна даа. 

Одоо гол зүйл рүүгээ оръё. 

Манай сэтгүүл зүйн хамгийн гол тээг нь эдийн засгийн эрх чөлөө байхгүйд байгаа юм. Учир нь сэтгүүл зүйн хамгийн чухал том эрх чөлөө  бол эдийн засгийн эрх чөлөө. Эдийн засаг байхгүй бол ямар ч эрх чөлөө сэтгүүл зүйд байхгүй гэсэн үг юм. Яагаад гэвэл мөнгөгүй ядуу хоосон хэн ч мөнгө өгсөн хүнийг л дагадаг. Юу ч гэж гоёор уянгалаад борог амьдрал ийм л байгаа. Мөнгөгүй шударга ёс ч байдаггүй. Тэгж яривал бүх хувьсгал, бүх өөрчлөлт мөнгөн дээр л босдог шүү дээ. Үүнтэй адил сэтгүүл зүйн шударга байх эсэх бас л мөнгөн дээр тогтсон хэвээр байгаа. Бид үнэнээ ярихаас айгаад яах юм. 

Өнөөдөр монголын ардчиллыг “гажуудсан ардчилал” гэж дүгнэцгээж байгаа. Эдийн засгийн эрх чөлөөг нь өгөөгүй юм чинь гажуудахаас ч яах билээ. Үүнийг дагаад сэтгүүл зүй нь ч гажуудсан. Эдийн засгийн эрх чөлөө байхгүйучраас тэр. Ямар ч бүтээл, сайн контент, чанартай сонин, сэтгүүл, хогийн хямдхан халтуурын эвлүүлэг гээд юу ч хийсэн энэ салбарт мөнгөөр үнэлэгддэггүй. 

Сэтгүүл зүй төрөөс салж, зах зээлд шилжээд гучин хэдэн жил болж байна. Төрийн төв хэвлэлд ажиллаж үзсэн хамгийн сүүлчийн сэтгүүлчид бид байх. Чилийсэн урт замыг бид туулав. Одоо миний үеийнхэн тэтгэвэртээ гарцгааж байна. Анх 23 настай дадлагын оюутан ирээд л зуун айлын энэ шороотой хашаанд 21 жил болсон байдаг. Эндээс гарч алхаад арван жил өнхөрч яваад, эргээд төрөлх сониндоо бичээд сууж байна. Он жилүүд орооцолдон урссан ч зах зээлийн сэтгүүл зүй хөлөө олж чадаагүй л явна. Яваандаа хөл дээрээ босох байх гэсэн горьдлого байлгүй яахав. Эцсээ хүртэл л горьдоно. Горьдон хүлээх минь харин дэндүү эрх чөлөөтэй юм даа. Одоо учир шалтгааныхаа нэг хэсгийг ярьцгаая. 

Монголын хэвлэл жинхэнэ эрх чөлөөгөө олж авч чадаагүйн нэг том шалтгаан бол Төр засгаас хэвлэл мэдээллийг хавчиж хяхсан хууль журам энэ 30 жилд дэндүү их гаргасантай холбоотой. Өчигдөр эрх баригчид мэндчилгээ илгээгээд л, хэвлэлд чухам л элэгтэй явдагаа илэрхийлцгээж харагдана билээ. Хэвлэл мэдээллийн салбарыг хамгийн их дөнгөлсөн, хамгийн их хорлосон нөхдүүд л энэ өдөр хамгийн нялуун аашилцгаадаг. Энэ үнэхээр шорвог тоглоом аж. Бид дарга нарыг явдаг гэж боддог. Дарга нар ерөөсөө явдаггүй юм байна. 30 гаруй жил харлаа, үзлээ. Гучин жилийн өмнө л “...танай сонин яах гээд байгаа юм бэ” гээд хариулцуурын цаанаас орилдог байсан дарга нар одоо ч хэвээрээ. Өнөөдөр ч залгаад “...танай сонин...танай сонин, та нар яах гээд байнаа” гээд хашгирч л байна билээ.

Энэ дөнгийг сэтгүүл зүйд манай улсын зовлон жаргалыг зуун жил зуурсан МАН зүүж өгсөн юм. МАН эхлээд манай сэтгүүлчдийг намдаа элсүүлж эхэлсэн. МАН эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг өөртөө хувьчилж авч эхэлсэн. Намын бага хуралдаа хэдээр нь авч суулгаад л, тэднийхээ амьдралыг тэтгээд эхэлсэн. Юу үнэн, энэ үнэн. Одоо энэ нам сошил захыг атгаж байна. Бүх мөнгөө тэд өнөөдөр сошил руу цутгадаг болсон. Сайдууд бүгд хувийн зураглаач, монтажчидтай. Өндөр үнэтэй камер мөрлөсөн залуус хаа яваа газар нь дагалддаг. Сүр бараа гэж том оо...

Хэвлэл мэдээллийн салбарын жамаараа явах ёстой өрсөлдөөнийг боомилдог, төрийн хэвлэл мэдээллийг хөгжүүлдэг, тэтгэдэг, хэвлэл мэдээллийн эсрэг хууль журам гаргадаг, дэргэдээ асар олон хэвлэл мэдээллийн албадыг ажиллуулдаг Төрийн механизмыг эд ингэж бий болгосон юм. Өнөөдөр Төрийн нэгж бүр өөрийн веб сайтыг төсвийн мөнгөөр хөгжүүлдэг. Бидний хэзээ ч авч чадаагүй өндөр үнэтэй техник хэрэгслээр тэд эднийгээ хангадаг. Энэ бол шууд утгаараа Төр хувийн хэвлэлтэй өрсөлдөж байгаа хэлбэр . Татвар төлөгчдийн мөнгийг хуу хурааж аваад, тэр мөнгөөрөө хувийн хэвлэлтэй өрсөлдөнө гэхээр яаж энэ салбарт жам ёсны хөгжил байх юм бэ. 

Одоо манай бараг бүх байгууллага, компаниуд гадаадын хөрөнгө оруулалттай платформуудтай л өндөр төлбөртэй хамтын ажиллагаа явуулж байна. Монголын хэвлэл мэдээлэлтэй биш гэсэн үг. Бяцхан хошигноход дэлхийн тэрбумтан Элон Маск, Цукерберг хоёр л манай бүх рекламыг хамаж байна гэхэд хилсдэхгүй. Монголын бүх юм юм цахим платформоор явж байгаа биз дээ. Бид ердөө ийм л хэвлэл мэдээлэлтэй болсон. Үндэсний хэвлэл мэдээлэл гэхээр юм бараг үлдээгүй гэхэд болно. Тэгэхлээр хэвлэлийн эрх чөлөө гэж байх юм уу. Хэрэглэгчид биднээс цаг үеэ дагаад өндөр түвшин шаарддаг болсон. Гэвч бид хүлээтэй хэвээр. Хөдөлж чаддаггүй янзаараа. 

Монголын хэвлэл мэдээлэлд орлого гэж байхгүй. Одоо Meta, Google зэрэг платформууд л бүх мөнгийг сорж байна. Эдгээр үгсээрээ би бүх зүйл зөвхөн мөнгөн дээр тогтдог гэж хэлж үндсэн асуудлуудаа бүдгэрүүлж байгаа юм шиг харагдаж байж болно. Тийм ээ, сэтгүүл зүйн эрх чөлөө ганцхан тулгууртай эд биш. Энэ үнэн. Эдийн засаг, хууль эрх зүй, мэргэжлийн ёс зүй гээд үндсэн тулгууруудыг нэг бүрчлэн авч үзвэл өнөөдрийн цаг хүрэлцэхгүй нь. Гэхдээ эдгээрийн аль нэг нь дорой бол нийт систем өөрөө иж бүрэн үйл ажиллагааны тухай ярих боломжгүй юм. Тийм учраас л эдийн засгийн эрх чөлөөний асуудлаа тэргүүнд гаргаж хөндлөө. 

Нөгөө талаас манайхан нийгмээрээ эдийн засгийн чадамжгүй амьдарч байгаа болохоор бүх юмыг зоосны нүхээр харцгаадаг. Муусайн сэтгүүлчид худалдагдлаа гээд л дайрцгаадаг. Урьж ярилцсан зочныг нь үзэн ядахдаа ярилцсан, хөтөлсөн сэтгүүлчдийг нь гүтгэлэг доромжлолоор цовдлон ялладаг. Энэ яллагаа нь манай нийгмийн үндсэн соёл болтол нутагшлаа. Бүгдийг харддаг, бүхнийг хараадаг. Яг үнэндээ энэ салбарын аж амьдрал ямар байдгийг хэн нь ч мэдэхгүй. Бид бичиж байгаа хэрэг, хөөж байгаа асуудлаараа цагдаа шүүхэд дуудагдахад нотолж чадахын тулд, шорон гянданд орохгүйн тулд тэднээс дутуугүй шалгаж нягтлах, судлах нүсэр ажлыг хийдэг. Тэр болгоноо ил зарладаггүй болохоор хэрэглэгчдийн зарим хэсэг сэтгүүлчид зөвхөн Доржоос авсан мэдээллээрээ Батыг шүүмжилж байна гэж харах гээд байдаг. Ер нь тэгж ч хардаг. Тэгсэн ч бид дуугүй л хараалгуулж явдаг. 

Монголын сэтгүүл зүйн зах зээлийн орчин нь асар сул. Ердөө 3.5 сая хүнтэй жижиг зах зээл. Тийм болохоор контентын үнэлгээ бага. Бараг байхгүй гэж болно. Ийм нөхцөлд зар сурталчилгаа нь бүхлээрээ платформууд руу урсдаг болчихсон үед ямар юмных нь шударга ёс, хэвлэлийн эрх чөлөө байх юм бэ. Бүх редакцууд амьд үлдэхийн төлөө л зүтгэж байна шүү дээ. 

Тийм ээ, бид хагас хугас, эмзэг, эрэмдэг орчинд ажилладаг. 

Тийм болохоор л өнөөдөр нэг ч мэргэжлийн байгууллагад ажиллахгүйгээр, нэг ч нийтлэл бичиж, ярицлага сурвалажлага хийхгүйгээр зөвхөн элий галзуу шүлстэй пост үйлдвэрлэдэг инфлүнсэр монголд хамгийн өндөр орлоготой амьдарч байна. Харин редакцид хөлөө эргэтэл гүйж байгаа залуучууд ипотекийн зээлнийхээ дор л чадан ядан амьдарцгааж байгаа. 

Дээрээс нь манай Төр өөрөө “контент үйлдвэрлэгч” болсон. Одоо 40-50 ажилтантай редакци амьдрах гэж хэрхэн яаж тэмцэж, тэлчилж байгаа дүр зураг уншигч тандойлгогдож байгаа биз ээ. Ийм нөхцөлд л өнөөдөр бид гажуудсан, бүрэн бэхжээгүй эрх чөлөөний өдрөө өнгөрөөцгөөж байна. 

Өнөөдөр сэтгүүл зүйн эрх чөлөө зөвхөн улс төрийн дарамтаар хэмжигдэхээ больж, орших эс орших нь эдийн засгийн тогтвортой байдлаар шийдэгдэх болсон гэдгийг бид хаа хаанаа ойлгож мэдрэх хэрэгтэй байна. Зүгээр нэг зүү шидэх, ташраар нь буллидаж хашраах, шоронд хийх, ялын хонгилоор чирэх амархан. Учир шалтгааныг ухах, ойлгох чухал. 

Хааяа хорссон улстөрчид, нэг нэгэндээ атаархсан сэтгүүлчид нийлээд бусдынхаа байгууллагуудтай хийсэн хамтран ажиллах гэрээг гаргаж тавин цахим нохдод шидэж өгч харагддаг. Нөгөөхийг нь олон нийт автоматаар л “хаалтын гэрээ” гэж дүгнэж байх жишээтэй. Хамтран ажиллах гэрээ гэдэг дээр нэг юм нэмэж хэлэхэд тэр сурталчилгааны гэрээ ч бүгдэд нь олддоггүй. Намын сайтуудад, намын сэтгүүлчдэдээ л өгнө. Завсраар нь редакцаа авч явах гэж ядаж байгаа эрхлэгч нар гүйж ганц нэгийг олж авна. Тэр нь бөөн дарамт болно. Энэ өнөөгийн амьдралынх нь бодит дүр төрх. 

Бүх ажил мэргэжил хэцүү байж таарна. Биднийх тэднээс дутахгүй хүнд шүү. Бид хаашаа ч холбирон уначихаж мэдэх хутганы ирэн дээгүүр л явж байдаг. 

Дэлхийн нөхцөл байдлын талаар хэдхэн тоон үзүүлэлтүүдиш татаж үзүүлье. Эдгээр баримтууд уншигч танд нэгийг бодогдуулах биз. Өнгөрсөн 2025 онд дэлхийн хэмжээнд 129 сэтгүүлч амиа алдсан. Үүнийг бараг түүхэн дээдүзүүлэлт гэж үзэж байгаа. 

2026 оны өнөөдрийн байдлаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллээр дэлхий даяар 330 сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаатайгаа холбоотойгоор шоронд хоригдож байна.Нийт хоригдож буй сэтгүүлчдийн 61% нь "төрийн эсрэг" гэмт хэрэг, тэр дундаа терроризмтой тэмцэх болон үндэсний аюулгүй байдалд халдсан гэх үндэслэлээр яллагдсан. Сэтгүүлчдийг хамгийн олноор хорьж буй улсуудыг Хятад улс тэргүүлж байгаа. Хятадад 50 сэтгүүлч,Мьянмарт 30 сэтгүүлч, Израильд 29 сэтгүүлч, Орост 48сэтгүүлч гээд энэ жагсаалт үргэлжилнэ. 

Гунигтай нь өнөөдөр Монголд ч сэтгүүлч хоригдож, хонгилоор чирэгдсээр байхад хэвлэлийн эрх чөлөөний өдрөөрөө бид зарим хэсэг нь цахим орчинд өөрсөддөө огт хэрэггүй зүйлээр бие биенээ зулгаан, зарим хэсэг нь намынхантай хуралдаж хуйдан, зарим нь баярлалдан өнгөрүүлж байна. 

Энэ бол бидний эдлэх ёстой эрх чөлөө биш юм аа. “Эрх чөлөөгүй хэвлэлийг л хамгийн муу хэвлэл гэдэг ” гэж үг бий. Бидэнд харин энэ “баян бүрд” маань байхгүй байна. 

Б.Ганчимэг, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Jerome Herman (104.166.189.247)
    HOW TO RECOVER FUNDS LOST IN FOREX TRADING, CRYPTO INVESTMENT OR CRYPTO TRADING If you have fallen victim to a Bitcoin or crypto investment scam and have lost funds, it can be a devastating experience. However, there are steps you can take to try and recover your lost funds. One option is to contact GEO COORDINATES RECOVERY HACKER, a company that specializes in recovering funds lost to scams. Their services proved invaluable in my case, and their success in recovering my funds has been a tremendous relief. They have the skills and knowledge required to tackle such complex issues and provide effective solutions. I hope my story helps others who might be struggling with similar issues and encourages them to take action to recover their losses. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER via contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp: +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 05 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна саяхан ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 3 цаг 48 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 3 цаг 49 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 3 цаг 50 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 3 цаг 50 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 3 цаг 50 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 3 цаг 51 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 3 цаг 52 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 5 цаг 46 мин Аюулгүй байдал эхний дүрэм 6 цаг 34 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 7 цаг 25 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 7 цаг 28 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 7 цаг 29 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 7 цаг 29 мин Монгол, АНУ-ын Хуурай замын цэргийн командлалын зөвлөлдөх уулзалт Улаанбаатарт эхэллээ 7 цаг 31 мин Тавдугаар сард 15 мянга гаруй гадаадын иргэнд виз олгожээ 7 цаг 32 мин Дотоодын цэргийн хугацаат алба хаагчид тангараг өргөлөө 7 цаг 32 мин Отгонтэнгэр хайрхны төрийн тахилга болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо 9 цаг 3 мин МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... 9 цаг 3 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 9 цаг 4 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Ж.Баярмаа: Татвар бууруулна, эдийн засгаа сэргээнэ гэвэл ХХО...
Top