x

Ардчилал бидэнд юу өгсөн бэ?

Хичээлийн шинэ жил эхэлсний дараа, ердөө арав гаруйхан хоногийн өмнө Нийслэлийн 133-р сургуулийн багш нар хэвлэлийн бага хурал зарлаж, тус сургуулийн 1800 хүүхэд  дөрвөн ээлжээр, өдөрт хоёр цагаар хичээллэж байгаа тухай мэдээлсэн.

Тус сургууль өөрийн байргүйн улмаас 1-12 дугаар ангийн 43 бүлэг “Монгол Тэмүүлэл” сургуулийн 13 анги танхимд дөрвөн ээлжээр хичээллэдэг. 6-7 цагийн (ахлах, дунд анги) хичээлийг хоёрхон цагт шахаж ордог гэсэн үг. 133-р сургуулийн 1800 хүүхэд сургуулийн 1-2 дугаар давхарт, харин “Монгол Тэмүүлэл”-ийн 200 гаруй хүүхэд 3-4 дүгээр давхарт (анги танхимын тоо бол мэдээж ижил) хичээллэж байна. Үүнийг л бид “боловсролын ялгаварлал” гээд байгаа юм. Яагаад ингэж ялгаварлагдах болов?

133-р сургууль ч, “Монгол Тэмүүлэл” сургууль ч яг адилхан улсын сургууль. Бүх зардлыг нь улсын төсвөөс санхүүжүүлдэг. Хувийн, хувьсгалын гэсэн ялгаа байхгүй. Сурагчдаасаа төлбөр авдаггүй.

Ялгаатай нь “Монгол Тэмүүлэл” сургууль Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэдэг. Ё.Отгонбаяр Боловсролын сайд байхдаа 2012 оны сонгуулийн өмнө гурван сургууль дээр Кембрижийн хөтөлбөрийг туршиж эхэлсний нэг нь. Одоо найм дахь жилдээ явж байна. Ердийн сургуулийн нэг хүүхдийн хувьсах зардал (хүүхэд нэг бүрт жилд зарцуулж байгаа төсөв) 400 мянган төгрөг байхад Кембрижийн хөтөлбөртэй гурван сургуулийн хувьсах зардал тэднээс 10-20 дахин их, багш нарынх нь цалин өндөр. Орчлон сургуулийнх гэхэд 10-20 сая төгрөгөөр /нэг хүүхдийн хувьсах зардал/ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг гэсэн байх. Тэнд мэдээж нийгмийн “элит анги” буюу чинээлэг хэсгийн хүүхдүүд суралцдаг.

Дашрамд сануулахад 133-р сургуулийн багш нар хэвлэлийн бага  хурал зарлаж, Боловсролын сайдаас хариулт нэхсэнээс хойш даруй арав гаруй хоног өнгөрчихлөө. Сайд ямар нэг хэлбэрээр хариу өгсөн тухай мэдээлсэнгүй.

Уг нь бол сургуулийн багш нар Ё.Баатарбилэг сайдаас “Сарын дотор сургууль бариад өг”, эсвэл “Багшийн цалинг нэмээтэх” гэж шаардаагүй. Сайд ч шидтэн биш учраас тэгэх боломжгүй нь тодорхой. Тэд зүгээр л “Манай сургуулийн хүүхдүүдийн хичээллэдэг анги танхимыг нэмээд өгөөч ээ. Энэ байдлаар бол хүүхдүүдэд сурах боломж алга аа. Адилхан төсвөөс санхүүждэг улсын сургуулиуд ийм ялгаварлал гаргаж болохгүй ээ” л гэсэн юм.

Хүний эрхийн үндэсний комиссийнхон хүртэл байр байдалтай нь танилцаад “Хоёр адилхан сургуулийн хүүхдүүдэд ийм ялгаварлал гаргаж, тэгш бус хандаж байгаа зохисгүй байдлыг залруулах, цаашлаад сургуулийн барилгын асуудлыг яаралтай шийдвэрлэх үүргийг БСШУС-ын сайдад өгсөн байдаг. ХЭҮК гэдэг чинь УИХ-аас томилогддог, хүний эрхийн хяналтыг улсын хэмжээнд тавьдаг цорын ганц байгууллага. Ё.Баатарбилэг сайдын дэргэд “хөх тэнгэр” байхгүй юу, базарваань. Харин сайд гуай чацав ч гэсэнгүй ээ.

Саяхан АН-аас зохион байгуулсан “Хүний эрх ба улс төрийн намын үзэл баримтлал” сургалт дээр “Чинээлэг айлын хүүхдүүд өндөр төлбөртэй сургуульд сурч, сайн боловсрол олж аваад нийгмийн бүх баялгийг булаах түвшинд хөгжиж байна. Нийтийн боловсрол шалан дээр уначихлаа” гэж яригдаад өнгөрнө лээ. Нэгхэн жишээ нь “Монгол Тэмүүлэл” сургууль дээр өнөөдөр бий болоод байгаа нөхцөл байдаг. Сургалтын хөтөлбөр, багшийн ур чадварын тухай бүр ярихаа больё. Зүгээр л нэг ангийн 60 хүүхдэд хичээл заах, арван хүүхэдтэй хичээллэх, нэг хэсэг нь өдөрт зургаан цагаар, нөгөө нь хоёрхон цагаар хичээллэх хоёрт үр дүнгийн ялгаа бий юу?

“Монголын боловсролын системийн хоёр туйлыг эндээс нь хар аа” гэсэн шиг үүдэн хоймрын зайд хүүхдүүд ялгаварлагдаж байна. Амьдрах гэж байгаа нийгмийнх нь анги, давхаргын ялгаа, заагийг хүүхдүүдэд тийм багаас нь, ийм ил тодоор харуулна гэдэг ядаж л боловсролын салбарт байж болох үзэгдэл үү? Эсвэл энэ ч гэсэн нэг төрлийн “сургалтын хөтөлбөр” юм уу?

Энэ тухай хөндөхөөр зарим нь “Хаана байна, тэр ардчилал чинь. Социализмын үед илүү сайхан байсан. Хэн ч хэнээсээ илүү, дутуугүй, бүгд ижил тэгш байсан. Ардчиллын жилүүдэд л ийм боллоо” гэх байх. Ялангуяа 70-аад оноос өмнөх үеийнхэн.

Яг үнэндээ ардчилал өөрөө эд хөрөнгө, баялгийг бий болгодоггүй, хуваарилдаггүй. Баялгийг бий болгодог, хүмүүст хуваарилдаг тогтолцоо нь чөлөөт зах зээл. Хүн бүр өөр өөрийн чадвар чадавхи, өөрт байгаа нөөц боломжийн хэрээр баялаг бүтээж, зах зээлээс хувь хүртдэг. Харин тэр чадвар, чадавхийг бий болгодог зүйл нь боловсрол буюу боловсролын тогтолцоо.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн сурч боловсрох, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гээд заачихсан. Мөн Монгол Улсын иргэн хэн ч бай яс үндэс, шашин шүтлэг, нийгмийн гарал, үзэл бодлоосоо болж ялгаварлаж гадуурхагдахгүй гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээ ялгаварлалгүй, тэгш байх ёстой гэсэн үг. Боловсрол ч гэсэн төрийн үйлчилгээ. Төрөөс санхүүжиж байгаа л бол тэнд ямар нэг ялгаварлал байх ёсгүй. Иргэн Дондог хувийн сургууль нээгээд, Дорж нь Дондогт мөнгөө төлөөд сурч байгаа бол өөр хэрэг. Энэ бол зах зээл.

Харин ардчилал бол олонхи нь цөөнхөө хүндэлж, цөөнх нь олонхио дагадаг, харилцан ярилцдаг, ярилцаад гаргасан шийдвэрээ хэн хэн нь дагадаг тийм л тогтолцоо. Социализмын үеийнх шиг төр буюу цөөнх бүхнийг шийддэг, иргэд буюу олонхи нь тэр шийдвэрийг нь үг дуугүй хүлээн зөвшөөрдөг, хүлээн зөвшөөрөхгүй бол бурууддаг биш, иргэд өөрсдөө төрөө сонгож байгуулдаг, төлөөллөөрөө дамжуулж эрх мэдлээ хэрэгжүүлдэг тогтолцоо. Ардчилал бидэнд сонгох эрх өгсөн, харин сонголтыг бид хийдэг.

Тухайлбал, МАН Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалтыг хэлэлцүүлгийн дундуур хулгайгаар шургуулсан. “Дийлэнх гэдэг нь 66-аас дээш хувийг хэлнэ. МАН стратегийн ордын 66 (+) хувийг төрд авах юм байна” гэдэг тайллыг манай нэг улстөрч хийсэн байна лээ. Ер нь бол төр бүгдийг өөртөө авна, төр хуваарилалтыг хийнэ ээ л гэсэн үг. Мэдээж нөгөө ЖДҮ-чин, 60 тэрбумчингууд юунд хоцрох гэж. 

Сая УИХ-ын намрын чуулганы нээлттэй зэрэгцүүлээд “Итгэлийн зээл” нэртэй бас нэг хуулийн төслийг УИХ дахь МАН-ын гишүүд өргөн барилаа. Хуулийн төслийн танилцуулгад “Итгэлийн зээлийн дээд хязгаар 20.0 сая төгрөг тул нийт зээлдэгчийн 90 хувь буюу давхардсан тоогоор 3.0 сая иргэн, хуулийн этгээдэд урт хугацаатай, бага хүүтэй, барьцаагүй зээл авах боломж бүрдэнэ” гэсэн байна. Монгол Улсын 3 сая иргэнд нэг удаа 20 сая хүртэлх төгрөгийн хүүгүй (бага хүүтэй) зээл өгөх нь л дээ. Дундачлаад 50 хувиар нь (10 сая төгрөг) бодоход 30 их наяд төгрөг гарч байна.

Монгол Улсын төсвийн орлогыг (Засгийн газар 2020 оны төсвийн орлогыг 11,8 их наядаар төлөвлөсөн) гурван жилийн турш цуглуулж байж, эсвэл хоёр жил бид юу ч идэхгүй, өмсөхгүй (төсвийн зарлагыг 13,9 их наядаар тооцсон) байж энэ мөнгийг хураах нь ээ. Яах вэ, цагаа тулахаар “Нэг дор бүгдийг нь өгөх гээгүй шүү дээ”, эсвэл “Нэг сая төгрөгийн зээл авах хэрэгцээтэй хүн байж ч болно шүү дээ” гэх мэтээр бултах л байх л даа. Гэхдээ төсөв хөрөнгөтэй холбоотой ийм том амлалт авч байгаа нам ямар ч тооцоололгүйгээр ярьж болохгүй. Хууль, шийдвэр гаргах бүрт эдийн засгийн тооцоо судалгаа нь хамт явж байх ёстой. Ямар зургаан сарын дотор ашгаа хийгээд гараад явчихдаг сүлжээний залилан биш.

Энэ ч гэсэн бидэнтэй тулгарч байгаа бас нэг сонголт. Та 20 саяыг сонгох уу, сонгосныхоо дараа юутай нүүр тулах вэ?

Бид аливаа зүйлийг ерөнхийгөөс тусгай руу хүлээж авдаг, тусгайгаас ерөнхий рүү барагтай боддоггүй. Засгийн газрын гадаад өр тэдэн их наяд төгрөг болжээ... гэнгүүт нэг их анзаарахгүй. “Өрийг Монгол Улсын 3 сая иргэнд хуваавал нэг хүнд 6000.000 төгрөг..." гэнгүүт сая сэхээ орно. Түүн шиг “Танд Засгийн газар 20 сая төгрөг хүүгүй зээлнэ гэнээ” гэвэл хошуураад гүйнэ. Тэр чинь Монгол Улсын гурван жилийн төсөвтэй тэнцэх мөнгө шүү дээ... гэхэд нэг их санаа зовохгүй.

Эргээд нөгөө боловсролынхоо асуудал руу орьё. Яагаад үргэлж сайн боловсролын тухай яриад байна вэ? гэхээр боловсрол бидэнд сонголт хийх боломжийг олгодог. Боловсролтой хүн дээрх тохиолдолд аль нь зөв бэ гэдгийг үргэлж мэддэг. Харин тэр боломж бидний, бидний үр хүүхдийн олонхид нь байхгүй байна аа л гэсэн хэрэг. Цөөнх болсон чинээлэг давхаргынхны хүүхдүүд л сонголт хийх боломжтой, нийгмийн бүх баялгийг булааж авах хэмжээнд хөгжиж байна гэсэн үг.

Олонхи нь 20 сая төгрөгийн хүүгүй зээл нэг удаа аваад эргээд сонгосон төрөө зүхэх тэр сонголтыг хийдэг. Хэн илүү их боломж амална, түүнд ямар ч эргэлзээ, шүүмжлэлгүйгээр итгэдэг. Энэ нь манай попуудад юу ч хамаагүй амлаад, ямар ч хяналтгүйгээр эрх мэдэл, дур зоргоо хэрэгжүүлэх боломжийг олгодог. Боловсролгүй, харанхуй масс тэдний хамгийн үржил шимтэй хөрс болж, боловсролтой хэсэг нь дайсан болдог. Яагаад гэвэл боловсролтой хүнд сонголт үргэлж байдаг.

Тэгэхээр ардчилал гэдэг бүх зүйл биш байх нь. Ардчилал зүгээр л явах ёстой зам болохоос хүрэх ёстой газар биш. Юунд хүрэх вэ? гэдэг нь харин бидний хийх ёстой сонголт юм. Ядаж л "баялгийнхаа үр шим"-ийг бүгдээрээ хуваагаад хүртчих үү, боловсрол, эрүүл мэнддээ хөрөнгө оруулах уу? гэдэг ч бас бидний өөрсдийн сонголт.  

Үргэлжлэл бий

Б.СЭМҮҮН  

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 9 цаг 49 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top