Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар албан тушаалаасаа огцрохдоо МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын өөдөөс “Барахгүй шүү, бацаан аа” хэмээн агсарч байсан нь оргүй ч юм биш байж. Товчхондоо Н.Учрал гэдэг хүн МАН-ын дарга, Ерөнхий сайдад хэтэрхий жулдаж байна. Нөгөө “раам дутлаа” гэдэг билүү, "раанк" нь дутлаа гэх үү. Хичнээн зөв бодол, бодлоготой байгаад, эсвэл улс төрийн хэтийдсэн туршлагатай /УИХ-д гурвантаа сонгогдож, Засгийн газрын гишүүн, УИХ-ын даргаар ажиллаж байсан/ байгаад ч нөлөө багатай юм байна. Үүнийг ирэх даваа гаригт Нийслэлийн МАН-ын хороо, НИТХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа нийслэлийн Засаг даргын томилгоо, нэр дэвшигчийн асуудал бэлхнээ харуулав.
Мэдээж Н.Учрал Монгол Улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд биш. Өмнө нь Ц.Элбэгдорж 35-тайдаа, Р.Амаржаргал 38-тай Ерөнхий сайдаар томилогдож байсан. Н.Учрал 38-тай МАН-ын дарга, 39-тэйдээ Ерөнхий сайд болсон. Тийм болохоор хувь талаасаа, эсвэл нам талаасаа асуудал нь байх шиг. Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал хоёр бол хувьд намтайгаа, ардчилалтай хамт босч өндийсөн лидерүүд. Харин Н.Учралыг нам нь, ах нар нь бүтээсэн. Үүнд л ялгаа байх шиг байна.
Өөрөө шинэ, залуу Ерөнхий сайд, намын даргын хувьд түүний хотын даргад нэр дэвшүүлэх ёстой хүн нь өөрөөс нь илүү туршлагатай хүн байх ёстой. Тэгж байж нийт хүн амын талаас илүүг нуруун дээрээ үүрч яваа их хотын асуудал, иргэдийн амьдрах орчинд сэтгэл чилээхгүйгээр намынхаа, засгийнхаа ажлыг хийх боломжтой болно. Э.Бат-Үүл зөв хэлсэн байна, нийслэлийн бүх асуудлыг нийслэлчүүд Н.Учралаас нэхэх ёстой шүү гэж. Яагаад гэвэл энэ бол шууд утгаараа Н.Учралын хийх ёстой томилгоо. Яагаад гэвэл сонгуулиар гарч ирсэн хотын дарга нь огцрох болзлоо өөрөө хангачихсан учраас.
Гэвч харамсалтай нь одоо хийж байгаа, хийгдэх гэж байгаа томилгоо Н.Учралынх гэж огт харагдахгүй байна. Удирдах зөвлөл нэртэй хэдэн хүний ттулгалт гэж харагдаж байна. Удирдах зөвлөл дотор байдаг Ерөнхийлөгчийн хаягтай хүмүүсийг тоолж байна. Хамгийн гол нь Н.Учралыг өөрийг нь намын дарга, Ерөнхий сайд болгосон хүний асуудал зэрэгцээд босоод ирж байна.
Цаашлаад нийслэлийн МАН-ын даргын асуудал ч бас зэрэгцээд яригдаад эхэллээ. Н.Учрал хотын даргыг томилоод байна уу, нийслэлийн намаа авах гээд байна уу? Эсвэл хэн нэгэнд авч өгөх гээд байна уу? Ерөөсөө нийслэлийн иргэдийн асуудал нэг намын асуудал болчихсон юм уу? Гэх мэтчилэн маш олон эргэлзээ дагуулсан томилгоо яригдаж байна.
Ядаж байхад нэр дэвшигч 1990 оны залуу. 2008 онд 18 настай МАН-д элссэнээс хойш зөвхөн намд албан тушаал хашаад явчихсан. 2010-2011 оноос хойш МАН-ын Бүсийн зохицуулагч, Орон нутгийн хөгжлийн хэлтсийн дарга, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны ерөнхийлөгч гээд. Эдүгээгийн Ерөнхийлөгчийг МАН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга байхад, зөвлөх туслахаар нь ажиллаж байсан, УИХ-ын Тамгын газарт ганцхан жил реферэнтээр ажилласныг эс тооцвол төрийн албаны ч, аж ахуйн ажлын ч туршлага байхгүй. Ёстой нөгөө сэтгүүлч дүүгийн хэлснээр “цэвэр цусны намчин” гэдэг ангилалд багтана.
2020 оноос НИТХ-д сонгогдсоныхоо дараа гаргаж өгсөн ХОМ-д нь Хүрэлсүхийн Номундартай хамтарч “Пи Ди Эн Өү” ХХК-ийг 2014 онд байгуулсан. Мөн ондоо “Баярлалаа залуусаа” НҮТББ-ийг бүртгүүлсэн, Тусгаар тогтнолын ордны 801 тоотод хаягтай, үйл ажиллагааны чиглэл нь залуусын сонирхдог дуу хөгжим, бүжгийн тэмцээн уралдаан, кино урлаг, уран зураг, дизайнер, компьютер график, сагсан бөмбөгийн олон талт арга хэмжээ зохион байгуулах… гэсэн байна.
Сая хотын даргад нэр дэвшихээр болсных нь дараа гаргасан “К тав” спорт барааны дэлгүүрийн хувьцааг эзэмшдэг гэсэн, хөрөнгө, орлого нь харьцангуй зузаарсан байна лээ. Ийм л намтартай хүн ирэх хоёр жил нийслэл хотыг удирдахаар яригдаж байна. Зарим нэг сайт дээр "Б.Пүрэвдагва бол дундын хувилбар юм" гэсэн утгатай мэдээлэл явж байх шиг байна лээ. Хотын дарга байх ёстой хүний шалгуурыг 1-10 хүртэл оноогоор үнэлээд үзвэл Б.Пүрэвдагва яавч 5 оноонд хүрэхгүй. Тэгэхээр нам доторх зодооноо л ярьж байх шиг байна. Ерөөсөө Н.Учралд биш, намд нь асуудал байна уу? Эрх барьж байгаа намд нийслэлчүүд сонгогчийн тоо, толгой, саналын хуудас дээрх хар цэгнээс өөрөөр харагдахгүй байна уу?
Уг нь бол шинээр томилогдох хотын дарга Х.Нямбаатар даргын бүх алдааг засч залруулах, болж бүтэж байгааг нь гүйцээх, нийслэлийн иргэдийн амьдрах орчинг сайжруулах, дэд, бүтэц, цахилгаан хангамж, замын түгжрэл гээд дундаршгүй их ажилтай, шийдэх ёстой асуудалтай хүн. Ийм албан тушаал дээр ерөн оны хүүхэд тавьчихаад “Хотын дарга чинь шүү” гэвэл нийслэлчүүд яах бол? Дахиад нөгөө “Нямбаатар нь дээр байжээ” гэдэг рүүгээ буцах уу?
Б.СЭМҮҮН



