ЦХИХХЯ-наас Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулж олон нийтээр хэлэлцүүлжээ.
Энэ хуулийн төсөл нь өгөгдлийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоох, өгөгдлийн засаглалын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, өгөгдлийн чанар, аюулгүй байдал, хүртээмжийг хангах, өгөгдөлд суурилсан инновац, хиймэл оюун, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой гэдгийг ЦХИХХЯ мэдээлэв.
Хуулийн төслийг боловсруулахдаа төр, хувийн хэвшлийн 75 байгууллагаас судалгаа авч, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийжээ. Судалгаагаар өгөгдөл солилцох, хуваалцах, ашиглах, дахин ашиглах эрх зүйн зохицуулалт хангалтгүй, мэдээллийн сангийн давхардал их, өгөгдлийг шинэчлэх давтамж, чанарын шаардлага харилцан адилгүй, өгөгдлийн стандарт, чанарын баталгаажуулалтын тогтолцоо бүрэн төлөвшөөгүй, өгөгдөл солилцооны дэд бүтцийн уялдаа сул, аюулгүй байдал болон ашиглалтад итгэх итгэл хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан байна.
УИХ-аас 2021 онд Цахим хөгжлийг дэмжих багц хуулийг баталсан нь өгөгдөлтэй холбоотой харилцааг зохицуулах суурь эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Гэхдээ өгөгдлийг байгууллага, салбар, мэдээллийн систем хооронд солилцох, нэгтгэх, чанаржуулах, дахин ашиглах, өгөгдлийн бүтээгдэхүүн болгох, эдийн засгийн эргэлтэд оруулах, өгөгдлийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт татах харилцааг бүрэн хамарч чадаагүйг төслийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран танилцуулсан байна.

Мөн өгөгдлийн ангилал, өмчлөл, эзэмшил, ашиглах эрхийг нэгдсэн байдлаар хуульчлаагүй, төр, хувийн хэвшил, иргэн хооронд өгөгдөл солилцох, хамтран ашиглах, дахин ашиглах, арилжаалах, зуучлах эрх зүйн зохицуулалт бүрдээгүй, инновац, хиймэл оюуныг хөгжүүлэхэд хангалтгүй, өгөгдлийг анхны зорилгоос өөрөөр дахин ашиглах нөхцөлийг зохицуулаагүйгээс эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй байгаа. Гэтэл дэлхий дахинд их өгөгдлийн зах зээл 2023 онд 327.26 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн бол 2024-2030 онд жилд дунджаар 14.9 хувиар өсөх тооцоо гарчээ. Олон улсын байгууллагуудаас өгөгдлийг эдийн засаг, инновац, төрийн удирдлага, судалгаа хөгжүүлэлт, санхүү зэрэг салбарт үнэ цэн бий болгох “стратегийн нөөц” гэж үздэг байна.
Хэлэлцүүлэгт оролцогчид мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч, мэргэжлийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцож, хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжих боломж, мэдээллийн технологийн үйлдвэрлэлд үзүүлэх нөлөө, өгөгдлийн дэд бүтэц, дата төв, өгөгдөл солилцоо, өгөгдлийг дахин ашиглах, инновац, хиймэл оюуны талаар санал бодлоо хуваалцжээ.



