Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
-Олон ургалч үзэл гэж юу вэ, та энгийнээр тайлбарлаж өгөөч. Манай хуулинд ямар заалтууд багтсан байдаг вэ?
-Манай улс 1992 оны Үндсэн хуулиараа баталгаажуулсан ардчилсан засаглалтай улс. 900 гаруй зүйл заалттай хууль хэрэгжиж байна. Эдгээр хуулийн нэлээд олон зүйлд үзэл бодлоо илэрхийлэх заалт тусгагдсан байдаг. Жишээ нь, 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль гэж бий. Энэ хуульд Төр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд шууд хяналт тогтоож болохгүй, тухайн хэвлэл мэдээллийн байгууллага хэрэгсэл нийтэлж,нэвтрүүлж буй зүйлийнхээ хариуцлагаа өөрсдөө хүлээдэг байдлаар тусгасан байдаг. Нөгөө талаас, 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн Олон улсын пакт бий. Манай улс 1974 онд элсэн орсон.
Энэ пактын хүрээнд зохицуулагддаг, Жагсаал цуглаан хийх журмын тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Нийтийн мэдээллийн тухай хууль гээд тэр байтугай Хүүхдийн эрхийн тухай гэх мэт олон хуулинд үзэл бодлоо илэрхийлэх эрхийн тухай багтсан байдаг. Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн нэг онцлог бол туйлын эрх биш учраас хувь хүн талаасаа, хүний эрхийн тухай гэрээ, конвенц, пактуудаар болон Үндсэн хуулийн зүйл заалтуудаар, дотоодын хууль тогтоомжуудаар хязгаарлагддаг. Гэхдээ хязгаарлагддаг гэхээс өмнө хүлээн зөвшөөрдөг асуудлыг дурдах хэрэгтэй. Олон ургалч үзэл байх ёстой. Нийгэмд тогтсон хэв маяг ойлголтоос өөр үзэл бодолтой байхыг хүлээн зөвшөөрдөг. Үзэл бодолтой байх эрх бол хязгаарлагддаггүй туйлын эрх. Харин гаргаж илэрхийлж байгаа байдал нь ямар нэг үүргээр хязгаарлагдана. Тэгэхээр Монгол Улсын хувьд олон ургалч үзэл хуулийн хүрээнд оршин тогтнож байгаа.
-Юу дуртайгаа ярих нь олон ургалч үзлийн хэлбэр мөн үү?
-Хүн шашин, улс төрийн итгэл үнэмшлээр хэдэн мянган бодол бодож болно гэсэн үг. Харин гаргаж илэрхийлж байгаа байдал нь ямар нэг үүргээр хязгаарлагдана гэсэн дээ. Үндсэн хуульд хязгаарлах хэд хэдэн асуудал байдаг. Үүнд, бусдын нэр төрд халдах, нийгмийн дэг журам, нийгмийн эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдал гэсэн дөрвөн зүйлд заналхийлэх тохиолдолд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хууль ёсны байдлаар хязгаарладаг. Санал шүүмжийн хувьд тогтсон байр сууриас хэн нэгнийг шүүмжилж үзэл бодлын илэрхийлэл болон судлаач эрдэмтдийн хувьд академик эрх чөлөө байж болно. Эдгээр нь нарийн ялгаа заагтай. Харин илэрхийлж гаргах тал дээр нарийн зохицуулсан зохицуулалтууд байдаг. Жишээ нь, хэн нэгнийг Эрүүгийн гэмт хэрэгт буруутай мэтээр мэдүүлэг өгч болно. Гэтэл энэ нь хуурамч мэдүүлэг гэсэн зүйл заалтаар бие даасан гэмт болж хувирна. Санаатай болон санаандгүй байдлаар бусдын нэр төрд халдаж, гүтгэж, доромжлох, худал мэдээллийг тараах эрх байхгүй. Бусдын нэр төр, алдар хүнд хамгаалагдсан эрхэмсэг оршихуй зүйл.
-Философич С.Молор-Эрдэнэ Чингис хаантай холбоотой үзэл бодлоо илэрхийлсний төлөө салбарын сайд буруутгасан өнгөөр хянах, шалгах тухай мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийж байгаа нь хэвийн зүйл үү?
-Сошиал дээр хүмүүс аль алийг нь зөв буруу хэмээн үзэл бодлоо илэрхийлж байгаа нь бас л олон ургалч үзэл гарч ирж байгаа хэлбэр. Энэ нь өөрөө сайшаалтай. Сайд бас нэг талаар үзэл бодлоо илэрхийлж болно. Гэхдээ гэмт хэрэгтэн мэт нэр хүндэд халдсан байдлаар илэрхийлж болохгүй. Яагаад гэвэл ямар нэг гэмт хэрэг хэмээн зарлагдаагүй, зөвхөн шалгагдах түвшинд явж байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр гарч буй мэдээлэлтэй нь холбогдуулаад философич Б.Молор-Эрдэнийг тагнуулын байгууллагаас шалгаж байна. Шүүхээс 30 хоногийн хугацаанд цагдан хорилоо гэсэн мэдээлэл гараад байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хөндлөнгийн хараат бусаар явагддаг онцлогтой. Тэр нь хэргийн оролцогч биш бол тухайн хэргийн талаар, мушгиж танилцах тайлбар мэдүүлэг өгөх, магадгүй хэн нэгэн улстөрч тушаал шийдвэр өгөх хууль зүйн эрх үүрэг байхгүй. Тэгэхээр магадгүй гэмт хэргийн зөрчил шинжтэй үйлдэлд хууль ёсны дагуу шалгаж болно. Тэр хүний үзэл бодлыг биш, илэрхийлж буй хэлбэрийг шалгах шаардлага үүссэн гэж харж байна. Урьд өмнө гаргаж байсан тайлбар, давтамжууд зэргийг харгалзан үзэх байх.
-Түүнийг Эрүүгийн хуулийн 19.9.1 дүгээр заалтаар буруутгажээ. Энэ заалтаар сошиал орчинд үзэл бодлоо илэрхийлдэг хүн бүрд эрүү үүсэх боломжтой гэсэн үг үү. Тийм бол хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара татагдах ёстой юм биш үү. Саяхан тэрбээр казахуудтай холбоотой асуудлаар нэлээд ширүүн үзэл бодлоо илэрхийлсэн шүү дээ?
-Философичийг Эрүүгийн хуулийн 19.9.1 дүгээр заалттай холбогдуулан шалгаж байгаа шиг байна. Үүнд, Үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн байдаг. Энэ нь хэргийн хянан шийдвэрлэх нууцлалтай холбоотой одоогоор олон нийт дэлгэрэнгүй мэдэх боломжгүй юм. Магадгүй Төрийн нууц, маш нууц, онц маш нууц гэсэн гурван ангилал байдаг. Аль нэгт хамааралтай бол бас мэдээлэх боломжгүй, хууль хяналтын байгууллага тогтооно. Тушаал, тогтоол гараагүй, эцэслэн шийдэгдээгүй үед ямар нэг байдлаар дүгнэлт ярих эрт байна. Үзэл бодолтой байх эрхэд биш илэрхийлэх арга хэлбэрт хянагдаж эцсийн шийдвэр гарна. Гэхдээ нэг анхаарах асуудал нь эрх зүйн зарчимыг хамгаалах хэрэгтэй. Энэ нь цаашид өөр бусад таалагдаагүй байр суурь илэрхийлсний төлөө шалгагдах байдал огтоос байж болохгүй. УИХ-ын гишүүн М.Нарантуяа- Нарагийн хувьд гишүүн онцгой болон давуу эрх гэж байдаггүй. Түүний илэрхийлэмжийг дээрхтэй адилтгаж болно. Эрүүгийн хуулийн 19.9.1 дүгээр заалт буюу Үндэсний эв нэгдлийг бусниулах дотор, арьс өнгө, шашин шүтлэг, үндэс, угсаа, шашин, номлол, үзэл бодлоор нь дайсагнуулах, салан тусгаарлахыг уриалах ... гэх мэт заалтууд багтсан байдаг. Хэн нэгэн этгээдээс өргөдөл гомдол гаргасан тохиолдолд хууль адилхан үйлчилнэ. Гэхдээ нэг анхаарах шаардлагатай зүйл бол ямар нэг улс төрийн зорилго болон улстөрчийн байр суурийг оролцуулж хэн нэгнийг хэрэгт холбогдуулан шалгаж огт болохгүй.
Өдрийн сонин



