Урьд шөнө 03.00 цагийн үед С.Зоригийн хөшөөг суурьтай нь хулгайгаар зөөвөрлөж, МоАХ-ны байр болох Ардчиллын ордны хашаанд байрлуулсан явдал өнөөдрийн гол дуулиан болов. АН-ын гишүүн Б.Энхмөнх өнөөдөр өглөө "Хотын дарга Б.Пүрэвдагва болон Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэлийн шийдвэрээр хөшөөг нүүлгэсэн байна" хэмээн мэдээлсэн бол АН-ын дарга О.Цогтгэрэл "Ямар нэг ТББ-ын шийдвэрээр хөшөөг нүүлгэн шилжүүлдэг асуудал байхгүй. АН болон Зориг сан, С.Зориг агсны гэр бүлд энэ талаар огт мэдэгдээгүй. Энэ бол хувь хүний хөшөө биш, Монголын ардчиллын түүх, билэгдэл, Монголын ард түмний өмч юм" хэмээн мэдэгдсэн. Мөн хөшөөг нүүлгэх шийдвэр гаргасан, тээвэрлэгчидтэй гэрээ байгуулсан Шинэ дэвшилтэт холбоотой шүүхдэж байгаа, энэ сарын 17-нд анхан шатны шүүх хуралдаан болно гэдгийг мэдээллээ.
Харин хотын дарга Б.Пүрэвдагва "Хөшөөг нүүлгэсэн, зөөвөрлөсөн асуудалд төрийн байгууллагын ямар ч оролцоо байхгүй, шийдвэр гараагүй. Зөвшөөрөлгүйгээр зөөвөрлөснийг залруулахаар НЦГ-ын дарга н.Ганбат, Улаан баатар хотын Ерөнхий менежер н.Мэндбаяр нарт үүрэг өгсөн. Намайг хотын дарга байгаа цагт хөшөөг нүүлгэхгүй, хөшөөний газар дээр олгосон барилга барих зөвшөөрлийг цуцална. АН-ын залуус хөшөөний газрыг надаас биш, ах нараасаа нэхээрэй" гэсэн байна.
Тодруулбал, хуучин Монцамэ агенлагийн байр байсан Төв шуудангийн урд талын цэнхэр байшинг 1990 оны наймдугаар сард тухай үеийн АДХ-ын Гүйцэтгэх захиргаанаас Шинэ дэвшилтэт холбоо, Үндэсний дэвшлийн намд олгосон байдаг. Одоо энэ байранд АН-ын албан ёсны аппарат ажиллаж байгаа. Гэвч 2000 онд Ардчиллын төлөөх намууд нэгдэж, АН-ын байгуулснаар МҮДН татан буугдаж, харин байшин болон газрын эрх нь Шинэ дэвшилтэт холбооны нэр дээр үлдсэн. Холбооны нөхөд газраа Голомтын Д.Баясгаланд зарчихсан, шинэ эзэд нь тухайн газар дээр 9 давхар барилга барих зөвшөөрөл гаргуулж, зураг эскизээ батлуулаад явж байгаа. Арав гаруй жилийн өмнө эхэлсэн маргаан. АН-ын үе үеийн дарга нар энэ асуудлыг ярьсаар ирсэн ч хуулийн асуудал дээр очоод гацдаг. Яагаад гэвэл уг барилга нь өөрөө ШДХ гэдэг ТББ-ын өмч байдаг. Хөшөө байрлуулсан газар нийтийн эзэмшил газар гэх боловч ямар нэг аргаар худалдан авагч талд очсон бололтой юм.
Тиймээс НИТХ-ын 2024 оны 70-р тогтоолоор хөшөө байрлаж буй газрын нийтийн эдэлбэр газрын зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Харин хөшөө нь Нийслэлийн өмчид байдаг, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан юм байна. Энэ үндэслэлээр "хөшөөний хулгайд" хотын дарга болон Сүхбаатар дүүргийн Засаг даргыг хардах үндэслэл гарч ирсэн хэрэг. Харин хөшөөг нүүлгэсэн, зөөвөрлөсөн асуудал нь ШДХ болон МоАХ-ны зөвшилцлөөр явсан бололтой юм.
Тэгэхээр АН-ын хувьд уг хөшөөтэй ямар ч хамааралгүй, хөшөөний газартай бүр ч хамааралгүй, зарж борлуулах эрхгүй болж байгаа юм. Хөшөөг санаачилсан, барьж байгуулсан нь АН боловч өмчийн болон газрын эрх нь өөр субьектэд байна. Тиймээс АН-ын хувьд нийслэлийн бусад иргэдтэй адил "Хөшөөг нүүлгэж болохгүй, ард түмний өмч, ардчиллын билэг тэмдэг юм шүү" гэж заргалдахаас өөр явах газаргүй. Зориг сан, С.Зориг агсны гэр бүлийн хувьд ч гэсэн бас л ийм статустай байж таарна.
Тэгэхээр хөшөөг нүүлгэх болон, буцаан шилжүүлэх эрх нь зөвхөн хотын захиргаанд байна. Нийтийн өмчийг хамгаалах эрхийг нийслэлийн Засаг дарга, ИТХ хариуцаж таарна. Харин О.Цогтгэрэл даргын хувьд намынхаа байрыг авч чадах уу, үгүй юу гэдэг ганц асуудалтай тулгараад байгаа. Өмнөх дарга нар энэ асуудлаар ямар ч алхам хийж байгаагүй гэж өнөөдөр ярьсан байна лээ. Магадгүй. Гэхдээ СТӨ-ний хүзүүвчинд байрлаж байсан АН-ын байрыг ХХБ-нд барьцаалж, Ардчиллын ордон бариулах асуудал бол бас л 10 гаруй жил яригдаж байгаа асуудал. Шүүх энэ тэрээр ч нэг хэсэг явсан байх. Одоо тэгээд аль талдаа гарсан нь тодорхойгүй. О.Цогтгэрэл даргын өнөөдөр хэлсэн үгнээс харахад асуудал аль нэг талдаа гараагүй яваа юм шиг байна.
Гурав дахь нь болох МоАХ-ны байрлаж байгаа Ардчиллын ордонг мөн л 1990 онд тухайн үеийн БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолоор МоАХ болон МоАН-д хамтад нь олгожээ. 2000 онд ардчиллын төлөөх намууд нэгдэхдээ МоАН-ын /анхны дарга нь Э.Бат-Үүл/ нэрийг авч, АН-ыг байгуулсан. Гэтэл өмч нь бас л намаасаа салаад МоАХ-ны нэр дээр үлдчихсэн. Албан ёсны даргаар нь одоо Х.Баттулга ажиллаж байгаа.
Тэгэхээр хөшөө болон газрын асуудал бол АН-тай огт хамаагүй юм. Харин АН сүүлийн 10, 10 жил яагаад гудамжинд гарсан бэ? Яаж өмчөө эргүүлж авах вэ гэдэг дээр одоогийн дарга О.Цогтгэрэлийн толгой өвдөх ёстой болов уу?
Б.СЭМҮҮН



