МАН болон засгаас 26 оны наймдугаар сарын 25-ны хоёр дахь өдөр тараасан зард: УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Их тэнгэрт ээлжит бусаар хуралдаж байна. Хурлаар өнгөрөгч долоо хоногт засгаас өргөн барьсан 26 оны төсвийн тодотгол болон нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэнэ гэж.
МАН болон засгаас маргааш нь хэвлэлүүдэд тараасан мэдээнд: МАН-ын бүлгийн 68 гишүүн засгийг тогтвортой ажиллуулахаар санал нэгдэж, мутрын тэмдэг зуржээ. Д.Амарбаясгалан засгийг тогтвортой ажиллуулах улс төрийн зохицуулалтыг хариуцжээ гэж. Энэний дараа ордон, COP17 хавиар явсан МАН-ын бүлгийн гишүүд: 30 гаруйхнаа цуглаад, бүлгийн шийдвэр гэж хэвлэлээр пиар хийгээд байхдаа яахав дээ гэж.
Энэхүү мэдээний дараа МАН-ын бүлгийн Э.Болормаа: 100 хувь санал нэгдээгүй гэж пост хийж. Э.Болормаагийн пост үнэнтэй ойр болж. Жанцан нь: Их тэнгэрт МАН-ын бүлэг хуралдаад яг юу ярьсныг 100 хувь бус ч гайгүй шиг өндөр хувьтайгаар улс төрийн тамхины цэгээс сонслоо, тэрнийгээ хуваалцъя.
Нэгт: МАН зарласнаараа 25-нд Их тэнгэрт цуглан хуралдаж. Гэлээ гэхдээ 68 бус 30 гаруй гишүүн очиж. Тэд 26 оны төсвийн тодотгол болон нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын тухайд бараг л яриагүй гэх. Харин: Засгаа яаж үлдээх вэ дээр засаг болон гишүүдийн нэгдсэн хэлэлцүүлэг болж, гарц боломжоо хэлэлцэж.
Хоёрт: Засаг зүгээс гишүүдэд: Засгаа огцруулахгүй авч үлдье гэх мутрын тэмдгээ цуглуулаад өгөөч гэж. Гишүүдийн хэд нь: Уул нь засгийг огцруулъя гэж мутрын тэмдэг цуглуулдаг даа. Хэзээ байхдаа, засгийг огцруулахгүй гэж мутрын тэмдэг цуглуулж байсан юм бэ, тэрний оронд ирцэндээ анхаарсан нь дээр гэж. Гээд хоорондоо маргаж. Гэлээ гэхдээ зарим нь мутрын тэмдгээ: Засгаа огцруулахгүй ээ гээд зурж. Энүүнээс харах нь ээ МАН болон засгаас: МАН-ын бүлгийн 68 гишүүн засгийг тогтвортой ажиллуулахаар санал нэгдэж, мутрын тэмдэг зуржээ гээд худал мэдээ тарааж.
Гуравт: Огцруулахгүй гэж мутрын тэмдэг цуглуулж өгөөч гэсэн засгийн гуйлтыг гишүүд мааз болгох янзтай өнгөрөөж. Тэд: Засаг ямар цочоотой байна аа, юу юуны туханд хүрээгүй байтал мутрын тэмдэг гуйгаад яах нь вэ гэж.
Дөрөвт: УИХ-ын дарга С.Бямбацогт засгийг хамгаалж үлдэх талаар бодож бодож: АН засаг огцруулах бичгээ өргөөд, ардаас нь ирцэнд ороод ирвэл байдал хүндэрнэ. Хэдүүлээ намрын чуулганы наана ээлжит бус чуулган зарлаад засаг огцруулах хийг жаахан гаргах уу гэх санаа гаргаж. Тэрхүү санаа нь дэмжигдсэнгүй гэх. Жанцан нь зарим сайд гишүүд: Яах юм бэ, айсан харагдана гэцгээж. Ийнхүү УИХ-ын даргын санаа унаж.
Тавд: МАН-ын генсек Я.Содбаатар: Манай намын рейтинг лаг байгаа, засгийг огцруулахыг эсрэг дайраад гарахад ард нийт дэмжинэ гэж. Гишүүд: Тийм үү, худлаа байлгүй дээ гэцгээж.
Тэрний дараа бүгдээрээ: АН жагсана гэх юм, нээрээгээс жагсвал яахав гэцгээж.
Ийнхүү шийдсэн ч шиг, шийдээгүй ч шиг хуралдаад 30 гаруй гишүүн бутран тарж. Ард нь 3-4 нь үлдэн үргэлжлүүлж. Маргааш нь: МАН-ын бүлгийн 68 гишүүн засгийг тогтвортой ажиллуулахаар санал нэгдэж, мутрын тэмдэг зуржав гэх мэдээ тарж. Их тэнгэрт очиж хуралд суусан гишүүд нь ч энийг уншаад: Хурал өөр болсон байтал ярилцахгүйгээр шууд хэвлэлээр зарлаж болж байгаа юм уу гээд уурсаж.
Базах нь ээ: МАН-ынхныг Их тэнгэрт очиж 26 оны төсвийн тодотгол болон нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэх нь гэж хүлээсэн хурал бодитойгоор иймэрхүүдүү болж. Хамаг гол юм нь: МАН-ын гишүүдийн Их тэнгэрт ийнхүү хэлэлцсэн нь МАН-даа хэрүүл тарьж. Тиймийн учраас: Намрын чуулган эхлэхтэй зэрэг намрын улс төр ч халах нь энүүгээр улмаа ноттой болов...
Ө.БАТБИЛЭГ /Өдрийн сонин/



