/Kazinform/. Энэ зун Европ тивийн газар нутгийн тал орчим хувийг хамарсан дөрвөн удаагийн их халалтын улмаас хамгийн цөөндөө гэхэд 35 мянга гаруй хүн нас баржээ.
Герман, Франц, Испани улсад нас баралтын тоо 25 мянга давж, Германд дөрөвдүгээр сарын 6-наас наймдугаар сарын 9-ний хооронд аагим халууны улмаас ойролцоогоор 14 мянган хүн нас барсан байна. Роберт Кохын хүрээлэнгийн мэдээллээр, зургаадугаар сарын сүүлчийн долоо хоногт Германд +40°C хэмээс (104°F) давж халсны улмаас 9 600 хүн нас баржээ.
Испанид тавдугаар сараас хойш халуунаас болж 4 947 хүн нас барсан нь 2022 онд бүртгэгдсэн 4 520-иос давсан байна. Францад тавдугаар сарын сүүлээс долоодугаар сарын 22-ны хооронд 7 300 гаруй нас баралт бүртгэгджээ. Англид тавдугаар болон зургаадугаар саруудын хэт халууны үед 2 877 хүн амиа алдсан бол Бельгид зургаадугаар сарын 18-29-ний хооронд 1 222 нас баралтын тохиолдол бүртгэгджээ. Нидерландад зургаадугаар сарын 22-ноос долоодугаар сарын 5-ны хооронд 900 гаруй нас баралт бүртгэгдсэн бол зургаадугаар сарын сүүлээр Польшид 1 070, Швейцарт 220 гаруй хүн нас баржээ.
Цаашдаа эдгээр тоо өсөх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хэт халалтын давтамж нэмэгдсээр байгаа юм.



