АНУ-ын Нью-Йорк хот дахь Холбооны шүүх Дональд Трампын засаг захиргааны 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг түдгэлзүүлсэн шийдвэрийг хууль бус гэж үзэн хүчингүй болгох шийдвэр гаргав. Шүүгч Жаннетт Варгас “АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ийм шийдвэр гаргах хууль ёсны бүрэн эрхээ хэтрүүлсэн байна” гэж дүгнэсэн байна. Энэ бол зүгээр нэг визний тухай маргаан биш, харин Дональд Трампын Америкийг цагаачидгүй улс болгох гэсэн оролдлого, Америк өөрөө цагаачид дээр тогтдог улс гэсэн хоёр өөр үзлийн тулаан юм.
АНУ бол цагаачдын улс. Америкийн түүхийг цагаачлалгүйгээр төсөөлөх боломжгүй. Европоос ирсэн анхны суурьшигчдаас эхлээд XIX, XX зууны асар их цагаачлал, дараа нь Ази, Латин Америк, Африк болон дэлхийн бусад бүс нутгаас ирсэн хүмүүс Америкийн эдийн засаг, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, соёл, хотуудыг бий болгосон. Өнөөдөр энэ түүх зөвхөн номонд үлдсэн зүйл биш. АНУ-ын Хүн амын тооллогын товчооны 2024 оны мэдээллээр тус улсад гадаадад төрсөн 50.2 сая хүн амьдарч байна. Энэ нь нийт хүн амын 14.8 хувьтай тэнцэх бөгөөд АНУ-ын түүхэнд гадаадад төрсөн хүн амын тоо хамгийн өндөр түвшинд хүрсэн үзүүлэлт юм. Тэгвэл Трампын засаг захиргаа яагаад 75 улсын иргэдийн цагаачлалын визийг тодорхойгүй хугацаагаар зогсоох болов?
Албан ёсны тайлбар нь нийгмийн халамжийн системд дарамт учруулах эрсдэл байв. Өөрөөр хэлбэл, АНУ-д шинээр ирэх хүмүүс төрөөс тусламж авах магадлалтай учраас тэднийг оруулахыг хязгаарлах шаардлагатай гэж үзжээ. Гэвч шүүх энэ бодлогыг зөвхөн үндэслэлгүй гэж үзээд зогсохгүй, тухайн улсын иргэн гэдэг ганц шалгуураар визийн асуудлыг шийдэх нь хуульд нийцэхгүй гэж дүгнэсэн байна.
Энд нэг том парадокс гарч ирнэ. Америк цагаачдаар хүчирхэгжсэн улс мөртлөө өнөөдөр цагаачдыг Америкийн нийгэмд орох гол хаалгыг нь хаах бодлого явуулж байна. Гэхдээ Трампын хувьд асуудал зөвхөн цагаачдыг хилээр нэвтрүүлэх тухай биш. Түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд хууль бус оршин суугчдыг албадан гаргах ажиллагаа эрчимжиж, хууль ёсны цагаачлалд ч олон хязгаарлалт тавигдсан. Шүүх засаг захиргааны ийм алхмуудын заримыг дараалан зогсоож эхэлсэн нь анхаарал татаж байгаа билээ. Тэгвэл хамгийн сонирхолтой асуулт нь “Трампын энэ бодлого түүний улс төрийн хувь заяанд ямар үнэтэй тусах вэ?” юм. Хариултыг нь 11 дүгээр сарын кавсрын сонгууль өгнө. 2026 оны завсрын сонгууль арваннэгдүгээр сарын 3-нд болно. Бүх 435 суудалтай Төлөөлөгчдийн танхим болон Сенатын гуравны нэг орчим суудал энэ сонгуулиар солигдоно.
Өнөөдөр Бүгд найрамдах намын хувьд нөхцөл байдал тийм ч таатай харагдахгүй байна. Pew Research Center-ийн долдугаар сарын судалгаагаар Конгрессын сонгуулийн ерөнхий санал асуулгад Ардчилсан намын нэр дэвшигчдийг 43 хувь, Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийг 37 хувь нь дэмжсэн байна. Харин Reuters/Ipsos-ийн наймдугаар сарын судалгаагаар Трампын ерөнхийлөгчийн ажлыг дэмжиж буй америкчуудын хувь 33 хүртэл буурсан нь түүний энэ бүрэн эрхийн хугацааны хамгийн доод үзүүлэлт болжээ. Түүнээс гадна цагаачлалын асуудлаарх Бүгд найрамдах намын давуу тал эрс хумигдсан байна. 2025 оны эхээр цагаачлалын асуудлаар Бүгд найрамдах нам Ардчилсан намаас 26 нэгжээр илүү дэмжлэгтэй байсан бол одоо энэ зөрүү ердөө 2 нэгж болжээ. Энд бас нэг чухал зүйл бий. Цагаачид өөрсдөө бүгд сонгогч биш. Гэхдээ АНУ-ын иргэн болсон цагаачид бол иргэн болоогүй цагаачдын ах дүүс, хамаатан садан буву асар том сонгуулийн хүчин билээ.
Pew Research Center-ийн тооцоогоор 2022 онд АНУ-д 23.8 сая иргэншил авсан цагаач насанд хүрсэн сонгогч байсан бөгөөд энэ нь нийт сонгогчдын ойролцоогоор 10 хувьтай тэнцэж байжээ. Тэдний тоо 2012-2022 онд 32 хувиар өссөн байна. Энэ бол Трампын хувьд тоохгүй орхиж болохгүй улс төрийн том хүчин зүйл юм. Учир нь цагаачлалын бодлого зөвхөн АНУ-д хараахан ирээгүй байгаа хүний асуудал биш. Тэр бодлого АНУ-д аль хэдийн амьдарч байгаа цагаачдын гэр бүл, иргэншил авсан хүмүүс, тэдний хүүхдүүд, төрөл төрөгсөд, ажил олгогчид, их сургуулиуд, бизнесүүдэд шууд хүрдэг. Трампын бодлого эндээс л улс төрийн бумеранг болж хувирах болно.
Трампын “Америкийг дахин агуу болгоно” гэсэн уриа нь нэг хэсэг америкчуудад хүчтэй сонсогдож болно. Гэхдээ Америкийн агуу байдал өөрөө дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийн хөдөлмөр, мэдлэг, бизнес, хөрөнгө, санаачилга дээр бий болсон гэдгийг үгүйсгэхэд улам хэцүү болж байна. АНУ-ын Хүн амын тооллогын товчоо ч үүнийг тоогоор харуулж байна. Өнөөдрийн гадаадад төрсөн хүн амын 51.4 хувь нь Латин Америкт, 30.8 хувь нь Азид, 9.7 хувь нь Европт, 5.9 хувь нь Африкт төрсөн хүмүүс байна. Өөрөөр хэлбэл, Америкийн цагаачлалын дүр төрх XIX зууны Европоос ирсэн цагаачдаас эрс өөр болсон байна. Тиймээс Трампын бодлогын цаадах хамгийн том улс төрийн эрсдэл нь зөвхөн шүүх засаг захиргааны шийдвэрийг хүчингүй болгож байгаа явдал биш. Америкийн нийгэм өөрөө өөрчлөгдсөн байгаа явдал. Учир нь өнөөдөр цагаачлалын эсрэг хатуу бодлогыг “гадаадынхан”-тай тэмцэж байна гэж харах боломжгүй болсон. Учир нь тэр “гадаадынхан” аль хэдийнэ хөрш, хамт ажиллагч, эмч, инженер, профессор, бизнес эрхлэгч, сонгогч, бүр Конгрессын сонгуулийн чухал хэсэг болсон. Иймээс Трампын 75 улсын иргэдэд виз олгохыг зогсоосон бодлогыг шүүх хууль бус гэж үзсэн нь энэ зөрчлийн нэг илрэл юм. Засаг захиргаа уг шийдвэрийг давж заалдаж болох ч шүүхийн ийм шийдвэрүүд нэмэгдэх тусам Трампын цагаачлалын бодлого зөвхөн хууль зүйн төдийгүй улс төрийн асуудал болж хувирна. Тэгээд хамгийн сонирхолтой нь 11 дүгээр сарын 3-нд болох завсрын сонгуулийн дүн байх болно.
Трамп өөрөө энэ сонгуульд ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөхгүй. Гэхдээ энэ бол түүний улс төрийн хоёр дахь бүрэн эрхийн дунд үеийн хамгийн том санал хураалт. Хэрэв Бүгд найрамдах нам Конгресс дахь олонхоо алдвал Трампын хууль тогтоох хөтөлбөр, томилгоо, төсөв, цагаачлалын бодлого гээд бараг бүх зүйлд улс төрийн том саадтай тулна. Тэр үед Трампын хувийн улс төрийн ирээдүйн тухай яриа ч өөр өнгө аястай болно. Өөрөөр хэлбэл, 11 дүгээр сарын сонгууль Трампын улс төрийн хүчийг хэмжих, Конгресс дахь хамгаалалтыг нь хадгалах эсэхийг шийдэх сонгууль юм. Хэрэв Бүгд найрамдах нам томоохон ялагдал хүлээвэл Трампын улс төрийн эрх мэдэл суларна. Харин түүний засаг захиргааны бодлоготой холбоотой хууль зүйн маргаанууд үргэлжилж, Конгрессын хяналт нэмэгдвэл бүр Трамп өөрөө ч суудлаасаа бууж, шүүхийн өмнө дахин очиж магадгүй юм. Тиймээс өнөөдөр Нью-Йоркийн нэг шүүгчийн гаргасан шийдвэрийг зөвхөн 75 улсын иргэдийн визний асуудал гэж харах нь учир дутагдалтай. Энэ бол Америк өөрийнхөө түүхтэй хэрхэн харьцах тухай маргаан юм. Цагаачдаар байгуулагдсан улс цагаачлалаас хаалгаа хаах тусам өөрийнхөө үндсэн түүхтэй зөрчилдөнө. Харин тэр зөрчил шүүхийн танхимаас сонгуулийн саналын хайрцаг руу шилжвэл Трампын хувьд асуудал бүр ч томорно. Түүхийн нэг сонирхолтой эргэлт ч эндээс харагдана.
Америкийг агуу болгосон хүмүүсийн олонх нь Америкт төрөөгүй байсан юм. Харин өнөөдөр Америкийг хэн оруулах вэ, хэнийг оруулахгүй вэ гэдэг асуудал Америкийн өөрийнх нь улс төрийн ирээдүйг шийдэх хэмжээнд хүрч байна. Тиймээс 11 дүгээр сарын сонгуульд Трампын нам ялагдах шалтгаан олон байж болох ч цагаачлалын асуудал тэдгээрийн нэг том шалтгаан болохыг үгүйсгэхэд улам хэцүү болж байна. Харин Трампын хувьд Конгрессын улс төрийн хамгаалалт суларч, шүүхийн дарамт нэмэгдэх нь түүний хоёр дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хамгийн том сорилтын нэг болж,АНУ-ын түүхийг эргүүлж мэднэ.
Бэлтгэсэн Г.АМАРСАНАА /Өдрийн сонин/



