БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Ингер Андерсен, Экосистемийн хэлтсийн орлогч захирал Дорин Робинсон нартай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, COP17 хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, олон улсын түншлэлийг бэхжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Ингер Андерсен COP17-гийн хүрээнд Африк болон бусад бүс нутгийн улс оронд тулгамдаж буй газрын доройтол, гангийн эрсдэлд онцгой анхаарах шаардлагатайг тэмдэглэж, байгаль орчны санхүүжилтийг нэмэхийн ач холбогдлыг онцолсон юм. Мөн UNEP, Монгол Улсын Засгийн газар хамтран малын халдварт өвчний тархалтыг судалж, голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болсныг албан ёсоор мэдээллээ.
Сайд Ц.Сандаг-Очир Монгол Улс, UNEP-ийн хамтын ажиллагаа 1970-аад оноос үр өгөөжтэй хөгжиж ирснийг онцолж, цаашид хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Монгол Улс UNEP болон олон улсын түнштэй хамтран Их говийн дархан цаазат газрын хөгжлийн суурийг тавьж, дэлхийн ач холбогдол бүхий экосистем, ховор амьтдын амьдрах орчныг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Үүнээс гадна цаатан иргэдийн амьжиргааг дэмжих, хүлэрт намгийн экосистемийг хамгаалах, аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах, химийн бохирдлын үнэлгээний чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр амжилттай хамтран ажиллаж ирсэн юм.
Уулзалтын үеэр сайд Ц.Сандаг-Очир Монгол Улсын санаачлан боловсруулсан “Тал хээрийн үйл ажиллагааны хөтөлбөр”, түүний хүрээнд хэрэгжүүлэх Бэлчээр, Ус, Байгальд суурилсан шийдлийн олон улсын санаачилгыг урагшлуулахад UNEP-тэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэйгээ илэрхийллээ.
Талууд мөн дэлхий дахинд өсөн нэмэгдэж буй гангийн эрсдэлийг багасгахад бодит ахиц гаргах, COP17-гийн хэлэлцээний үр дүнд дэмжих, 2030 оноос хойш UNCCD-гийн стратегийн чиглэлийг тодорхойлох бодлогын баримт бичиг боловсруулах асуудлаар хамтран ажиллахын чухлыг тэмдэглэжээ.



