ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч хатагтай Оса Регнер 2026 оны 8 дугаар сарын 24–27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна.
Маргааш эхлэх айлчлалын үеэр тэрээр Монгол Улсын төр, засгийн холбогдох удирдлагуудтай уулзаж, боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбооны салбар дахь Монгол Улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх боломжтой ажил, санаачилгын талаар санал солилцоно.
Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын өндөр түвшний хэлэлцүүлэг, ЮНЕСКО-гоос зохион байгуулах тусгай арга хэмжээнүүдэд оролцоно. Эдгээр арга хэмжээний үеэр ус болон газрын нэгдсэн менежмент, ган гачигт тэсвэртэй байдал, бэлчээрийн нөхөн сэргээлт, малчдын сайн сайхан байдал, нутгийн болон уугуул иргэдийн мэдлэгийн асуудлыг онцлон хэлэлцэх юм.
Хатагтай Оса Регнер нь 2026 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогчоор томилогдсон. Тэрбээр өмнө нь НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын Гүйцэтгэх захирлын орлогч, Шведийн Хүүхэд, ахмад настан, жендэрийн тэгш байдлын сайд, Шведийн Хүүхдийг ивээх сангийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Монголын соёл, байгалийн өвтэй танилцах бөгөөд тус айлчлал нь Монгол Улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааны цаашдын тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, олон улсын хөтөлбөр, санаачилга дахь Монгол Улсын оролцоог бэхжүүлэх ач холбогдолтой юм.



