Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар дэлхийн 197 орны зочид төлөөлөгчид оролцож буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Бага хурлын хүрээнд ЦХИХХЯ-наас хоёр томоохон арга хэмжээг зохион байгуулна. Тодруулбал, “Ногоон хиймэл оюун, дижитал шилжилт болон шинжлэх ухаан” сэдэвт тусгай арга хэмжээг өнөөдөр Мэдээллийн технологийн үндэсний парк, Шинжлэх ухааны академи, И Монгол академитэй хамтран "Монгол Улсын өргөө"-нд зохион байгуулах юм. Түүнчлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин "Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг энэ сарын 25-нд танилцуулна.
Монгол Улс хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй "Ногоон дата төв"-ийг хөгжүүлснээр,
-Дижитал бие даасан байдал буюу Монгол Улс өгөгдөл хадгалалт, хиймэл оюуны тооцоолол, дижитал үйлчилгээний үндсэн дэд бүтцээ дотооддоо бий болгох,
-Монголын давуу талыг эдийн засгийн боломж болгох, сэрүүн уур амьсгал, нар салхины арвин нөөц, өргөн газар нутаг, стратегийн байршлыг дата төвийн хөгжлийн давуу тал болгон ашиглах,
-Бүс нутгийн шинэ төв. Зөвхөн дотоодын хэрэгцээг хангах бус, олон улсын технологийн компани, хөрөнгө оруулагчдыг татаж, Зүүн Хойд Азийн AI сургалт, өндөр хүчин чадлын тооцоолол, өгөгдөл хадгалалтын төв болох зорилтыг тус тус хэрэгжүүлнэ.



