Энэ Монголд Ерөнхий сайд Н.Учралын долгионыг барьж чадаж байгаа хүн байна уу. Тэр хэн бэ. Ямар байр суурьтай вэ. Яадаг зарчимтай вэ. Юу боддог Ерөнхий сайд вэ гээд. Тэрүүнээс нь долгион хайгаад барьдаг цөөн байх. Тийм байхаас ч аргагүй л.
Ажаад байхнээ: Н.Учрал улс төр талаасаа оппортунист хүн юм. Уулаасаа улс төрд явдаг 23 төрлийн хүн байх. Энийг сайн тогтоогоод ав, хэрэг болно. 1-т нь: Н.Учрал шиг оппортунист буюу өөрийн итгэл үнэмшил, намчирхлаа умартаж тухайн үед эрх мэдэлтэй эсвэл давуу байгаа талд гэнэт орж хувирдаг хүнийг хэлдэг. Аливаа хүндрэлтэй үед хамт олноо орхиж, зөвхөн хувийн амжилт, ашиг сонирхлыг 1-т тавьдаг зан авир. 2 дахь нь: консистенттэй буюу тогтвортой улстөрч гэж байна. Үзэл бодол, үг яриа, үйлдэл болон баримталж буй бодлого нь цаг хугацааны явцад хувирч өөрчлөгддөггүй, тууштай хүнийг хэлдэг. Нөхцөл байдал, эрх мэдлийн төлөө өөрийн үндсэн үнэт зүйл, мөрийн хөтөлбөрийг золиослодоггүй. Хэлсэн үг, амлалт нь бодит үйлдэлтэйгээ ямагт таарч байдаг. Өөрөөр: Улс төрд зарим нь сонгогчдын таалалд нийцэхийн төлөөнөө байр сууриа байнга өөрчилдөг. Харин зарим нь нь итгэл үнэмшилдээ үнэнч байдгаараа ялгардаг. Энэ 2 өнгийн хүмүүс улс төрд байдгийг хэлж.
Гэлээ гэхдээ: Н.Учралыг яагаад оппортунист гэв ээ гэж. Тэрээр 7 хоногийн өмнөх хагас сайнд: Манай Засгийн газар хэрэгтэй эсэх нь бүрэн тодорхойгүй, агаарын мега төсөл ярихгүй гэж байсан. Бид нар тэрийг дамжуулсан. Тэрнээс улбаалаад: Н.Учрал мега төслийн талаар сүүл үеийн 2 жилд юу ярьж, юу гэж үзэж, ямар байр суурь хэлдэг байсныг ухлаа.
24 оны 7 сарын 29-нд ЗГХЭГ-ын дарга байхдаа Монгол Улсад анх удаагаа болж байгаа хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн дээр очиж: Улс төрийн 3 намаас бүрдсэн хамтарсан Засгийн газрын Хурдтай хөгжлийн төлөөх Зориг гэрээний төсөлд Монгол Улсын хөгжил, дэвшлийг бодитоор урагшлуулах 15 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан гэж. Энэ: Мега төслөөр Монгол Улсын хөгжил урагшилна гэж үздэг байж.
24 оны 9 сарын 11-нд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр УИХ-аар батлагдсантай холбогдуулан хэрэгжиж эхэлж байна. 4 жилийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 мега төслийг эрэмбэлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр хэлэлцээр үргэлжилж байна. Хамгийн түрүүнд энэ намрын чуулганаар Францын “Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, хоёр цахилгаан станцыг УИХ-д мэдүүлнэ. 14 мега төслөөс гадна 14 реформыг хэрэгжүүлнэ гэж байж. Энэ: Өнөөдөр тэр энийгээ мартсан, санавал бухимдана.
24 оны 10 сарын 2-нд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Засгийн газрын 14 мега төслийн нэг Үндэсний хиймэл дагуулын төслийн талаар ҮАБЗ-д танилцуулж, УИХ-д өргөн барихад бэлэн боллоо. Монгол Улс Үндэсний хиймэл дагуултай болсноор харилцаа холбооны бие даасан системтэй болж, үндэсний аюулгүй байдал тэр дундаа кибер ауюлгүй байдлаа баталгаажуулж чадна. Монгол орны хаанаас ч өндөр хурдны интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах боломж нээгдэнэ гэж. Энэ: Тэрээр тэр үед мега төсөлд итгэдэг байж.
25 оны 7 сарын 7-нд ЭЗХ-ийн сайд Н.Учрал: Засгийн газраас 14 мега төслийг дөрвөн чиглэл 14 шалгуур үзүүлэлтээр эрэмбэлсэн. Эдгээрээс 5 төслийн ажил эхлэн урагшилж байгаа. 5 төсөл улсын төсвөөс санхүүжилт шаардахгүй. Үлдсэн 4 төслийг хойшлуулах шаардлага байна гэж үзсэн. Гашуунсухайт -Ганцмод хил холболтын төмөр зам барих ажил урд хил дээр эхэлсэн. Мөнхүү маргааш Эдийн засгийн форум болно. 1000 орчим зочин оролцох юм байна. Эдийн засгийн форум ТББ зохион байгуулдаг. Энэ жил төр зөвхөн төрийн албан хаагчдын мандатын төлбөрийг төлсөн. Өөр зардал гаргаагүй гэж. Энэ: Тэрээр эдийн засгийн форумыг шаардлагагүй хурал гэдэг болсон.
26 оны 4 сарын 14-нд Ерөнхий сайд Н.Учрал: Би мега төслийг дэмжинэ, мега хулгайг зогсооно. Буруу төсөлд гацаа хийнэ, зөв төсөлд гарц хийнэ. Энэ: Ганган пиар үг. Энэхүү тайлбараар улс төрөө ч ганган хийсэн.
26 оны 5 сарын 14-нд Ерөнхий сайд Н.Учрал: Мега төсөл нэрээр тендер хулгайлсан байдалтай эвлэрэхгүй, тэрийг чинь зогсооно. Танил тал хамаагүй шүү. Хулгайч хулгайчийг бариарай гэдэг л болж байна. Зарим улстөрчдийн хэн нь ялгагдахаа больсон гэж. Энэ: Ашиглаад дууссан афоризм.
26 оны 5 сарын 29-нд Ерөнхий сайд Н.Учрал: Бид их мега төсөлд хэтэрхий хөрөнгө оруулсан. Үүн дээр тантай санал нэг байна гэж. Энэ: Ойлголт буруу тийш. Уулаасаа мега төсөлд хэтэрхий их хөрөнгө зарна, тэгчхээд хэрэгжүүлээгүй нь алдаа.
Эндээс Ерөнхий сайд Н.Учралын мега төслийн тухай долгион баригдахгүй. Гэснээ өмнөх 7 хоногт бүтэн мега төслөөр аялав, юу болов гэмээр юмнууд болов. Газрын тоснны үйлдвэр дээр очоод тултал дэмжихээр болж. Би хяналтдаа авлаа гэж. Тэнчээнээс Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлтийн чиглэлийн 127.1 км шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг үзээд: Уулыг нь нүхлээд, усан дээгүүр нь гүүр бариад төмөр замаа тавьж чаддаг болсны үр дүнд 127.1 километр төмөр замыг анх удаа монголчууд өөрсдөө барьж байгааг хараад бахархлаа гэж. Эдгээрийг нь ажсан олны ярих нь: Мега төсөлгүй Монгол гэж юу байхав. Мах, бензин гээд Дэнжийн 1000, ШТС хавиар гүйгээд, углуурга руу нь орохгүй, тэрнийгээ улс төрдөө ашиглаад байсан, ашгүй сая ойлгож. Энэ сайн гэх. Зарим нь: Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв гэлээ...
Ардын намынхан “Азтай Зандан” гэж атаархдагаа болиод “Алиа Зандан” гээд муулдаг болжээ... Эдүгээ Монголд цор ганц алсын хараатай, аз жаргалтай хүн Г.Занданшатар байна. Тэрээр 19 оноос хойш алтан суудалд суусан. Ми.Энхболдыг огцроход ЗГХЭГ-ын даргаас УИХ-ын даргын суудалд дэвшсэн. Тэнчээнээ тасралтгүй 5 жил суугаад 24 оны сонгуультай золгосон. Гэвчиг 24 оны сонгуульд унасан. Гэлээ гээд Ерөнхийлөгч Г.Занданшатарыг хаяагүй. Тамгын даргаараа тавьсан. 25 оны 6 сард Л.Оюун-Эрдэнийг огцруулаад орны Ерөнхий сайдаар 25 оны 7 сард түүнийг тохоосон. Тэрээр 26 оны 3 сард огцорсон. Энүүгээр нь МАН-ынхан түүнийг: Азтай Зандан гэдэг байж. Атаатай, магтаалтай нэр. Ийнхүү Ерөнхий сайдаас огцорсноосоо хойш 5 сар болж буй.
Гэвчиг мань Г.Занданшатар энэхүү 5 сард намынхнаасаа хайрласан: Азтай Зандан гэх нэрээ өөрчлүүлж орхиж. Нууцгүй үнэнийг дуудахад: Тэрээр 27 онд Ерөнхийлөгч болчих санаатай, тэрийгээ нуухгүй, ил тодорхой сонгуульдаж яваа цор ганц улстөрч. Уул нь: Энэ алсын хараа мөн биз? Нэгэнтээ энийг харсан түүнд ялих ялихгүй сэдвүүд яршиг гуай л байх шиг. Гэвчиг анзаарах ёстой юм гараад ирж. Намынхан нь түүнд дуртай биш болж. Урьд нь: Магтаал, атаа 2-т боож өгсөн Азтай гэдэг нэрээ Алиа болгоод өөрчилж. 80 жилийн өмнө Төв циркийн зрителиэс Төв хорооны ордон хүртэл инээд түгээж явсан алиа эр, Ардын жүжигчин. Яагаад ийнхүү: Алиа гэснийг сонсож чих талбив. Тэгэхнээ: Саяны наадмаар Төв асарт сууна гэж уурласаар байгаад Төрийн 3 өндөрлөгтэй хамт сууж наадам үзэж. Тэрнийгээ зарлуулна гэж уурлаж байгаад. Монгол Улсын Ерөнхий сайд асан Гомбожавын Занданшатар Төв асарт мориллоо гээд зарлуулж. Энэ мэтхэнээр Төрийн ёслолынхон буюу протоколынхныг сандаргаж, басхүү самарч.
Мөнхүү тэрээр бууснаасаа хойш гадаадад томилолтоор явахдаа: Заавал хамгаалалт авна гэж уурладаг болж. Гадаад яамныхан тэрэнд нь стрессдээд хэцүүдэж. Энүүнээс гадна: Ерөнхийлөгчтэй хамт жанжин малгай өмсөж нээлтээр морьтой давхиад, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр 2 Дархан аваргыг барилдуулан, малгайг нь барьж, засуул хийж, тэрнээс гадна буу буудаж, шатар тоглож гүйгээд тэр болгоноо 27 оны пиар хэмээх болж. Энүүнээс хэцүү нь: Төрийн ордон, МАН-ын ордон 2-т тус бүр өрөө гаргуулна гэж тамлаад төрд байгаа болон нам дээрх намынхнаа өөртөө дургүй болгож. Энэ нь овоорсоор МАН-ынхны сэтгэлийг хөргөж. Эдүгээ зарим нь хөнгөхөөн: Зандан бро хийцгүйрээд дууслаа гэх болж.
Гэвчиг: Сүүл үест Ерөнхий сайд Н.Учралын талынхан түүнд бүрчиг таагүй хандах болж. Н.Учралын гэх чинь: Намын даргын хавь ойр гэх үг. Яав ийв гэхнээ: Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа багш нарын цалинг попорч нэмсэн. Үйлийн үрийг нь Н.Учрал дарга эдэлж байгаа. Г.Занданшатарын үед МАН 2 хуваагдсан. Хатуу зөрчил үүсгэсэн нь түүний буруу. Ийм Алиа Зандан нэр дэвшвэл МАН сонгуульд ялагдана. Тиймийн учраас: МАН өөр дүрүүдээс сонголт хийх нь зүй хэмээцгээж. Базах нээ: МАН*-ынхан “Азтай Зандан” гэж атаархдагаа болиод “Алиа Зандан” гээд муулдаг болж. Намдаа нэрээ алдана гэдэг Г.Занданшатарт муу. Гэлээ гэхдээ МАН-аас 27 онд нэр үйл цэвэртэй, сэтгэл зүтгэл сайтай, алиа шог үйлгүй 50 нас хүрсэн, улс төр, амьдрал 2-т элдүүрээ хангуулсан улстөрчид зөндөө л байна...
Ө.БАТБИЛЭГ /Өдрийн сонин/



