/Kazinform/ Дональд Трампын засаг захиргаа дахин бүрдсэнээс хойших 18 сарын хугацаанд нийтдээ 175 мянга гаруй хүнд олгосон Америкийн визийг цуцалсан нь Жо Байден ерөнхийлөгчөөр ажилласан хугацаанд цуцлагдсан визний тооноос даруй 4 дахин их байна.
Дээрх тооны виз цуцлагдсан нь янз бүрийн гэмт хэрэг, тухайлбал, халдлага үйлдсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хулгай хийсэн, хар тамхитай холбоотой гэмт хэргүүд үйлдсэнтэй холбоотой ажээ. Мөн аюултай байдлаар автомашин жолоодсон, бэлгийн хүчирхийлэл, хүүхдэд хэрцгий хандсан, луйвар, хөрөнгө завшсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн олон хүний визийг цуцалсан тухай АНУ-ын Төрийн департаментын мэдээлэлд дурдсан байна.
Мэдээлэлд “Ерөнхийлөгч Трамп, Төрийн нарийн бичгийн дарга Рубио нарын удирдлага дор Төрийн департамент нь Америкийн ард түмний аюулгүй байдалд заналхийлж буй гадаадын иргэдийг илрүүлэн, мөрдөн шалгаж, тэдний визийн цуцлах болно” гэжээ.
Харьцуулваас, Байдены үед буюу 2024 онд 40 мянган визийг цуцалсан бол Д.Трамп сонгогдсоноос хойших нэг жилийн хугацаанд 100 мянган виз, энэ онд 75 мянган визийг цуцалсан байна.
Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд буюу 2017-2020 онд АНУ-ын Цагаачлалын алба /USCIS/ 935346 хүнийг албадан гаргасан бол 2021-2024 онд буюу Ж.Байдены үед 545252 хүнийг албадан гаргажээ.
Гэтэл Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойш 605 мянган хүнийг албадан гаргасан тухай АНУ-ын Дотоод хэргийн яам мэдэгдсэн байна.



