/ANADOLU/ АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Жаред Кушнер, Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху нарын уулзалтын дүнд Газын зурвасын асуудлаар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ. Израилын Ерөнхий сайдын Тамгын газраас нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, Нетаньяху болон Энхийн зөвлөлийн төлөөлөгчдийн уулзалт “бүтээлч уур амьсгал”-д болсон байна.
Эхний ажлын хэсэг нь Газад зэвсэг хураах асуудалд төвлөрөх бөгөөд энэхүү үйл явцыг түргэсгэх, Газын зурваст сэргээн босгох ажил эхлэхээс өмнө ХАМАС-ын зэвсгийг хурааж дуусгах тал дээр Израил, Энхийн зөвлөл хоёр санал нэгтэй байна. Харин хоёр дахь ажлын хэсэг нь Газын хүн амыг цэвэр усаар хангах, эрүүл ахуй-ариун цэвэр зэрэг эрүүл мэндтэй холбоотой асуудлуудыг хариуцах ажээ.
Гэхдээ Израилын хэвлэлүүдэд бичсэнээр, талууд олон асуудлаар санал зөрүүтэй байв. Израилын төрийн мэдлийн КАN телевизийн мэдээлснээр, Нетаньяху, Кушнер нарын уулзалт 4 цаг үргэлжилсэн бөгөөд түүнд Кушнерээс гадна Газын зурваст энхийг тогтоох комиссын Дээд төлөөлөгч Николай Младенов, комиссын гишүүн, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр, Израилын талаас Дотоод аюулгүй байдлын “Шин-Бет” албаны захирал Дэвид Зини, Израилын армийн тагнуулын газрын дарга Шломи Биндер нар оролцжээ.
Уулзалтын явцад Газын асуудлаарх хэлэлцээний явцыг түргэсгэх, ХАМАС-ын зэвсгийг хураах асуудлуудаар талууд тохиролцоонд хүрч чадсан байна. Тухайлбал, ХАМАС бүлэглэл зэвсгээ Газыг удирдах Үндэсний хороонд /NCAG/ бус харин Америкийн цэргийн командлагч Жаспер Жефферсийн удирдаж буй Олон улсын тогтворжуулах хүчинд хураалгахаар болсон байна.
Харин Израилын цэргийг Газаас гаргах эсвэл цэргийн тоог цөөлөх асуудлаар тодорхой шийдэлд хүрсэнгүй. Кушнер, Младенов нар ням гаригт Каирт очиж, Египетийн Ерөнхийлөгч Абдельфаттах ас-Сиси болон ХАМАС-ын төлөөлөгчидтэй уулзсаныхаа дараа Израилд ирсэн юм.



