Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-гийн Ногоон бүсийн хөтөлбөр өнөөдөр “Тэсвэрлэх байдлын өдөр”-өөр үргэлжилнэ.
Энэ өдрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, ган, цөлжилт, газрын доройтлын эрсдэлийг даван туулах, орон нутаг, экосистем, малчдын амьжиргааг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй болгох бодит шийдлийг хэлэлцэж байгаа юм.
Өглөөгүүр уур амьсгалын ухаалаг дата шинжилгээ, гангийн эрт сэрэмжлүүлэг, олон нийтэд суурилсан ландшафтын нөхөн сэргээлт, уур амьсгалд тэсвэртэй малчдын нийгэмлэг зэрэг шийдлийг танилцуулах аж. Мөн бэлчээр, малчдын амьжиргаа, нүүрстөрөгчийн тэсвэрлэх байдал, Евразийн тал хээрийн малчдын уламжлалт мэдлэг, экосистемийн сэргээн засварлалт, байгальд суурилсан шийдэл, доройтсон газрыг нөхөн сэргээх шинэ технологийн талаар хэлэлцүүлэг өрнөнө.
Үдээс хойш цөлжилтөд тэсвэртэй байдлыг хангах нэгдсэн засаглал, байгальд суурилсан шийдэл, түншлэл, элс, шороон шуурганы эрсдэлийг бууруулах асуудлыг хэлэлцэх юм.
“Тэсвэрлэх байдлын өдөр” нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын нөлөөллийг бууруулахад чиглэсэн бодит шийдэл, инноваци, орон нутгийн мэдлэг, олон талын хамтын ажиллагааг нэг дор танилцуулах ач холбогдолтой өдөр болж буйгаараа онцлогтой.
Харин “Зүчи” тайзнаа залуучууд, малчдын дуу хоолой болон соёлын хөтөлбөрүүд үргэлжилнэ.




