Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедын хамт өчигдөр Чингэлтэй дүүрэгт ажиллав. Энэ үеэрээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нарны эрчим хүчээр Улаанбаатар хотын гэр хорооллыг шинэчлэх нь (Нарны илч)” төслийн явцтай танилцлаа.
Гэр хорооллын айл өрхүүдийн халаалт, цахилгааны хэрэгцээг нарны эрчим хүчээр шийдвэрлэж, өрхийн зардлыг багасгахын зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах тус шийдлийн хүрээнд дүүргийн 450 өрхийг нарны эрчим хүчид суурилсан халаалтын системээр хангахаар зорьж байгаа юм.
Нарны хавтан, эрчим хүч хуримтлуулах батарей, дулаан хадгалах цахилгаан халаагуур, ухаалаг тоолуур бүхий систем нь айл өрхүүдийн цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ илүүдэл цахилгаанаа төвийн сүлжээнд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлж буй аж.





