/Xinhua/ Ази-Номхон далайн бүс нутгийн залуу мэргэжилтэн, судлаачид Хятадын өмнөд Гуандун мужийн дэлхийн тэргүүлэх технологийн төв Шэньжэньд цуглан ногоон эрчим хүчний шилжилт бүс нутгийн ирээдүйг хэрхэн тодорхойлох тухай хэлэлцжээ.
"Ази-Номхон далайн залуучуудын уулзалт: Эрчим хүчний тусламжтайгаар хамтын ирээдүйг бүтээх нь" сэдэвт энэ хэлэлцүүлэг баасан гарагт болж, 13 улсын 60 гаруй мэргэжилтэн, судлаач, сэтгүүлчид оролцов.
"Цэвэр, найдвартай, үр ашигтай эрчим хүчний тогтолцоог бий болгох нь Ази-Номхон далайн бүс нутгийн нийтлэг хөгжил цэцэглэлтийн чухал суурь юм" гэж нээлтийн ёслолын үеэр АПЕК-ийн Тогтвортой эрчим хүчний төвийн бодлого судалгааны албаны дарга Юй Гуаньи хэлжээ.
Ногоон шилжилтэд залуучуудын дуу хоолой чухал гэдгийг онцлоод, Бээжингийн Их Сургуулийн "Енчин" академийн Австралийн магистрант Лео Барри илүү олон залуусыг нарийн мэргэжлийн ийм хэлэлцүүлэгт оролцуулах нь илүү цэвэр, илүү ногоон, илүү хөгжингүй ирээдүйг бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулахад нь түлхэц өгөх нь чухал болохыг тэмдэглэсэн байна.
Залуу төлөөлөгчид Шэньжэнь хотын төвд байрлах Хятадын анхны нүүрстөрөгчийн ялгаруулалтгүй интерактив 110 кВ-ын Чунхуй дэд өртөөтэй танилцан, ногоон эрчим хүч хотын хурдацтай хөгжиж байгаа үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагааг хэрхэн тогтвортой цахилгаанаар хангах хүчин чадалтайг үзэж сонирхжээ.
Шэньжэнь хотод 11 дүгээр сард АПЕК-ийн 33 дахь удаагийн Эдийн засгийн удирдагчдын уулзалт болохтой холбогдуулан төлөөлөгчид бүс нутгийн орнуудын хоорондох ногоон эрчим хүчний хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулж байна.



