/Euronews/. Европын Холбоонд /ЕХ/ элсэх хэлэлцээг сэргээх эсэх асуудлаарх бүх нийтийн санал асуулга ирэх бямба гаригт Исланд улсад болно. Энэ үед тийм, үгүй гэсэн санал өгөх хүмүүсийн тооны зөрүү улам бүр багасч байна.
Maskína компанийн хийсэн судалгаагаар, “тийм” гэсэн хариултыг судалгаанд оролцогчдын 51.3 хувь, “үгүй” гэсэн хариултыг 48.7 хувь нь өгчээ. Үүнээс өмнө Исландын Vísir цахим хуудасны захиалгаар хийсэн санал асуулгын дүнгээр уг зөрүү зургаадугаар сард 6.2 хувь, наймдугаар дугаар сард 4.4 хувьтай байсан юм.
Мөн 8 дугаар сарын 17-нд нийтлэгдсэн АНУ-ын Gallup статистик судалгааны компанийн санал асуулгын дүнг харвал, хэлэлцээг сэргээхийг 51.5 хувь нь дэмжсэн бол 48.5 хувь нь эсрэг санал өгсөн байна.
Лхагва гаригт дүнг нь нийтэлсэн Maskína компанийн судалгааг 8 дугаар сарын 21-25-нд явуулж, 1000 орчим хүнийг хамруулсан нь 400 мянган хүн амтай Исландын хувьд өргөн хүрээтэй санал асуулга юм.
Санал асуулгын явцад “ЕХ-нд элсэх нь Исландын бүрэн эрхт байдалд нөлөөлнө хэмээн санаа зовниж байна уу” гэсэн асуултыг тавихад оролцогчдын 47 хувь нь “тийм” гэж хариулсан бол 47 хувь нь “санаа зовнихгүй байна” гэжээ.
Өмнө нь 2015 онд загас агнуур ба хөдөө аж ахуй гэсэн эдийн засгийн асуудлуудаас үүдэн тус улсыг ЕХ-нд элсүүлэх асуудлаарх хэлэлцээ зогссон юм. Исланд улс 2009 онд буюу дэлхий даяар санхүүгийн ноцтой хямрал нүүрлэж, тус улсын эдийн засаг хүнд байдалд орсон үед ЕХ-нд элсэх өргөдлөө өгчээ.



