Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын Монголын дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл, эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна.
Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ
(2026.08.17-2026.08.23)
АНУ-ЫН ХОЛБООНЫ ТӨСВИЙН АЛДАГДАЛ 7 ДУГААР САРД $432 ТЭРБУМД ХҮРЧ, ТӨСВИЙН ДАРАМТ НЭМЭГДЭВ
АНУ-ын нийт улсын өр 2026 оны 8 дугаар сарын 18-нд анх удаа $40 их наяд давж, $40.047 их наяд хүрсэн талаар АНУ-ын Сангийн яам мэдээллээ. Үүнээс $32.3 их наяд нь олон нийтэд эзэмшиж буй өр, $7.8 их наяд нь Засгийн газрын дотоод өр байна. Өрийн хэмжээ 2017 оноос хойш хоёр дахин нэмэгджээ.
Өрийн өсөлт нь зөвхөн нэрлэсэн дүнгээрээ бус, Засгийн газрын санхүүжилтийн зардлаар дамжин эдийн засагт нөлөөлж байна. 2026 оны санхүүгийн жилийн эхний 10 сард холбооны төсвийн алдагдал $1.8 их наяд хүрсэн бөгөөд долоодугаар сарын ганцаарчилсан алдагдал $432 тэрбум байсан. Үүний зэрэгцээ 30 жилийн Treasury бондын өгөөж 8 дугаар сарын дунд үед 5.216% хүрсэн нь 2001 оноос хойших хамгийн өндөр түвшнүүдийн нэг болж, хөрөнгө оруулагчид урт хугацааны Засгийн газрын өрийг эзэмшихэд илүү өндөр өгөөж шаардаж байгааг харууллаа.
Өрийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр хүүгийн төлбөр төсвийн улам том хэсгийг эзэлж, боловсрол, дэд бүтэц зэрэг бусад зарцуулалтын орон зайг хязгаарлах эрсдэлтэй. Мөн урт хугацааны Treasury-ийн өгөөж өндөр байх нь ипотекийн зээл, компанийн санхүүжилт болон бусад зээлийн өртөгт дамжин нөлөөлөх боломжтой. Зах зээлд өндөр өр, төсвийн алдагдал, инфляцын эрсдэл зэрэг нь Treasury-ийн өгөөжийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна.
$40 их наядын босго нь өөрөө эдийн засгийн хямрал эхэлснийг илэрхийлэхгүй боловч АНУ-ын төсвийн урт хугацааны тогтвортой байдлын асуудлыг улам тодотгож байна. Өрийн хэмжээ өсөхийн зэрэгцээ хүүгийн зардал нэмэгдэж, урт хугацааны бондын өгөөж өндөр хэвээр байвал Засгийн газрын дахин санхүүжилтийн өртөг өсөх бөгөөд энэ нь мөнгөний бодлогын уян хатан байдал болон хувийн хэвшлийн зээлийн нөхцөлд дарамт үүсгэх эрсдэлтэй.
AI-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨСӨЛТ ҮРГЭЛЖИЛЖ, ЗАХ ЗЭЭЛИЙН АНХААРАЛ ӨГӨӨЖ РҮҮ ШИЛЖИЖ БАЙНА
Хиймэл оюуны салбарын хөрөнгө оруулалтын өсөлт үргэлжилж байгаа ч хөрөнгө оруулагчдын анхаарал зөвхөн AI-д зарцуулж буй хөрөнгийн хэмжээнээс илүүтэйгээр аль компаниуд энэ хөрөнгө оруулалтыг тогтвортой орлого, ашиг болгон хувиргаж чадах вэ гэдэгт шилжиж байна. Reuters-ийн мэдээллээр Microsoft болон Amazon-ын сүүлийн үр дүн AI дэд бүтцийн эрэлт өндөр хэвээр байгааг харуулж, томоохон хөрөнгө оруулагчдын AI салбарын талаарх болгоомжлолыг тодорхой хэмжээнд бууруулжээ.
Үүний зэрэгцээ AI дата төвийн дэд бүтцэд оруулж буй хөрөнгө оруулалт улам нэмэгдэж байна. CoreWeave-ийн захиалгын үлдэгдэл 2026 оны II улиралд $104.2 тэрбумд хүрсэн нь тооцоолох хүчин чадлын эрэлт өндөр хэвээр байгааг харуулсан бөгөөд компанийн хувьцаа болон бусад AI дэд бүтцийн компаниудын үнэлгээ огцом өссөн байна.
Гэхдээ энэ өсөлт өндөр хэмжээний хөрөнгө оруулалт болон санхүүжилтийн хэрэгцээг дагуулж байна. Nvidia AI дэд бүтцийн санхүүжилтэд $500 тэрбум гаруй хэмжээний хөрөнгө татах санаачилгыг санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа нь салбарын капиталыг эрчимтэй тэлж байгааг харуулж байна. Үүний зэрэгцээ өрөөр санхүүжсэн AI компаниудын хувьд өндөр үнэлгээ, хөрөнгө оруулалтын өгөөж тодорхой бус байх нь эрсдэл хэвээр байна.
Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байлаа. АНУ, Европ болон Азийн ихэнх гол индексүүд буурсан бөгөөд ялангуяа технологийн хувьцааны жин өндөртэй зах зээлүүд илүү хүчтэй уналт үзүүлэв. Зах зээлийн бууралтад АНУ-ын бондын өгөөжийн өсөлт, технологийн хувьцаануудын үнэлгээтэй холбоотой болгоомжлол болон Ойрхи Дорнодын геополитикийн эрсдэл голлон нөлөөлсөн байна.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
S&P 500: -1.49%
Dow Jones: -0.72%
Nasdaq: -2.26%
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээл нийтээрээ сул гүйцэтгэлтэй байлаа. S&P 500 индекс 1.49%, Dow Jones индекс 0.72%, Nasdaq индекс 2.26%-иар тус тус буурсан бөгөөд үүнээс технологийн хувьцаанууд давамгайлдаг Nasdaq хамгийн их уналттай байв. АНУ-ын зах зээлд Засгийн газрын урт хугацаат бондын өгөөж өсөж, газрын тосны үнэ нэмэгдсэн нь хувьцааны үнэд дарамт үзүүлсэн байна. Ялангуяа АНУ-ын 30 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 5.3%-д хүрч, 2007 оноос хойших хамгийн өндөр түвшинд ойртсон нь өндөр үнэлгээтэй өсөлтийн болон технологийн компаниудын хувьцаанд илүү хүчтэй дарамт үзүүлжээ. Мөн AI болон технологийн хувьцааны өндөр үнэлгээтэй холбоотой болгоомжлол нэмэгдэж, Nasdaq индекс бусад индексээс илүү унасан байна. Үүнээс гадна АНУ-Ираны геополитикийн хурцадмал байдал нефтийн үнийг өсгөж, хөрөнгө оруулагчдыг эрсдэлээс зайлсхийхэд хүргэсэн харагдаж байна.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
FTSE 100: +0.62%
STOXX Europe 600: -0.67%
DAX 40: -1.34%
CAC 40: -1.67%
Европын хөрөнгийн зах зээлийн хувьд холимог гүйцэтгэлтэй байлаа. Их Британийн FTSE 100 индекс 0.62%-иар өссөн бол Европын бүсийн STOXX Europe 600 индекс 0.67%, Германы DAX 40 индекс 1.34%, Францын CAC 40 индекс 1.67%-иар тус тус буурсан байна. Европын зах зээлд долоо хоногийн турш АНУ-ын урт хугацааны Засгийн газрын бондын өгөөж болон газрын тосны үнэ өндөр түвшинд хадгалагдсан нь инфляцын дарамт нэмэгдэх, улмаар мөнгөний бодлого зөөлрөх хүлээлт буурах болгоомжлолыг нэмэгдүүлж, хувьцааны зах зээлд дарамт үзүүлэв. Гэсэн хэдий ч Евро бүсийн эдийн засгийн идэвхжил хүлээлтээс сайн гарч, компанийн ашгийн үзүүлэлт харьцангуй эерэг байсан нь зах зээлийн уналтыг тодорхой хэмжээнд хязгаарласан байна. Харин FTSE 100-ийн өсөлтөд алт болон суурь металлын үнэ өссөнтэй холбоотой уул уурхайн компаниудын хувьцааны өсөлт эерэгээр нөлөөлжээ.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Nikkei 225: -4.16%
KOSPI: -3.01%
CSI 300: -1.14%
SSEC: -0.63%
Азийн хөрөнгийн зах зээл нийтээрээ бууралттай байлаа. Японы Nikkei 225 индекс 4.16%-иар, БНСУ-ын KOSPI индекс 3.01%-иар буурч, бүс нутгийн зах зээлүүдээс хамгийн өндөр уналтыг үзүүлэв. Мөн Хятадын CSI 300 индекс 1.14%, SSEC индекс 0.63%-иар тус тус буурсан байна. Японы Nikkei 225 болон БНСУ-ын KOSPI индексүүд технологи, экспортын компаниудын жин өндөртэй тул АНУ-ын технологийн хувьцааны сулрал, өгөөжийн өсөлтөөс ихээхэн дарамт авсан байна. Мөн Ираны дайн болон Hormuz-ийн хоолойн тодорхойгүй байдлаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт нь Азийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлийг нэмэгдүүлсэн. Ерөнхийдөө хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх хандлага нэмэгдэж, Азийн гол зах зээлүүдэд борлуулалтын дарамт зонхилсон долоо хоног болж өнгөрлөө.



