Хорвоо дэлхийд ч, манайд ч улс төрийн амьдрал ид халж эхэллээ. Дэлбэрэх вий дээ гэмээр л болж байна даа. Энд ч сөргөлдөөд, тэнд ч байлдаад. Энэ хорвоо Дэлхийн II дайны өмнөх байдал төлөвт орж байна гээд л дэлхийн нэртэй том том аналитикууд шуугицгаана. Хүн төрөлхтөн бүгдээрээ, түүний дотор монголчууд бид ч, хүссэн хүсээгүй Дэлхийн III дайны ирмэг дээр ирж байх шиг муу совин татна. Яаж шүү төгсдөг юм бол доо?
Дэлхийн II дайн нь технологийн эрэмбээр “Механизм”-ын дайн байсан бол өнгөрсөн 80 жилийн дотор шинжлэх ухаан-техник, технологи үсрэнгүй хөгжөөд, үүний үр дүнд Орос-Украины дайн технологийн бүтэн нэг эрэмбэ-автоматизмын эринийг шүргэн өнгөрөөд компютержсэн “Хиймэл оюун ухаан”-ны дайнд гулсаад орчихлоо байна.
Ердөө арваадхан жилийн өмнө амьдралд дөнгөж ”хөл тавьж” байсан “Дрон” гэгч “бяцхан хүүхэд” хоромхон зуур өсөн өндийж “насанд хүрч” цаашдаа улам өсөж, улмаар дэлхийн хувь заяаг шийдэгч болж тун магадгүй байдалд орж байх шиг байна. 4 жил хагасын өмнө Оросууд Украиныг номхотгон дарах аян дайнд мордохдоо “Улаан тугаа мандуулан, улсын сүрээ бадруулан” олон зуун танк, их буугаар зэвсэглэн, нисэх хүчнээр дэмжүүлсэн механикжсан хүчирхэг арми, 300.000 цэрэг бүхий хүний олноор сүрдүүлэн довтолж ороод санаснаа гүйцээх нь гэдэгт бараг хэн ч эргэлзэхгүй байсан биз ээ.
Тэр үед хэдхэн жилийн дараа “дрон” гэгч “чөтгөр” гарч ирээд манийг сүйдлээд хаяна оросууд гэж бодоогүй л байх л даа. Путин бол бүр ч бодоогүй төсөөлөөгүй, тэр ч манандаа одоо төөрсөөр явна. Тийм ч учраас тэр бээр дайныг итгэл төгс эхлүүлсэн. Нэг үгээр бүгд л “Технологийн шинэ эрин” нэгэнт ирчихсэн байна гэдгийг ойлгоогүй, эсхүл цаг нь арай болоогүй гэж үзэж байсан бололтой. Гэвч дайны өрнөл хар аяндаа “ДРОН” гээч нэгэн “чөтгөр”-ийг төрүүлжээ. Арав гаруйхан жилийн өмнө жижиг сажиг ачаа зөөж, зураг авах төдийхөн үүрэг гүйцэтгэж байсан дронууд тэсрэх бөмбөг тээсэн аймшигт “чөтгөр” болон хувирав. “Дроны 100 оператор 20 000 явган цэрэгтэй тэнцэнэ” гэсэн мэдээ Британийн хэвлэлд явж байна.
Хүний олноор сүрдүүлдэг цаг өнгөрөөд байхад манай “орос ах” нар ухаардаггүй ээ. “Нүдээ аниад” л дайраад байна. Өч төчнөөнөөрөө үхээд л байдаг, үхээд л байдаг, дайраад д байдаг. Хайран оросын иргэн, олон үндэстний залуус. Гэвч энэ бол байх л ёстой гарз гэж үздэг нь тэдний түүхэн уламжлал юм. Их гүрний империалист үзэл олон зуунаар “орос тархи”-нд гүн бат суусан бололтой.
“Патриотизм” гэдэг сайхан үгээр тархийг нь угаасаар байгаад жирийн орос хүмүүс ч тэгж боддог болчихсон юм биш үү? Украиныг эзлэх санаатай энэ дайныг дэмжээд байгаа ард иргэдийг нь харахаар тэгж бодогдох юм. Тэгээд л би оросуудыг харгис харизмтай гээд байгаа юм.
Оросын Төр 300 гаруй жил оршин тогтнохдоо олон дайн өдөөж, олон арван (зуун) сая эрчүүдээ золиосонд гаргасан. Түүний ганц хоёрхон жишээг татая.
Аугаа их эх орны дайны үеийн нэгэн аймшигт хядлагын нэг бол энэ дайны түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн “Ржевийн махан таташ” буюу оросуудын өөрсдийнх нь нэрлэдэгээр “Ржевская мясорубка” гэдэг гунигт түүх юм. Тулалдааны явцад стратегийн онцын ач холбогдолгүй нэгэн жижиг өндөрлөгийг эзлэн авахаар Жуков шийджээ. Тэр өндөрлөгийн оройд ашигтай байрлал эзэлсэн германчууд бэхлэлт байгуулчихсан. Зөвлөлт (Орос)-ийн цэрэг дайрах задгай тал тэдний алган дээр тавьсан мэт харагддаг байж л дээ. Ямар сайндаа л бэхлэлтээс галлаж байсан герман цэргүүд, амиа үл тоон мугуйдлан дайрч байгаад өөрийнх нь суманд оногдон хиарч байгаа зуун зуун цэрэг эрсийг нь хараад зүрх алдаж байсан тухайгаа хожим дурсамждаа бичиж үлдээсэн гэж би лав уншиж байснаа санаж байна.
Цэргийн мэргэжилтэн байтугай жирийн хүн ч энэ чиглэлээр дайрвал алуулж дуусна гэдэг нь ойлгомжтой байтал харгис Жуков энэ өндөрлөгийг заавал тэр задгай талаар давшиж байгаад дайрч эзэлнэ гэдэг аймшигт тушаал өгсөн байгаа юм. Тэрүүхнийг авах гэж 100 000 орчим Зөвлөлтийн улаан цэрэг эрс хядуулсан. Урдаас нь герман цэргүүд буудаад араас нь НКВД-гийн пулемётчид галлаад хөөрхий тэднийг ямар ч утга учиргүй хядуулж байжээ. Дээр байгаа зураг дээр яг энэ үйл ажиллагааг харуулжээ. Мөн ийм нэгэн ажиллагааны тухай Оросын киночид “Торгуулийн суман” гэдэг олон ангит кино туульс бүтээснийг манайхан үзсэн байх.
Чухамхүү Жуковын энэ харгис, хүний үнэргүй энэ зан чанар л Сталинд таалагддаг байжээ.
Берлинийг эзлэхдээ хүн хүчний хохирол аль болох бага байхаар төлөвлөсөн маршал Коневын дэвшүүлсэн саналыг чухамүү Жуков л бут ниргэсэн. Тэр “Махны машин”-аа ажиллуулахаар шийдсэн. Сталин түүнийг дэмжсэн. Золиосонд нь өнөөх л заяагүй хөөрхий зөвлөлтийн цэрэг эрс түм бумаараа амь үрэгдсэн. Хүний олон сайхан хөвгүүдийг хядчихаад, хядуулчхаад “Санаа зоволтгүй ээ, орос эх бидэнд цэрэг эрийг төрүүлээд өгнө” гэж тэр л эрээ цээргүй хэлж чадна.
Сталины ивээлд баттай орсон Жуковын нэр хүнд түүнийг үхсэнээс хойш унаж эхэлсэн. Гэвч зальтай Хрущев түүнийг өөрийн хуйвалдаандаа ашиглаж байгаад хожим нь БХЯ-ны сайдын албан тушаалаас зайлуулснаар барахгүй БХЯ-ны дэргэдэх Аугаа их эх орны дайнд оролцсон нэрт генерал, адмирал, маршалуудаас бүрдсэн “Генералуудын ерөнхий байцаагчдын зөвлөл”-д (Группа генеральных инспекторов при МО СССР) багтаагаагүй цорын ганц маршал юм. Томилогдон очсон газар бүрдээ дэг журам тогтоох нэрээр буудан алах тушаалаар ажлаа эхэлдэг байсан түүнд тэр үеийн СССР-ийн Армийн дээд элитүүд дургүй байсан. Зарим нь бүр үзэн яддаг байж.
Өөр нэг жишээ. 1954.09.14-нд Оренбург мужид хийсэн Зөвлөлтийн цөмийн зэвсгийн дэлбэрэлтийн тестэд 45,000 цэрэг эрсээ тусгай хамгаалалтын хувцасгүй, хорт хийгээс хамгаалах баггүй дэлбэрэлт болсон талбай дундуур явган алхуулсан байдаг. Дэлбэрэлтийн хүчин чадал Хирошимагийнхаас 2 дахин их байсан гээд бодохлоор хордлого нь хичнээн аюултай нь ойлгомжтой биз дээ. Аймшиг, аймшиг. Энэ харгис операцыг удирдсан гэмтэн нь нөгөө л муухай хэрцгий Жуков. Тухайн үедээ тэр алдарт маршал СССР-ийн БХЯ-ны сайд байв шүү дээ. Жуковыг соёлт ертөнц энэ хорвоогийн аймшигт алуурчдын нэг мөн гээд үздэггүй юм шүү дээ.
Европт нацизмыг хамтран дарж авсныхаа дараа Британы фельдмаршал Монтгомэри Улаан армийн маршал Жуковоос “Та яагаад хүний хүчээр давамгайлах тактик баримталдаг юм бэ” гэж асуухад “Танк гэдэг чинь үнэтэй эд шүү дээ” гэж хариулж нөгөөхийнхөө амыг ангайлгажээ. Улаан армид танк их буу маш үнэ цэнтэй, мина булсан талбай, намаг шавар руу эхлээд явган цэргээ оруулан замаа цэвэрлэн давшдаг байсан гэж хээв нэг ярьсан байгаа юм. Монтгомэри нь хожим дурсамждаа “Бидний өөдөөс Улаан армийн жанжин биш араатан сууж байв” гэж Жуковын тухай бичжээ.
Гэтэл даян дэлхийд, тэр ч бүү хэл Оросын иргэдийн тодорхой хэсэг нь ч дургүй, ийм нэр хүндгүй хүний хөшөө Ардчилсан Монгол Улсын нийслэл хотод “сүндэрлэж” байдаг нь гутамшиг гэлтэй. Түүгээр ч барахгүй манай монголчууд дотроос Оросыг уухайлан дэмжигч Ояа гэгчид тэнд очиж мөргөх нь холгүй сүсэглэнэ. Ардчилсан Монгол улсад “энэ бол яахав, хүний эрх юм” гэж бодъё. Мөрөөрөө “мөргөхгүй” учир мэдэхгүй хүүхэд багачуудыг хүчээр “мөргүүлж” байгаа нь харин гутамшиг юм даа.
Энэ хөшөөнд манай арми цэрэг дайчидаа жагсаан төрийн ийм өндөр хүндэтгэл үзүүлэх шаардлага байна уу? Харин Зөвлөлтийн армийн жирийн цэрэг эрсийн дурсгалыг хүндэтгэж Монголын арми цэрэг дайчидаа жагсаан төрийн ийм өндөр хүндэтгэл үзүүлж байгааг бол ойлгож болно.
Жуков-Сталин-Путин нар “оюун санаа”-ны хувьд “хүйн холбоотой” бололтой. Өнөөдөр Орос гүрнийг “Фашист-Рашист” гүрэн гэж сэрэмжлүүлэн, бас доромжлон нэрлэдэг. Би яагаад энд өнгөрсөн баларсан Жуков-Сталиныг яриад байна гэхээр Орос-Украины дайн эхэлсэн цагаас анхааран ажиглаж байхад одоогийн удирдагч Путин яг тэдний “заасан замаар” явж байна. Өнгөрсөн 8-р сарын мэдээллээр Оросын амьд хүчний хохирол 1,5 саяын босгыг давжээ. Энэ бол аймшигтай тоо. Дэлхийн II дайнаас хойшхи хамгийн хүнд хохирол дагуулсан үйл явдал.
Тийм байтал дахиад дээр нь нэмж 300 мянга, зарим мэдээллээр 500 мянган цэрэг нэмж дайчлах тухай мэдээ сонсогдоно. Оросын Парламентийн сонгуулийн дараа цэрэг татлага явагдана гэж яриа байгаа ч амьдрал дээр далд маягаар эхэлчихсэн бололтой. Өөрөөр хэлбэл Оросын армийн хохирол ийм их байхад нөгөө талаас Кремль дахиад хэдэн зуун мянган хүнийг дахиад ”Махны машин” руу шидэхээр бэлтгэж “Дайны мангас”-ыг улам олон хүнээр тэжээхээр бэлтгэж байна.
Хүний олноор сүрдүүлдэг цаг өнгөрөөд байхад манай “орос ах” нар ухаардаггүй ээ. “Нүдээ аниад” л дайраад байна. Сар тутам 30-50 мянган хөвгүүд үхээд л байдаг, үхээд л байдаг, дайраад д байдаг. Дрондуулаад л дуусна шүү дээ, хайран залуус.
Путин бол нүдэнд дулаахан хүн. Түүний нүдэнд дулаахан төрх, ёжтой зөөлөн инээмсэглэл хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлээд байх шиг байдаг. Гэтэл яагаад ийм “дулаахан” царайн цаана ийм аймшигт “мангас”-ын гэмээр араншин нуугдав? Брежнев мөн л нүдэнд дулаахан, сайхан хүн байсан. Зөөлөн хүн байсан гэдэг. Ямар сайндаа оросууд “Удобный лидер” гэж нэрлэх вэ дээ. Гэтэл тэр “зөөлөн” хүн Афганы дайныг эхлүүлэх сүүлчийн тушаалыг өгсөн. Олон мянган зөвлөлтийн цэрэг эрсийг дайны гал руу шидсэн. Брежнев бол бас л нэг аймшигт “мангас”. Эндээс ямар дүгнэлтэд хүрч болох вэ?
Эцсийн эцэст хэчнээн сайн, сайхан хүн байгаад ч Орос орон нийгмийн ямар байгууламжтай болсноос үл шалтгаалан Оросын Эзэнт гүрний үеэс эхтэй үе залгамжилсан аймшигтай харгис, эзлэн түрэмгийлэх “Хар хайрцаг”-ны бодлогоос гажих эрхгүй. Тэд рояалист, консерватив, народник ч бай, коммунист-большевик, социал-демократ ч бай, энэ бодлогоос урвахгүй гэж “тангараг” өргөсөн. Асуудлын учир энд л байна. Хэрэв одоо дайныг ямар нэг аргаар зогсоогоод Оросыг сул орхивол, арав хорин жилийн дараа хөл дээрээ босоод эргээд л нөгөө эзлэн түрэмгийлэх “Хар хайрцаг”-ны бодлогоо үргэлжлүүлнэ гэдгийг энэ дайн харуулж байна.
Яагаад оросууд ингэж өөрсдөдөө ийм харгис ханддаг нь гайхмаар. Одоо Орос гүрэн нэгэнт “фашист” маягийн орон болжээ. Түүнийг соёлт ертөнц хүлээн зөвшөөрч тэдэнд “Рашист” гэдэг нэр оноов.
Тодын Отгонбаяр /baabar.mn/ 2026.08.30



