УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сөрөг хүчний зүгээс чуулганы үүдэнд нойтон мах тавьж байгаад махны үнийн өсөлтийн асуудлаар мэдэгдэл хийлээ. Таны хувьд махны үнийн асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Засгийн газар цаашдаа махны экспорт, махны үнийн асуудлыг чөлөөт эдийн засгийн зарчмаар явах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Харин хувь хүнийхээ хувьд хэлэхэд, өнгөрсөн жил нөөцийн мах бэлтгэх ажил дээр тодорхой алдаа гарсан гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуйн сайд тодорхой арга хэмжээнүүд авч ажилласан. Гэхдээ бодит нөхцөл байдлыг харахад энэ үед махны үнэ буурсан байх ёстой. Гэтэл өнөөдөр буурахгүй байгаа шалтгаан нь баруун аймгуудад малын гоц халдварт өвчин гарч, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсантай холбоотой. Үүний улмаас зөвхөн зүүн аймгуудаас мал нийлүүлэгдэж байна. Нөгөө талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын хэлсэнчлэн энэ жил зүүн бүсийн зуншлага сайн байгаа. Өмнө нь малчин өрх зах дээр гурван хонь гаргаж орлого олдог байсан бол өнөөдөр хоёр хонь гаргаад л өмнөхтэй адил орлого олох боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, малын үнэ хангалттай өндөр байна гэсэн үг. Малчдын зүгээс ийм байр суурь илэрхийлж байгаа. Гэтэл хот суурин газруудад махны үнэ өндөр хэвээр байна. Тиймээс бид цаашдаа Нэгжийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн хүрээнд тухайн бүс нутагтаа хүнсний бодлого хэрэгжүүлэх эрх, үүрэгтэй шат шатны Засаг дарга нарын хариуцлагыг анхаарах ёстой. Энэ алдааг цаашид давтаж болохгүй. Ирэх жилээс махны нөөц бүрдүүлэх асуудалд нийслэл, аймаг орон нутгийн удирдлагууд өөрсдөө илүү анхаарч, иргэдийнхээ хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай.
-Шат шатны Засаг дарга нар мах нөөцлөх асуудлаа анхаараагүйгээс болоод энэ хавар, зун махны үнэ өндөр хэвээр байгаа гэж хэлж байна уу?
-Өнөөдөр махны үнэ Засгийн газрын асуудал болж харагдаж байгаа нь үнэндээ орон нутаг, нийслэлийн удирдлагууд нөөцөө бүрдүүлээгүйтэй холбоотой. Хэрэв нөөцөө бүрдүүлсэн байсан бол жил бүрийн хаврын улиралд үүсдэг улирлын шинжтэй хомсдолын үед үнийг тогтворжуулах боломжтой байсан. Тиймээс өнөөдөр гарч ирээд асуудлыг зохицуулах гэж ажиллаж байгаа Хүнс, хөдөө аж ахуйн сайдын асуудал гэхээсээ илүү аймаг, орон нутгийн удирдлагуудын хариуцах ёстой асуудал юм. Үүнийг олон нийт зөв ойлгох хэрэгтэй. Үнэндээ энэ асуудал Хүнс, хөдөө аж ахуйн сайдын асуудал ч биш. Аймаг, орон нутаг, нийслэлийн асуудал.
-Төсвийн тодотголыг оруулж ирэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, зургаадугаар сард баталсан. Гэтэл өнөөдрийг хүртэл төсвийн тодотгол өргөн баригдсангүй. Тэр үед энэхүү хуулийг ямар зорилгоор өөрчилсөн юм бэ?
-Миний хувьд Засгийн газар тухайн үед “Төсвийн тодотгол зайлшгүй оруулж ирэхгүй бол болохгүй” гэсэн асуудал яриагүй. Харин эрх зүйн хувьд ийм боломж бүрдүүлэх шаардлагатай гэдгийг л ярьсан. Засгийн газар намар төсөв өргөн барихдаа төсвийн тодотголыг хамтад нь өргөн барихаар шийдвэрлэсэн. Тодотгол хийх шаардлага байгаа нь тодорхой. Гэхдээ төсвийн тодотгол оройтно гэсэн ойлголт байхгүй. Өнөөдөр төсвийн хоёр ерөнхийлөн захирагчийн хооронд зохицуулалт хийх шаардлага үүссэн. Тухайлбал боловсрол, эрүүл мэндийн салбарт ийм хэрэгцээ бий. Санаж байгаа бол Засгийн газар байгуулагдсаны дараа Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын хамгийн эхний шийдвэрүүдийн нэг нь багш, эмч нарын цалингийн асуудлыг шийдвэрлэх байсан. Энэ шийдвэрийг батлагдсан төсөвтөө багтаан гаргасан. Одоо боловсролын салбарт 677 тэрбум төгрөгийн, эрүүл мэндийн салбарт 180 тэрбум төгрөгийн цалингийн санхүүжилтийн хэрэгцээ үүссэн. Тиймээс зөвхөн энэ хэмжээнд тодотгол хийнэ. Засгийн газар урсгал зардлаа танаж байгаад шийдвэрлэнэ. Түүнээс биш төсвийн тодотголоор хөрөнгө оруулалт нэмэх, эсвэл урсгал зардлыг өсгөх асуудал байхгүй.
-Дэлхий дахинд тодорхойгүй байдал үүсч, олон улс орон эдийн засгаа хамгаалах арга хэмжээ авч байна. Засгийн газар зургадугаар сард багтаан төсвийн тодотгол оруулж ирж, хаврын чуулганаар батлуулах шаардлагатай байсан гэж үзэх хүмүүс бий. Энэ талаар тодруулбал?
-Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа нь үнэн. Үүнтэй холбоотойгоор Уул уурхай, эрдэс баялгийн сайд ОХУ-д ажиллаж, энэ оны эцэс хүртэл нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах тохиролцоонд хүрсэн. Хоёрдугаарт, Засгийн газар татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг яаралтай өргөн барьсан. Энэхүү өөрчлөлт нь ойролцоогоор 2.2 их наяд төгрөгийн нөлөө үзүүлэх хэмжээний бодлогын арга хэмжээ юм. Одоогоор Улсын Их Хурал хэлэлцэж байна. Энэ нь иргэдийн орлогыг хамгаалах, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилготой. Мөн зэрэгцүүлэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн барьсан. Энэ хүрээнд 95 орчим хуулийг нэгтгээд бизнес эрхлэхэд саад болж буй дарамт, зохицуулалтуудыг цэгцэлж, чөлөөлөх бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хууль эрх зүйн хүрээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай бүх арга хэмжээгээ боловсруулж, Улсын Их Хуралд өргөн бариад хэлэлцүүлж байна.
-Т.Аубакир сайд шүлхий өвчний нөхцөл байдлаас шалтгаалан махны үнэ цаашид өсөж болзошгүй талаар мэдээлсэн. Шүлхийн вакцин худалдан авах санхүүжилтийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн гэж байсан. Энэ асуудал шийдэгдсэн үү, вакцин хэзээ ирэх вэ?
-Шүлхийтэй холбоотой санхүүжилтийн хүндрэл ямар нэгэн байдлаар байхгүй. Энэ удаад гарсан өвчин нь урьд өмнө бүртгэгдэж байсан шүлхий биш юм байна. Шинэ төрлийн, өөр хэв шинжийн шүлхий илэрсэн талаар холбогдох байгууллагууд мэдээлж байгаа. Тиймээс шаардлагатай вакциныг ОХУ-аас авах асуудлыг шийдвэрлэсэн гэж ярьж байна. Иймээс вакцин худалдан авахтай холбоотой санхүүжилтийн асуудал байхгүй.
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан нь үнэхээр шаардлагатай байсан гэж үзэж байна уу?
-Тийм. Энэ бол шаардлагатай өөрчлөлт байсан. Хуулийнхаа хүрээнд бид төсвийн хүрээний мэдэгдлээ баталсан. Тухайн үед дэлхийн эдийн засаг, гадаад орчны нөхцөл байдал тодорхойгүй байсан учраас намар хүртэл нөхцөл байдлаа ажиглаж, төсөвтэйгөө хамт тодотголын асуудлаа өргөн барья гэсэн байр суурьтай байсан. Хэрэв түүнээс өмнө эдийн засгийн хүндрэл, тодорхойгүй нөхцөл байдал үүсвэл төсвийн тодотголыг өргөн барих бүрэн боломжтой. Төсвийн тодотгол гэдэг нь заавал ямар нэгэн нэмэлт зардал гаргахын тулд хийдэг зүйл биш. Харин эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал үүссэн үед төсвөө уян хатан зохицуулах боломжийг бүрдүүлдэг хэрэгсэл юм. Тиймээс тухайн үед хийсэн өөрчлөлтийн гол зорилго нь шаардлага гарвал төсвийн бодлогодоо шуурхай зохицуулалт хийх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд байсан. Өөрөөр хэлбэл, тодорхойгүй байдал үүссэн тохиолдолд төсвийн тодотгол хийхэд бэлэн байх нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн үг. Түүнээс биш хэрэггүй байсан заалтыг өөрчилсөн асуудал огт биш.
Өдрийн сонин



