x

Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож, уг шийдвэрийг энэ оны 8 дугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.

Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн яамнаас хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид болон иргэд олон нийтэд дараах мэдээллийг өгч байна.

Суудлын авто машины төлбөр 5000, ачааны авто машиных 20 мянган төгрөг болно

Энэхүү шинэчилсэн тарифаар суудлын авто машины авто зам ашигласны төлбөрийг 1000 төгрөгөөс 5000 төгрөг, ачааны авто машины төлбөрийг 10.000-аас 20 мянган төгрөг болгон шинэчилэн тогтоосон байна. Ингэснээр тээврийн хэрэгслийн ангиллаас шалтгаалан төлбөрийн хэмжээ өмнөхөөс 2-5 дахин нэмэгдэж байна. Энэхүү шинэчилсэн тариф нь Улаанбаатар хотоос орон нутаг чиглэсэн болон аймаг хоорондын олон улс, улсын чанартай авто замуудад мөрдөх бөгөөд Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн олон улсын авто зам, мөн аймгуудыг холбосон улсын чанартай хатуу хучилттай бүх авто зам хамрагдах аж. Хэрэв та орон нутгийн замын постоор тогтмол зорчдог, тухайн байршилд үйл ажиллагаа эрхэлдэг бол урьдчилан төлбөрөө тооцож, гэрээ байгуулснаар 30 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой гэдгийг мэдээллээ.

Улсын чанартай авто замын сүлжээ өргөжсөн ч засвар арчлалтын санхүүжилт хүрэлцэхгүй байна

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 111.916.7 км авто зам байгаагаас олон улс болон улсын чанартай 7.956.8 км нь хатуу хучилттай зам байна. Өнөөдөр 21 аймаг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар бүрэн холбож, 100 гаруй сум болон хилийн таван боомт улсын авто замын сүлжээнд холбогдоод байна. Мөн жил ирэх тусам авто замын сүлжээ болон авто машины тоо өсөн нэмэгдэж байгаа хэдий ч замын ашиглалт, засвар арчлалтад шаардах санхүүжилт бодит хэрэгцээнээс үлэмж дутмаг байгааг салбарынхан онцоллоо.

Монгол Улсад мөрдөж буй дүрэм журам, стандартын дагуу хатуу хучилттай авто замд 6 жил тутамд ээлжит засвар, 12-13 жил тутамд их засвар хийх шаардлагатай байдаг. Гэвч төсвийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан эдгээр шаардлагатай засварын ажлыг хугацаанд нь хийж, замын чанарыг сайжруулах боломж хязгаарлагдсаар байна. Зам, тээврийн яам жил бүр авто замын засвар, арчлалтад шаардлагатай хөрөнгийн саналаа Сангийн яаманд хүргүүлдэг ч улсын чанартай 8000 орчим км хатуу хучилттай авто замын засвар, арчлалтад баталж буй төсөв нь бодит хэрэгцээний ердөө 10-12 хувийг л хангаж байгааг албаныхан мэдээллээ. Мөн хөрөнгө оруулалт, шаардлагтай төсөв санхүүжилт хүрэлцэхгүй байгаагаас шалтгаалан замын ээлжит засварыг хугацаанд нь хийж чадахгүй, улмаар эвдрэл нь их засвар шаарддаг түвшинд хүрэх, засварын зардал улам нэмэгдэх, замын чанар муудах, зам тээврийн ослын эрсдэл өсөх нөхцөл бүрдэж байгааг албаныхан онцоллоо. Авто замын барилгын материал, битум, шатахуун тосны үнэ жил ирэх тусам өсөж байгаагаас шалтгаалан авто замын засвар, арчлалтын компаниуд техникийн шинэчлэл хийх боломжгүй, ажилчдынхаа цалин хөлсийг цаг хугацаанд нь олгож чадахгүй, авто замын урсгал засваруудыг бүрэн гүйцэтгэхэд хүндрэлтэй болсныг АЗЗА нэгтгэлийн удирдлага танилцуулав.

Төлбөрийн нэмэгдлийг зөвхөн замын засвар арчлалтад зарцуулж, орлого төвлөрөлтийг ил тод болгоно

Иймээс улсын төсвийн ачааллыг бууруулж, авто замын засвар, арчлалтын тогтвортой санхүүжилтийг бүрдүүлэх зорилгоор авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоож, нэмэгдсэн орлогыг зөвхөн замын засвар, арчлалтад зориулан зарцуулахаар шийдвэрлэснийг холбогдох албаныхан онцоллоо.

Авто замын төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна

Энэ оноос эхлэн улсын хэмжээнд байрлах 33 төлбөр авах цэгийг бүрэн цахим системд шилжүүлж, авто зам ашигласны төлбөрийг автомат хэлбэрээр авч эхэлсэн талаар мэдээлэв. Авто замын тухай хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ашиглаж буй тээврийн хэрэгсэл, түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох журмын дагуу түргэн тусламж, гал түймэр унтраах, онцгой байдал, төрийн шуурхай ажиллагааны зориулалттай тээврийн хэрэгслүүд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөх юм. 

”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө

Нийслэлийн алслагдсан бүсэд амьдардаг иргэд буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо (Эмээлт), Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо (Өлзийт), Налайх дүүрэг болон Төв аймгийн Батсүмбэр сумын иргэд “E-Mongolia” системээр дамжуулан “Авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлт” гаргаж, “Цагаан жагсаалт”-д бүртгүүлснээр төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой гэдгийг танилцууллаа.

Уг жагсаалтад бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл төлбөр авах цэгээр нэвтрэхэд систем автоматаар таньж, хаалт шууд нээгдэнэ.

Харин орон нутгийн замаар зорчсон тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр автозам ашигласны төлбөр цахимаар илгээгдэнэ.

Та энэхүү төлбөрийг тухайн ондоо багтаан өөрийн боломжид тохируулан хэсэгчлэн хуваан төлөх боломжтой. Хэрэв таны зам ашигласны төлбөр 20 болон түүнээс дээш удаа хуримтлагдсан тохиолдолд постын автомат хаалт нээгдэхгүй, төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд зорчих боломжтой гэдгийг анхаарууллаа.

2026 оны эхний 6 сарын байдлаар 13.7 тэрбум орчим төгрөг төлөгдөөгүй байна

Төлбөр авах цэгүүдийг 2022 оноос үе шаттай цахимжуулж эхэлсэн бөгөөд 2022 онд цахим 5 төлбөр авах цэгээр 1,6 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс 1,2 тэрбум төгрөг төлөглөж 400 орчим сая төгрөгийн нэхэмжлэх төлөгдөөгүй байна.

2024 онд 8 төлбөр авах цэг цахимжсанаар 17 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс 14 тэрбум төгрөг төлөгдөж 3 тэрбум төгрөгийн нэхэмжлэх төлөгдөөгүй байна.

2025 онд онд 12 төлбөр авах цэг цахимжсанаар 23,5 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс 15 тэрбум төгрөг төлөгдөж 8 тэрбум төгрөгийн нэхэмжлэх төлөгдөөгүй байна. 2026 оны эхний 6 сарын байдлаар 22,7 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс 9 тэрбум төгрөг төлөгдөж 13,7 тэрбум орчим төгрөгийн нэхэмжлэх төлөгдөөгүй байна. Өнөөдрийн байдлаар 420 гаруй мянган тээврийн хэрэгсэл дээр 20 орчим тэрбум төгрөгийн төлбөрийн нэхэмжлэл төлөгдөөгүй байна. Үүн дотор 500-1 сая хүртэлх төгрөгийн төлбөртэй 2183, 1 сая төгрөгөөс дээш төлбөртэй 637 иргэн, аж ахуй нэгж байна.

Иймээс иргэд урьдчилан төлбөрийн үлдэгдлээ шалгаж, боломжтой хэмжээгээрээ хэсэгчлэн төлж барагдуулахыг ЗТЯ-ны Автозамын Бодлогын хэрэгжилтийг хангах газар, "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-аас зөвлөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 9 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 15 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 30 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 41 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 48 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 54 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 59 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 1 цаг 5 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 1 цаг 8 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 1 цаг 12 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 1 цаг 14 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 18 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 1 цаг 22 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 25 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 19 цаг 12 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 19 цаг 17 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цаг 21 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 19 цаг 28 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 19 цаг 30 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 19 цаг 35 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top