/RIA Novosti/ Одоо ажиглагдаж буй Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг Австралийн Судалгааны зөвлөлийн "XXI зууны цаг уур" судалгааны төвийн ажилтан, уур амьсгал судлаач Андреа Тащетто анхааруулжээ.
"Австралийн Цаг уурын товчооны урьдчилсан төлөвөөс үзэхэд Номхон далайн төв хэсгийн усны Niño 3.4 харьцангуй индекс гурван хэмээс давна. Энэ нь Эль-Ниньо үзэгдэл туйлын хүчтэй болох шалгуур үзүүлэлтэд хүрнэ гэсэн үг юм" гэж Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн дэд профессор тэрбээр хэлсэн байна.
Түүний хэлснээр, далайн гадаргуугийн доор их хэмжээний дулаан хуримтлагдсан нь Эль-Ниньо цаашид улам эрчимжихийг илтгэж буй гол хүчин зүйлсийн нэг ажээ. Номхон далайн зүүн хэсгийн давхаргын усны температур хэвийн хэмжээнээс таван хэмээр өндөр байгаа аж. "Энэ нь гадаргуу руу дээшилж буй ус ердийнхөөс бүлээссэн гэсэн үг. Өмнөд Америкийн эргийн дагуух далайн гадаргуугийн температур аль хэдийн хэвийн хэмжээнээс 3-4 хэмээр нэмэгдээд байна" гэж Тащетто тайлбарласан байна.
Түүнчлэн дулаарлын энэхүү үйл явцад агаар мандлын өөрчлөлтүүд мөн нөлөөлж байгаа ажээ. "Номхон далайн дээгүүрх салхины чиглэл өөрчлөгдөж, далайн ус цаашид улам халах нөхцөлийг бүрдүүлж буй бол Индонезын дээгүүр үүлшил багасаж, Өмнөд хэлбэлзлийн индекс (SOI) сөрөг утгатай байгаа нь бүс нутгийн агаар мандлын хэвийн эргэлт саарсныг илтгэж байна" гэж судлаач хэлжээ.
Эль-Ниньо нь Номхон далайн экваторын бүсийн ус хэвийн хэмжээнээс хэт давж халдаг байгалийн үзэгдэл юм. Уг үзэгдлийн улмаас далай, агаар мандлын харилцан үйлчлэл өөрчлөгдсөнөөр дэлхийн уур амьсгалд асар ихээр нөлөөлж, зарим бүс нутагт ган гачиг болох магадлал нэмэгддэг бол бусад газарт хур тунадасны хэмжээ эрс ихэсдэг байна.



