/Yonhap/ "Agent Kim Reactivated" тулаант, адал явдалт цуврал кино Netflix-ийн англи бус хэлээрх шилдэг бүтээлүүдийн долоо хоногийн жагсаалтыг гурав дахь долоо хоногтоо дараалан тэргүүлсэн тухай тус стриминг платформ лхагва гаригт мэдээлжээ.
Жүжигчин Со Жи Суб гол дүрд нь тоглосон, “SBS” сувгийн уг цувралд гэнэт сураггүй алга болсон охиноо хайж эхэлснээр нууц агентаар ажиллаж байсан өнгөрсөн үеийн нууцаа дэлгэхээс аргагүйд хүрч буй жирийн аавын түүхийг өгүүлдэг.
Netflix-ийн мэдээлснээр, энэхүү цуврал өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 8.2 сая үзэлттэйгээр дахин нэгдүгээрт бичигджээ. Мөн 73 оронд шилдэг аравт багтаж, Хонконг, Индонез, Сингапур, Перу зэрэг 19 оронд хамгийн олон үзэгчтэй цувралаар шалгарсан байна.
Харин жагсаалтын хоёрдугаарт адал явдалт, уран зөгнөлт аймшгийн төрлийн цуврал болох "The East Palace" нь 4.9 сая үзэлттэйгээр орсон байна. Уг цуврал Өмнөд Солонгос, Тайландад хамгийн их үзсэн цувралаар, бусад 25 оронд шилдэг аравт багтжээ. Хараалд өртсөн хааны ордны үйл явдлыг өгүүлэх энэхүү цувралд Гу Чон (Нам Жү Хёк), Саен Ган (Ро Юн Со) нар үхлийн хараалаар бүх хүүгээ алдаж ганц хүүтэй үлдсэн хааны тушаалаар хараалын эх үүсвэрийг илрүүлэхийг оролдож байгаа тухай гардаг.
Жи Сун гол дүрд нь тоглосон "The Apartment Job" кино 3.3 сая үзэлттэйгээр таван байр ахиж тавдугаарт жагссан бол уг цувралын араас сургуулийн орчин дахь асуудлуудыг харуулсан "Teach You a Lesson" цуврал 2.9 сая үзэлттэйгээр бичигджээ.



