/Kyodo/ Японы нийслэлд наранд цохиулсан байж болзошгүй 261 хүн эмнэлэгт хүргэгджээ. Хэт халж буй энэ үед түргэн тусламжийн дуудлагын тоо урьд хожид үзэгдээгүйгээр нэмэгдсэн байна.
Аврах албаныхан нэг хоногийн дотор 3454 дуудлага хүлээн авсан нь 1963 онд ийм төрлийн мэдээллийг бүртгэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд хэт халж эхэлснээс хойш халуурах, толгой өвдөх, биеийн байдал огцом муудах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн хүмүүсийн тоо эрс өсжээ. Ялангуяа ахимаг насны хүмүүс нарших тохиолдол олонтоо бүртгэгдсэн байна. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс 55 нь 80-аас дээш насныхан, 53 нь 70 настай байжээ. Мөн 50 орчим насны 27 хүн байв.
Японы Цаг уурын агентлагийн мэдээллээр, мягмар гарагт агаарын хэм Токио хотод +36,4°C-д хүрчээ. Зарим бүс нутагт термометрийн заалт хоёр хоногийн туршид +40 °C-өөс давлаа.
Тотиги мужийн Отавара хотын 84 настай нэгэн эрэгтэй хуванцар хүлэмжин дотор ухаангүй хэвтэж байхыг төрөл садных нь хүн олж хараад эмнэлэгт хүргэсэн боловч түүний амийг аварч чадсангүй.
Хэт халалт спортын тэмцээн уралдаанд нөлөөлжээ. Сайтама хотод бейсболын доод лигийн тоглолтыг цуцалсан бол Lotte Marines, Orix Buffaloes багуудын тоглолтуудыг IV үеийн дундаас зогсоосон байна.
Японы Цаг уурын агентлагаас наранд удаанд байхгүй байх, усны хэрэглээний тэнцвэрийг хангах, биеийн байдлаа сайтар хянахыг уриалжээ. Өмнө нь Японы 41 мужид наранд цохиулах эрсдэл бий болсныг анхааруулж байсан юм.



