x

Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, тус намын Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та сайхан наадав уу. Наадам сайхан болов уу?

-Сайхан наадлаа. Наадам бол зөвхөн баяр цэнгэл биш, монголчуудын үндэсний ой санамж, дархлаа юм. Хот, хөдөөгүй монголчууд нэгэн зэрэг өв соёлоо мэдэрч, ахмад настнаа хүндэтгэж, хүүхдүүддээ монгол ахуй, ёс заншилтайгаа танилцуулдаг цөөн мөчийн нэг. Энэ жилийн наадмаар Хүй долоон худаг дахь Ардчиллын өргөө гэрээрээ зочилж, уяачдын галаар орлоо. Наадам сайхан болсон. Харин наадмын дараа бид бодит амьдралдаа нэлээд эрт эргэн орж байна. Учир нь, иргэдийн амьжиргаа, бизнесийн орчин, татварын дарамт, төрийн үр ашиг зэрэг шийдэх ёстой олон асуудал хүлээгдэж байна.

-Та сүүлийн үед ямар ажил дээр төвлөрч байна вэ?

-Ардчилсан намын Бодлогын ерөнхий зөвлөлийн ажлыг шинэ шатанд гаргахад төвлөрч байна. Монголын улс төрийн намуудын нийтлэг дутагдал нь сонгууль дөхөхөөр идэвхжиж, дуусахаар намждагт оршдог. Сонгуулийн үеэр уриа дэвшүүлж, амлалт өгдөг ч сонгуулийн хооронд бодлогоо судалдаг, хуулийн төсөл боловсруулдаг, хүний нөөцөө бэлтгэдэг байнгын тогтолцоо хангалтгүй байна. Улс төрийн нам сонгуульд биш, улс орны ирээдүйд бэлтгэдэг институт байх ёстой.

Тиймээс бид Бодлогын ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбарын бодлогын зөвлөлүүдээ мэргэжлийн түвшинд ажиллуулж, хууль, төсөв, эдийн засаг, нийгмийн бодлогод дата, судалгаанд тулгуурласан дүгнэлт гаргадаг тогтолцоо бүрдүүлэхээр ажиллаж байна. Ардчилсан нам зөвхөн эрх баригчдыг шүүмжилдэг нам биш, илүү зөв шийдэл санал болгодог бодлогын нам болох ёстой.

-АН-ын шинэчлэл, дотоод зохион байгуулалт эрчимтэй өрнөж байгаа. Шинээр сонгогдсон генсекийн хувьд ажлаа хэр бодитой хийж байна гэж та дүгнэж байна вэ?

-Намын шинэчлэл бол нэг хүний ажил биш. Нэг дарга солигдсоноор шинэчлэл дуусахгүй. Энэ бол нийт гишүүдийн оролцоо, дүрмийн хэрэгжилт, байгууллагын соёл, бодлогын чадавхыг хамарсан институцийн өөрчлөлт юм. Шинээр сонгогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга эхний ээлжинд Хэрэг эрхлэх ерөнхий газрын дотоод зохион байгуулалт, дүрмийн хэрэгжилтэд төвлөрч ажиллаж байна гэж харж байгаа. Цаашид гишүүдтэйгээ харилцах, шат шатны намын байгууллагуудаа идэвхжүүлэх ажлын бэлтгэл хангаж байгаа гэж ойлгож байна.

Мэдээж хийх ажил их бий. Шинэчлэлийг хэдэн хүн томилсон, хэдэн өрөө сольсноор хэмжихгүй. Нам гишүүддээ нээлттэй болсон уу, шийдвэр нь ил тод болсон уу, оролцоо нэмэгдсэн үү, бодлого нь судалгаа болон бодит өгөгдөлд тулгуурлаж байна уу гэдгээр хэмжинэ. Түүнээс гадна цахим нам болох ажил бий. an.mn платформ, an+ апп-аа хөгжүүлэх, хэрэглээг нь дэмжих ажлууд хүлээж байгаа.

-Сая наадмын өмнө орон нутгийн нөхөн сонгууль болсон. АН-ын хувьд энэ сонгуульд ялагдсан гэж хэлэхэд буруудахгүй байх. Ямар алдаа, ямар шинэчлэл дутуу байна вэ. Дараа дараагийн сонгуульд танай нам ямар том өөрчлөлт хийж байж ялалтад хүрэх бол?

-Ялагдлаа хүлээн зөвшөөрч, бодитой дүгнэж чаддаггүй нам дараагийн сонгуульд ялж чаддаггүй. Бид Сонгуулийн стратегийн байгууллагынхаа хүрээнд нөхөн сонгуулийн үр дүнг хэлэлцсэн.

Миний хувьд сүүлийн хэд хэдэн сонгуулийг ажиглаад нэг дүгнэлтэд хүрсэн. МАН сонгууль бүрд ялаад байгаа юм биш. Харин АН сонгууль бүрд өөрийн боломжоо бүрэн ашиглаж чадахгүй, ялагдсаар ирсэн. Энэ бол манай сул тал боловч нөгөө талаас хамгийн том боломж юм. Учир нь иргэдийн өөрчлөлтийн хүсэл алга болоогүй. Харин тэр хүсэлд итгэл төрүүлэхүйц зохион байгуулалт, бодлого, нэр дэвшигч, мессэжийг бид гаргаж чадаж байна уу гэдэг л асуудал. Саяны ялагдлыг зөвхөн нэр дэвшигч, эсвэл орон нутгийн намын байгууллагад тохож болохгүй. Сонгуулийн амжилт, ялагдал нь бүхэл бүтэн системийн үр дүн байдаг. Бид дор хаяж гурван том өөрчлөлт хийх шаардлагатай.

Нэгдүгээрт, сонгуулийн байгууллагаа дата, судалгаанд тулгуурлан ажилладаг болгоно. Иргэд юу хүсэж байгааг таамгаар биш, бодит өгөгдлөөр мэддэг болох ёстой. Хоёрдугаарт, бодлогын мессэжээ иргэдийн өдөр тутмын амьдралтай холбож, энгийн бөгөөд ойлгомжтой хүргэнэ. Улс төрийн нам өөрөө л ойлгодог “хүнд үг”-ээр ярих биш, иргэн өөрийнхөө асуудлыг олж хардаг хэлээр ярих ёстой. Гуравдугаарт, сонгуулийн өмнөх хэдэн сар ажилладаг бус, сонгуулийн маргаашнаас дараагийн сонгуульдаа бэлтгэдэг байнгын институт болно. Орчин үеийн сонгууль бол сурталчилгааны бус, итгэлцлийн өрсөлдөөн болсон. Итгэлийг хэдэн зурагт хуудас, хэдэн өдрийн кампанит ажлаар бий болгож чаддаггүй. АН хуучин аргаараа шинэ ялалт байгуулах боломжгүй. Иргэд хуучин АН-д биш, шинэчлэгдсэн АН-д боломж олгоно.

-АН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилдаа албан ёсоор орлоо гэж мэдэгдсэн. Энэ сонгуульд ямар хүнийг ямар дүрэм, шаардлагын хүрээнд сонгож, нэр дэвшүүлэх бол. Нэр дэвшилттэй холбоотой ажил хэзээ өрнөх вэ?

-Энэ асуудлыг хууль, намын дүрэм, дотоод ардчиллын зарчмын хүрээнд шийдвэрлэнэ. Нэр дэвшүүлэх үйл явц нээлттэй, өрсөлдөөнтэй, гишүүд болон дэмжигчдийн итгэл хүлээсэн байх ёстой. Гэхдээ бид нэг алдааг дахин давтаж болохгүй. Ерөнхийлөгчийг зөвхөн рейтингээр сонгох бус, Монгол Улсыг хаашаа авч явах үзэл санаа, философиор нь сонгох ёстой.

Миний хувьд нэр дэвшигч дараах үндсэн шаардлагыг хангах учиртай. Нэгдүгээрт, Монголын ард түмний эв нэгдлийг бодитоор илэрхийлж чадах хүн байх. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн үзэл санаа, парламентын ардчилал, эрх мэдлийн хуваарилалтыг хамгаалдаг байх. Гуравдугаарт, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө, хувийн өмч, хууль дээдлэх зарчимд тууштай байх. Дөрөвдүгээрт, Монгол Улсын үндэсний эрх ашгийг олон улсын тавцанд нэр хүндтэй, чадварлаг төлөөлөх чадамжтай байх. Тавдугаарт, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээг зөв ойлгож, Засгийн газрын ажилд хутгалдах бус, Үндсэн хуулийн тэнцвэрийг хамгаалдаг байх ёстой.

Энэ бол зөвхөн нэг сонгуульд ялах нэр дэвшигчийг тодруулах асуудал биш. 2027 онд сонгогдох Ерөнхийлөгч 2028, 2032 оны парламентын сонгууль “ажиглаж”, гурван парламентын бүрэлдэхүүнтэй харилцана. Тийм учраас Монголын төрийн тогтвортой байдал, ардчиллын чанар, гадаад бодлогод урт хугацааны нөлөө үзүүлнэ. Бид зөвхөн ялж чадах хүнийг бус, ялсныхаа дараа зөв ажиллаж чадах хүнийг нэр дэвшүүлэх ёстой.

-Эрх баригчдын хувьд саяны нөхөн сонгуулиар ялахад амаргүй гэдэг нь мэдэгдлээ. Эрх баригчдын талд мөнгө, эрх мэдэл, том бүтэц байна. Энэ том давуу талын эсрэг АН яаж өрсөлдөх вэ?

-Эрх баригчдад улсын төсөв, төрийн бүтэц, захиргааны нөөц, олон жилийн сүлжээ байгаа нь үнэн. Гэхдээ төрийн бүх нөөцийг атгасан байна гэдэг иргэдийн итгэлийг атгасан гэсэн үг биш. Сүүлийн сонгуулиудын үр дүнгээс харахад эрх баригч намын дэмжлэг тогтвортой өсөөгүй, харин уруудсаар байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үр дүнг санал өгөх эрхтэй нийт иргэдтэй харьцуулбал эрх баригчид нийт сонгогчдын дөрөвний нэг хүрэхгүй дэмжлэгээр олонх болсон. Өөрөөр хэлбэл, тэдний гадна маш том сонголт, өөрчлөлтийн орон зай байна. МАН төрийн эрхийг атгаж байгаа ч иргэдийн ирээдүйд итгэх итгэлийг атгаж чадахаа больсон.

Мөнгөөр сурталчилгаа хийж болно. Төрийн бүтцээр хүмүүсийг дайчилж болно. Гэхдээ итгэл худалдаж авч болдоггүй. Иргэд амьдралаараа эрх баригчдын бодлогын үр дүнг хэмждэг болсон. АН-ын давуу тал бол төрийн нөөц биш. Иргэдийн өөрчлөлтийн хүсэл, эрх чөлөөний үнэт зүйл, оролцоонд тулгуурласан зохион байгуулалт байх ёстой. Бид зөв бодлого, нэр хүндтэй нэр дэвшигч, сахилга баттай бүтэц, сонгуулийн шударга хяналтыг бүрдүүлж чадвал төрийн нөөцөөс иргэдийн итгэл илүү хүчтэй. Сонгууль төсвөөр биш, итгэлээр ялдаг үе ирсэн.

-АН-ын бүлэг дотроо хэд хэдэн фракцад хуваагдсан талаар хаврын чуулганы төгсгөлд зарим хүмүүс ярьж байсан. АН бол олон фракцаас бүрдсэн нам ч гэлээ бодлогын хувьд нэг цул байж л улс төрийн ялалтыг авчирна гэж ойлгож байгаа. Энэ утгаараа ирэх сонгуулиудыг угтсан улс төржилт, намыг хуваах гэсэн дайралтууд ирнэ. Үүнд АН яаж нэгдмэл байж чадах вэ?

-Том улс төрийн намуудад үзэл бодлын өөр өөр урсгал байх нь хэвийн. Ардчилсан нам бол эрх чөлөөний мэдрэмжтэй, бие даасан байр суурьтай хүмүүсийн нэгдэл. Тиймээс санал зөрөлдөөн гарах нь өөрөө муу зүйл биш.

Эрх баригч намыг харахад ихэвчлэн албан тушаал, “том дарга”-ыг дагасан бүлэглэлд хуваагддаг. Харин АН-ын фракцууд түүхийнхээ явцад үзэл бодол, улс төрийн харилцаа, дотоод өрсөлдөөнөөр шийдвэрээ гаргаж ирсэн онцлогтой. Гэхдээ фракц намын дээр гарвал аюултай. Хувийн ашиг сонирхол намын үнэт зүйлээс дээгүүр тавигдаж болохгүй. АН-ыг нэгтгэх зүйл нь аль нэг дарга, нэг фракц биш. Эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хувийн өмч, хууль дээдлэх ёс гэсэн нийтлэг үнэт зүйл юм. Бид санал дээрээ өөр байж болно. Харин үнэт зүйл дээрээ нэг байх ёстой.

Нэгдмэл байна гэдэг бүгд ижил бодолтой болохыг хэлэхгүй. Харин ялгаатай байр сууриа дүрмийн дагуу хэлэлцэж, нэгэнт шийдвэр гарсан бол нийтлэг зорилгын төлөө хамтарч ажиллах улс төрийн соёлыг хэлнэ. Ирэх сонгуулиудын өмнө АН-ыг дотроос нь хуваах, хүмүүсийг хооронд нь сөргөлдүүлэх, зохиомол мэдээлэл тараах оролдлого нэмэгдэх нь ойлгомжтой. Үүний эсрэг бид хаалттай болох биш, илүү нээлттэй, дүрэмтэй, бодлогын нэгдэлтэй байх ёстой.

-Сая хаврын чуулганаар АН-ын гишүүдээс санаачлан өргөн барьсан хуулийн төслүүдийг унагах, дарах, хойшлуулах зэрэг аль болох хэлэлцэхгүй байх, хэлэлцсэн ч эрх баригч нам өөрсдийн хуулийн төсөлтэй нэгтгэх замаар асуудалд хандсан. Үүнд танай намын зүгээр ямар нэгэн улс төрийн акц, шаардлага эхлүүлэх үү. Намрын чуулганаар АН-ын бүлэг хэрхэн оролцох бол?

-Сөрөг хүчний ажил бол зөвхөн хэрүүл хийх биш. Хяналт тавих, асуудлыг ил тод болгох, илүү сайн шийдэл санал болгох үүрэгтэй.

Гэхдээ хавар, намрын чуулгануудын явцад анхаарах ёстой нэг ноцтой үзэгдэл бий болсон. Би үүнийг “хуулийн хулгай” гэж нэрлэж байгаа. Өмнө нь эрх баригчид хуулийн төсөлд “асуудалтай заалт” хавчуулдаг байсан. Одоо сөрөг хүчний боловсруулсан төслийг зориуд гацааж байгаад гол санаа, зохицуулалтыг нь өөрчлөн найруулж, нэрийг нь бага зэрэг өөрчлөн өөрсдийн төсөл болгон өргөн барих явдал гарч байна.

Парламентад төсвийн хулгайгаас гадна бодлогын болон оюуны хулгай бий болж болохгүй.

Тухайлбал, АН-ын бүлгээс боловсруулсан “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийн санааг “Бизнесийн эрх чөлөөний тухай” нэрээр өөрчлөн ашиглах, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслийг Засгийн газрын татварын багц хуулийн төсөлтэй нэгтгэх нэрээр гол агуулгыг нь саармагжуулах оролдлого гарсан.

Үүнтэй адил нийгмийн даатгал ерөнхий хууль, … нэгжийн тухай хууль, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хууль зэрэг чиглэлээр АН-ын гишүүдээс өргөн барьсан хэд хэдэн хуулийн төслийг удаашруулах, санааг нь авч ашиглах асуудал гарсан. Энд гол маргаан нь “Хэний санаа байсан бэ” гэдэгт биш. Парламентын ардчилалд сөрөг хүчний хууль санаачлах эрх бодитоор хэрэгжиж байна уу гэдэгт оршино. Сөрөг хүчний төслийг хэлэлцэхгүй дарчихаад эрх баригчид, Засгийн газар ижил агуулгатай төсөл оруулдаг бол хууль санаачлах, тэр ч бүү хэл хуулийн төсөл хэлэлцүүлэх эрх тэгш биш болжээ гэж харагдаж байна.

Намрын чуулганаар АН-ын бүлэг хэд хэдэн чиглэлд илүү тодорхой ажиллах байх. Нэгдүгээрт, иргэд, аж ахуйн нэгжийн татварын дарамтыг бууруулах. Хоёрдугаарт, төрийн үр ашиггүй зардлыг танаж, төсвийн сахилга батыг сэргээх. Гуравдугаарт, бизнесийн эрх чөлөө, өмчийн эрхийг хамгаалах. Дөрөвдүгээрт, төрийн өмчит компаниудын улс төрийн нөлөө, үр ашиггүй байдлыг хязгаарлах. Тавдугаарт, парламентын ардчилал, цөөнхийн хяналтын механизмыг бэхжүүлэх. Сөрөг хүчин хүчтэй байна гэдэг Засгийн газрын эсрэг ажиллаж байна гэсэн үг биш. Харин төрийн эрх мэдлийг хяналттай байлгаж, ардчиллыг хамгаалж байна гэсэн үг. Өнөөдөр эдийн засгийг төрийн хэт оролцоо, татварын дарамт, төсвийн замбараагүй тэлэлтээс хамгаалах шаардлага тулгарч байна. Төр томрох тусам иргэн жижгэрдэг. Хөгжлийг том төсөв биш, эрх чөлөөтэй иргэн, чөлөөт бизнес бий болгодог.

-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?

-Монголын улс төрд өнөөдөр хамгийн их дутагдаж байгаа зүйл бол урт хугацааны бодлого, түүнийг хэрэгжүүлдэг тогтвортой институт юм. Бид сонгуулиас сонгуулийн хооронд амьдарч болохгүй. Нэг Засгийн газар гарч ирээд өмнөх бодлогоо үгүйсгэдэг, нэг сайд солигдоод салбарын чиглэл өөрчлөгддөг тогтолцоотой улс урт хугацаанд хөгжихөд хэцүү. Монголын асуудал зөвхөн мөнгөний асуудал биш. Институцийн асуудал.

Манай улс байгалийн баялагтай, залуу хүн амтай, газар зүйн чухал байрлалтай. Боломж дутаагүй. Харин тогтвортой дүрэм, хариуцлагатай төр, хамгаалагдсан өмчийн эрх, өрсөлдөөнтэй эдийн засгийн орчин дутагдаж байна.

Ардчилсан намын өмнө хоёр том зорилт бий.

Нэгдүгээрт, өөрийгөө сонгуулийн үеийн хөдөлгөөн биш, институцичилсэн бодлогын нам болгон төлөвшүүлэх. Хоёрдугаарт, Монгол Улсад эдийн засгийн эрх чөлөө, хариуцлагатай бөгөөд хязгаарлагдмал төр, хууль дээдэлсэн нийгмийг бий болгох бодит шийдлийг иргэдэд санал болгох.

Эцсийн дүндээ улс төрийн зорилго нь зөвхөн сонгуульд ялах биш. Сонгууль бол хэрэгсэл. Жинхэнэ зорилго нь Монгол Улсыг илүү хөгжсөн, илүү эрх чөлөөтэй, иргэн бүр хөдөлмөрлөж, бүтээж, өмчтэй болж, сайхан амьдрах боломжтой улс болгох явдал. Монголын дараагийн том шинэчлэл бол том төрөөс хүчтэй иргэн рүү, халамжаас бүтээмж рүү, хамаарлаас эдийн засгийн эрх чөлөө рүү хийх шилжилт байх ёстой.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 13 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 34 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 40 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 55 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 1 цаг 6 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 1 цаг 13 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 1 цаг 19 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 1 цаг 24 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 1 цаг 30 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 1 цаг 33 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 1 цаг 37 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 1 цаг 39 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 43 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 1 цаг 47 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 50 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 19 цаг 37 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 19 цаг 42 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цаг 46 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 19 цаг 53 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 19 цаг 56 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top