x

Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран долоо хоног тутмын Монголын дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл, эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна. 

Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ

(2026.07.19-2026.07.26)

НЕФТИЙН ҮНЭ ӨСӨЖ, ЗАХ ЗЭЭЛ ГЕОПОЛИТИКИЙН ЭРСДЭЛИЙГ АЖИГЛАЖ БАЙНА

Долдугаар сарын 23-нд Brent төрлийн газрын тосны үнэ ойролцоогоор 7%-иар өсөж, нэг баррель нь 100 ам.долларт хүрсэн нь тавдугаар сарын 22-ноос хойших хамгийн өндөр түвшин боллоо. Үнийн огцом өсөлтөд Йемений Хути зэвсэгт бүлэглэл Улаан тэнгист Саудын Арабын хоёр газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц руу халдсан тухай мэдээлэл, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг "томоохон хэмжээний цэргийн ажиллагаа явуулах боломжийг хэлэлцэж байна" хэмээн мэдэгдсэн нь голлон нөлөөлөв.

Нийлүүлэлтийн эрсдэлийг Казахстаны шийдвэр мөн нэмэгдүүллээ. Тус улс дроны халдлагын дараа Каспийн хоолойн консорциумын (CPC) терминалаар дамжих газрын тосны экспортоо түр зогсоосон нь дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийн тасалдлын талаарх болгоомжлолыг улам нэмэгдүүлжээ.

Газрын тосны үнэ долоо хоногийн эхнээс өсөх хандлагатай байсан бөгөөд даваа гарагт ойролцоогоор 87 ам.доллар байсан Brent төрлийн газрын тос лхагва гараг гэхэд 94 ам.долларт хүрсэн байна. Энэ хугацаанд АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж, гал зогсоох хэлэлцээ ахицгүй байсан нь үнийн өсөлтийг дэмжсэн юм.

Өнгөрсөн сарын АНУ-ын инфляцын тайланд шатахууны үнэ буурсны нөлөөгөөр инфляц харьцангуй саарсан үзүүлэлт гарсан. Харин газрын тосны үнэ дахин өсөж буй нь 7 дугаар сарын инфляцын үзүүлэлт хүлээлтээс өндөр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж энэ оны хамгийн өндөр түвшинд хүрэв. 10 жилийн хугацаатай бондын өгөөж 4.66%-д хүрсэн бол 30 жилийн хугацаатай бондын өгөөж 5%-иас дээш түвшинд 27 дараалсан арилжааны өдөр хадгалагдсан нь 2007 оноос хойших хамгийн урт хугацааны үзүүлэлт болж байна.

Холбооны Нөөцийн Сангийн зарим албан тушаалтнууд, тэр дундаа Захирагч Кристофер Уоллер, эрчим хүчний үнийн өсөлт инфляцыг цаашид нэмэгдүүлбэл мөнгөний бодлогыг зөөлрүүлэх бус, бодлогын хүүг дахин өсгөх шаардлага үүсч болзошгүй гэдгийг онцолсон байна.

ХИЙМЭЛ ОЮУНД ОРУУЛЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР ӨГӨӨЖИЙН ТАЛААРХ БОЛГООМЖЛОЛ НЭМЭГДЭВ

Alphabet болон Tesla компаниуд долдугаар сарын 22-ны арилжаа хаагдсаны дараа 2026 оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Alphabet-ийн орлого, ашиг зах зээлийн хүлээлтээс давсан ч компани хиймэл оюуны (AI) дэд бүтцэд хийх 2026 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө өмнөх 180–190 тэрбум ам.доллар байсныг 195–205 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлснээ зарлав.

Харин Tesla-ийн улирлын ашиг зах зээлийн төсөөллөөс доогуур гарсан бөгөөд тайлант хугацаанд автомашины нийлүүлэлт өндөр байсан ч хоёр компани хоёулаа улирлын чөлөөт мөнгөн урсгал (free cash flow)-ын сөрөг үзүүлэлт тайлагнажээ.

Үүний дараа долдугаар сарын 23-ны арилжаагаар хөрөнгө оруулагчид хоёр компанийн хувьцааг эрчимтэй худалдаж, Alphabet-ийн хувьцаа 6.5%-иар, Tesla-ийн хувьцаа 14%-иар тус тус буурлаа. Мөн AI-д өндөр хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй Meta, Microsoft, Amazon зэрэг томоохон технологийн компаниудын хувьцааны ханш ч мөн буурч, Nasdaq Composite индекс 2.15%-иар унасан байна. 

Энэхүү бууралт нь хиймэл оюуны хөгжүүлэлтэд зарцуулж буй их хэмжээний хөрөнгө оруулалт урт хугацаанд хангалттай өгөөж бий болгож чадах эсэх талаарх хөрөнгө оруулагчдын эргэлзээг илэрхийлж байна. АНУ-ын хамгийн том зах зээлийн үнэлгээтэй компаниудын индекс 2025 оны дөрөвдүгээр сард тарифын бодлогын нөлөөгөөр зах зээл огцом унаснаас хойших хамгийн их нэг өдрийн уналтаа бүртгэсэн байна.

Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм

7 дугаар сарын 20–24-ний хооронд дэлхийн хөрөнгийн зах зээлд газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.долларыг давсан, мөн Alphabet болон Tesla компанийн санхүүгийн тайлангийн дараа хиймэл оюуны (AI) салбарын өндөр хөрөнгө оруулалтын үр өгөөжийн талаарх хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.

Зах зээл долоо хоногийн дунд үед өсөлт үзүүлсэн ч пүрэв гарагт технологийн хувьцааны огцом уналтаар эргэн буурч, баасан гарагт Азийн зах зээлүүдэд дарамт үргэлжилсэн бол АНУ болон Европын зах зээлүүд тогтворжих, хэсэгчлэн сэргэх төлөв ажиглагдлаа.

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

S&P 500: -0.61%      

Dow Jones: -0.38%

Nasdaq: -2.13%

АНУ-ын хөрөнгийн зах зээл долоо хоногийн турш савлагаатай байлаа. Даваа гарагт газрын тосны үнэ өссөнөөр индексүүд бага зэрэг буурсан бол мягмар гарагт хагас дамжуулагчийн компаниудын хувьцааны өсөлт гурван үндсэн индексийг бүгдийг нь дээш татав. Лхагва гарагт газрын тосны үнэ нэг сарын дээд түвшинд хүрсний дараа S&P 500 болон Dow Jones бараг өөрчлөлтгүй хаагдсан бол Nasdaq буурлаа. Пүрэв гарагт Alphabet AI-д хийх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө нэмэгдүүлж, Tesla хүлээлтээс доогуур ашиг тайлагнасны дараа технологийн хувьцаанууд огцом унаж, Nasdaq нэг өдрийн дотор 2.15%-иар буурсан байна. Баасан гарагт Dow Jones болон S&P 500 бага зэрэг сэргэж тогтворжсон бол Nasdaq дахин сул үзүүлэлттэй хаагджээ.

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

FTSE 100: +1.28%

STOXX Europe 600: +0.46%

DAX 40: +1.08%

CAC 40: +0.40%

Европын хөрөнгийн зах зээл долоо хоногийн ихэнх хугацаанд тогтвортой өсөлттэй байсан ч пүрэв гарагт буурав. Даваа гарагт хөрөнгө оруулагчид газрын тосны үнийн өсөлт болон Ойрх Дорнод дахь дипломат нөхцөл байдлыг ажигласнаар индексүүд бараг өөрчлөлтгүй хаагдсан. Мягмар гарагт технологи болон уул уурхайн салбарын хувьцааны өсөлт зах зээлийг дэмжсэн бол АНУ Ираны эсрэг шинэ цохилт өгсний дараа газрын тосны үнэ үргэлжлэн өссөн байна. Лхагва гарагт эрчим хүч, батлан хамгаалахын салбарын хувьцааны өсөлтөөр индексүүд хоёр долоо хоногийн дээд түвшинд хүрсэн бол АНУ-ын технологийн компаниудын тайлангийн өмнө технологийн хувьцаанууд бага зэрэг суларчээ.

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Nikkei 225: +0.97%  

KOSPI: -1.90%

CSI 300: -2.61%

SSEC: +1.33%

Азийн хөрөнгийн зах зээл долоо хоногийн турш холимог гүйцэтгэлтэй байлаа. Япон улсын зах зээл даваа гарагт бүх нийтийн амралтын өдөртэй холбоотойгоор хаалттай байсан бөгөөд мягмар гарагт дахин нээгдэхэд Nikkei 225 индекс 3.26%-иар, БНСУ-ын KOSPI индекс мөн хүчтэй өссөн нь өмнөх долоо хоногийн уналтын дараах худалдан авалт эрчимжсэнтэй холбоотой байв. Лхагва гарагт Уолл Стритийн өмнөх өдрийн өсөлтийг даган Азийн ихэнх зах зээлүүд өссөн ч Nikkei өдрийн эхний өсөлтөө хадгалж чадалгүй бага зэрэг буурч хаагджээ. Пүрэв гарагт Японы хагас дамжуулагч болон AI-тэй холбоотой хувьцаанд эрэлт нэмэгдсэнээр Nikkei 225 0.46%-иар, БНСУ-ын KOSPI 4.4%-иар өсөв. Харин баасан гарагт АНУ-ын зах зээлийн огцом уналт болон газрын тосны үнэ 100 ам.долларыг давсны дараах эрсдэлээс зайлсхийх хандлага давамгайлж, Азийн зах зээлүүд өргөн хүрээнд буурсан бөгөөд KOSPI 5%-иас дээш, Nikkei 225 2%-иас дээш унасан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн...
Top