Дэлхий дахинд коронавируст халдварын эргэн тойронд хийгдэж буй тандалт, судалгааны тоймыг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Амны хаалт зүүж, хүн хоорондын зайг бариснаар риновирусын халдварыг бууруулсан
1. АНУ-ын Филадельфи хотын 50 эрүүл мэндийн төвд үйлчлүүлсэн хүмүүсийн дунд судалгаа хийхэд энэ оны гурав сарын 17-ноос гэртээ байх журмыг мөрдөж эхэлснээр хүнд хэлбэрийн астматай өвчтөний тоо 60 хувиар буурсныг тогтоожээ.
Үүнийг судлаачид амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, эрүүл ахуйн арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлсний үр дүнд риновирусийн халдвар буурсантай холбон тайлбарлажээ. Риновирус нь астмын шинж тэмдгийг улам хүндрүүлж, гүнзгийрүүлдэг гэж судлаачид үзжээ.
Агаарын чийгшил 40-60 хувь байхад коронавирусийн тархалтыг бууруулна
2. Германы Лейпциг хотын Leibniz хүрээлэнгийн судлаачид коронавирус чийгшил багатай дотоод орчинд хурдан тархдаг болохыг олон улсын 10 судалгааны үр дүнд үндэслэн дүгнэжээ.
Судлаачид амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэрэг арга хэмжээнээс гадна, дотоод орчны агаарын чанарыг хянах нь чухал гэж зөвлөжээ.
Агаарын харьцангуй чийгшил 40-60 хувь байхад коронавирусийн тархалтыг бууруулж байсан байна. Иймээс эмнэлэг, олуулаа суудаг ажлын өрөө, нийтийн тээвэр зэрэгт агаарын чанарын стандартыг мөрдөх шаардлагатай гэжээ.
Коронавирусаар өвчилж нас барсан өвчтөнүүдийн эрхтэнд цусны бүлэн үүсчээ
3. Лондонын Империал коллежийн эрдэмтэд коронавирусийн улмаас нас барсан 10 өвчтөний эд эрхтэнд шинжилгээ хийхэд бүх хүний уушги болон бөөр гэмтсэн, мөн уушги, зүрх, бөөр зэрэг эрхтний аль нэгэнд эсвэл олон эрхтэнд цусны бүлэн үүссэн байсныг судалж, үр дүнгээ “Lancet” сэтгүүлд хэвлүүлжээ.
Хүүхдүүд насанд хүрэгчдээс илүү халдвар тарааж байна
4. АНУ-ын Бостоны хүүхдийн эмнэлгийн судлаачид 1-22 насны 192 хүнд хийсэн судалгаагаар коронавирусийн халдвар авсан хүүхдүүдийн амьсгалын замд эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа насанд хүрсэн хүнийхээс хэд дахин илүү вирус байгааг илрүүлжээ.
Иймээс судлаачид хүүхдүүд насанд хүрэгчдээс илүү халдварыг тараадаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Шүлс, шээс болон хамрын гүнээс авсан арчдасын шинжилгээний үр дүн адилхан гарчээ
5. АНУ-ын Солт Лейк хотын Ютагийн их сургуулийн судалгаагаар коронавирусийг илрүүлэх зорилгоор хүн өөрийнхөө шүлснээс авсан сорьц болон эмч хамрын гүнээс авсан арчдасыг шинжлэхэд үр дүн нь ижил гарсан байна.
368 хүний 1,100 сорьцыг шинжлэхэд вирус илрэлт дээрх хоёр сорьцод ижилхэн 90 хувь байсан байна. Шүлсний сорьц нь хамрын гүний болон хамар залгиурын арчдасыг цуглуулахаас хялбар, шинжилгээ өгч байгаа хүнд хүндрэл багатай юм.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам