Улаанбаатар хот орчимд нийт 58 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэнээс халиун буга, бор гөрөөс зэрэг том амьтад хотын ойролцоох ногоон бүсэд тогтмол аж төрдөг. Хүйтэн улиралд идэш тэжээлийн хомсдол, эрдсийн дутагдалд орох зэргээс шалтгаалан эдгээр амьтад суурьшлын бүс рүү идэш тэжээл хайн ойртож, зэрлэгшсэн нохойд хөөгдөх зэрэг эрсдэлд өртөх тохиолдол цөөнгүй гардаг.
Иймд нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад зориулан идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Тухайлбал, амьтдын тархац нутгийн ойролцоо хад асга, унанги мод, хожуул зэрэг хөрс шингээлтгүй байршилд нуурын давс тавьж, хүртээмжийг сайжруулсан. Мөн амьтдын ирэлтийг бүртгэх, үр дүнг үнэлэх зорилгоор хөдөлгөөн мэдрэгч бүхий автомат камер байршуулжээ.
Эдгээр арга хэмжээний үр дүнд зэрлэг амьтад өвөл, хаврын тарчиг улиралд илүү сайн тарга тэвээргээ хадгалах, хот суурин руу дөхөх нь цөөрч, урьдчилан сэргийлэх үр дүн гарч буйг өмнөх жилүүдийн ажиглалт харуулж байгаа талаар тус газраас мэдээлэв.
Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар