Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевийг нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Ерөнхийлөгч хоёр улсын харилцааг шинэ шатанд хүргэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Элчин сайд Г.Койшибаевийг “Найрамдал” медалиар шагнасан байна.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Койшибаевын Монгол Улсад ажилласан хугацаанд хоёр орны улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэлээ. Тэрээр ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх чиглэлээр чухал үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлжээ.
Мөн 2024 онд Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар хоёр орны харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж, харилцааны шинэ үеийг эхлүүлсэн нь хоёр орны хамтын ажиллагааны түүхэн үйл явдал болсон хэмээн онцолсон байна.
Элчин сайд Г.Койшибаев Монголын төр, засаг, ард түмэнтэй найрсаг, нээлттэй харилцаа тогтоон ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд, Казахстан улс нь Монгол Улсын Төв Азийн бүс нутаг дахь анхны стратегийн түнш орон болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид харилцаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар