НҮБ ба бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Казахстан улсын Байнгын төлөөлөгчийн газрын оролцоо дэмжлэгтэйгээр Швейцарын Женев хотын Үндэстнүүдийн ордонд ням гаригт 2026 оны шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол боллоо.
“Казахстан” танхимд болсон ёслолд БНКазахстан улсын Байнгын төлөөлөгч Ержан Казыхан, Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Тимур Турлов, дэлхийн аварга цолны өрсөлдөх Энэтхэгийн шатарчин Гукеш Доммаражу, Узбекистаны шатарчин Жавохир Синдаров нар болон Женевт байрладаг НҮБ-ын харьяа байгууллагуудын төлөөлөгчид оролцов.
Е.Казыхан ёслолын үеэр хэлсэн үгэндээ, олон улсын яриа хэлэлцээ, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд шатрын гүйцэтгэж буй үүргийг онцлон тэмдэглэлээ. Шатар ба дипломат харилцаа нь стратегийн сэтгэлгээ, дүрэм журмыг хүндэтгэх, мөн харилцан хүлээн зөвшөөрөгдөх шийдлийг эрэлхийлэх зарчимд суурилдаг болохыг тэрбээр дурдав. Түүнчлэн Казахстан улсад шатрын спорт эрчимтэй хөгжиж, тус улсын залуучуудын дунд энэ спортыг сонирхох нь нэмэгдэж байгааг тэмдэглэн хэллээ.
Шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 11 дүгээр сарын 22-ноос 12 дугаар сарын 12-ны хооронд Женевийн ойролцоох Колони хот дахь Мартин Бодмерын сангийн байранд болно. Гукеш Доммаражу, Жавохир Синдаров нарын хооронд өрнөх энэхүү тоглолт нь дэлхийн аварга цолны төлөөх түүхэн дэх хамгийн залуу оролцогчидтой тулаан болох юм. Учир нь хоёр шатарчин хоёулаа 20 настай. Эхний өрөг 11 дүгээр сарын 24-ний мягмар гарагт эхэлнэ.
Казахстаны тал нээлтийн ёслолыг зохион байгуулж байгаа нь тус улс олон улсын тавцанд шатрыг сурталчлахад идэвхтэй үүрэг гүйцэтгэж, дэлхийн шатрын хөдөлгөөний хөгжилд хувь нэмрээ оруулж буйг илтгэн харуулж байна. Тимур Турлов ФИДЕ-гийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь үүнийг улам тодотгож байгаа юм.
Kazinform



