Ерөнхий сайд Н.Учрал дахиад л “нөгөө гурав”-аа дуудах нь. Энэ залуу Ерөнхий сайд нэг алдаагаа давтаад байх юм. Тэр нь тулгамдсан асуудлуудаар ТЕГ, ЦЕГ, АТГ-ын дарга нарт үүрэг өгдөг, өнөөдүүл нь Ерөнхий сайдын хэлсэн үгийг “цээж бичиг” хийж байгаа юм шиг тэмдэглээд бөөвийж суудаг боллоо. Ингэж болохгүй! Болохгүйг тэдгээр хууль сахиулагчид яагаад хэлж чадахгүй байгааг гайхах юм.
Өнөөдөр ч гэсэн Ерөнхий сайд Н.Учрал хууль, хяналтын байгууллагуудад бүр хугацаатай үүрэг өгнө гэж мэдэгдлээ. Ерөнхий сайд нь хараат бусаар ажиллах хуультай АТГ, УЕП, Тагнуулын ерөнхий газарт үүрэг өгөөд гэмт хэрэг илрүүлж болно гэж бодохоо больчихмоор байна. Гэмт хэрэг мөн л бол тэд шалгаж л таарна.
МАН-ын гаргаад байдаг маш том нугалаа энэ. Шалгуулсан нь “37 он ирлээ, хэлмэгдүүллээ” гэж хашхирдаг. Шалгасан нь улс төрийн эр зориг гэж шоуддаг.
АТГ, УЕП бол хараат бусаар ажиллах хуультай. Жишээ нь “Төгрөг нуур”-ын 507 хуудас хаачив гээд удаа дараа, УИХ-ын чуулганы танхимаас ч АТГ-аас нэхсэн. Төгрөг нуурын лицензийг хураагаад “Эрдэнэс Монгол” нэгдэлд шилжүүлэх шийдвэрийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан байдаг. Х.Баттулга гэгч этгээд нь АТГ-т мэдүүлгээ өгсөн, тус байгууллага ч шалгалт хийсэн байдаг юм. Шалгалтаар олдсон нь “Хотгор шанага”-ын уурхайгаас эхлээд хэд хэдэн нүүрсний уурхайн лиценз цуглуулдаг этгээд “Төгрөг нуур энержи” орд дээр IPO босгох санал тавиад, шунал нь хөдөлсөн Х.Баттулга өөрөө ч багагүй хөрөнгө оруулсан боловч хамгийн муу чанарын нүүрстэй гээд IPO босгох төлөвлөгөө нь ч бүтээгүй, Х.Баттулга хохирч үлдсэн болох нь баримтаар тогтоогдсон байдаг. Ингээд төр лицензээ л нэхээд байсан болохоор лицензийг нь буцааж өгөөд, Засгийн газар "Төгрөг нуурын орд"-ын лицензийг цуцалж Эрдэнэс Монгол нэгдэлд шилжүүлэх шийдвэрийг өнгөрөгч наймдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаас гаргасанаа мэдээлсэн байдаг.
Энэ тохиолдолд Сингапурын биржийн мэдээллээс түүж аваад “маш чухал мэдээлэл” гээд Ерөнхий сайдыг буруу мэдээллээр хангасан бол АТГ тухайн мэдээллээр хэн нэгнийг хэлмэгдүүлэх, хэрэг тохох ямар ч боломжгүй.
Үүнийг үргэлжлүүлээд Тавантолгой-Гашуунсухайтын гэрээнээс ямар ашиг олз олсон болохыг тогтоолгохоор мөн л өнөөдөр дээрх хууль, хяналтын байгууллагуудыг урдаа суулгаад тэмдэглүүлэх бололтой. Гэхдээ шалгаад гэмт хэрэг мөн эсэхийг тогтоох, баримтаар нотолж үнэн зөвийг тогтоох ёстой болохоос Ерөнхий сайдын хэлсэн үгээр буруутгах, яллах ямар ч боломжгүйг хэн хүнгүй мэдэж байгаа байх.
Энд хэрээс хэтэрсэн Үндсэн хууль зөрчих магадлалтай үйл явц удаа дараа давтагдаж олон нийтэд харагдаад буй. “Олон хавар нэгэндээ” гэдэгчлэн Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчих вий. Авлигын эсрэг хуулийн 16-р зүйлд “Авлигатай тэмцэх газар нь нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бөгөөд үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримтлах! "Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд АТГ-ын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж заасан байдаг.
Яг энэ заалтыг зөрчих гээд байна. АТГ бол Ерөнхий сайдын “Ажлын алба” огт биш. Хугацаатай үүргээс айдаг, түүнийг биелүүлдэг, хэрэг биш бол гэмт хэрэг гэж үзэх боломжгүй. Гэмт хэргээр тогтоосон бол түүний нууцыг Ерөнхий сайдад байтугай хэнд ч задлах эрхгүй. Энэ хамгаалалтыг Авлигын эсрэг хуульд, хууль дээдлэх зарчмыг Үндсэн хуульд заасан. Үүнийг хэлбэрэлтгүй мөрдөх ёстой билээ.
Хуулиар одоо ямар боломж байна вэ гэхээр Ерөнхий сайд Н.Учралын хэлсэнчлэн үе үеийн ҮАБЗ-ийн гишүүдээ одоогоор төрийн өндөр алба хашиж байгаа бол түүнээсээ түдгэлзээд АТГ, УЕП, цаашилбал шаардлагатай бол шүүхээр хэрэгт холбогдолтой эсэхээ шалгуулахыг уриалж, шаардаж, ажлаас чөлөөлж болно. Энэ бол тус намын болон тухайн улстөрчийн ажил. Авлигатай тэмцэх тэмцэл хүртэл хуулийн хязгаартай. Эс тэгвээс Ерөнхий сайд нь АТГ-ын ажлыг заах, хийхэд хүрчихээд байна.
Тиймээс Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учралын бухимдал мэдрэгдсэн мэдэгдлийн дараа дахин хууль зөрчих вий, улаан шугамаас давах вий гэсэн болгоомжлол төрснөө сануулахгүй өнгөрч чадсангүй.
У.Оргилмаа /baabar.mn/ 2026.11.18



