Цагаачдын шинэ цуваа Мексикээр дамжин улсынх нь хилийг чиглэн хөдөлжээ. Үүнтэй холбогдуулан Америкийн эрх баригчид өмнөд хил дээрх хяналтаа сулруулахгүй гэдгээ мэдэгдэв.
Хүүхэдтэй гэр бүлүүд бүхий 1500 орчим цагаач Мексикийн өмнөд нутагт, Гватемалын хилээс холгүй орших Тапачула хотоос хойд зүгийг зорин хөдөлсөн байна. Уг цуваанд дийлэнх нь Төв Америкийн орнуудаас ирсэн хүмүүс нэгджээ. Тэдний олонх нь АНУ руу нэвтрэхэд тавьсан хязгаарлалт, мөн тус улсын эрх баригчдын албадан гаргахтай холбоотой бодлогын улмаас Мексикт удаан хугацаагаар саатсан байна.
Цагаачид эхний ээлжид Тапачула хотоос 1000 гаруй км-ийн зайд орших Мехико хотод хүрэхээр зорьж байгаа аж. Тус хотод очсоныхоо дараа АНУ-ын хил рүү замаа үргэлжлүүлэхийн тулд Мексикийн эрх баригчдаас дэмжлэг хүсэхээр төлөвлөжээ.
Энэ сарын 3-нд болсон АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд Ардчилсан нам ялсны дараа цагаачдын энэхүү цуваа хөдөлж эхэлсэн байна. Улс төрийн хүчний харьцаа өөрчлөгдсөнөөр АНУ-ын засаг захиргааны цагаачлалын бодлого зөөлөрч магадгүй гэж цагаач иргэд найдаж байна. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны төлөөлөгчид хилийн хяналтаа сулруулах бодолгүй байгаагаа мэдэгджээ.
Энэ сарын 11-нд тус улсын засаг захиргааны хилийн бодлогыг хариуцдаг Том Хоман цагаачдын цуваанд нэгдсэн хүмүүст анхааруулга өгсөн байна. "Эдгээр цуваа хил дээр хэдэн удаа ч ирж болно. Гэхдээ тэднийг АНУ-д нэвтрүүлэхгүй" гэж тэрбээр мэдэгдээд, тус улсын хууль тогтоомжийг зөрчсөн цагаачдыг саатуулж, албадан гаргах ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгийг онцолсон байна.
Т.Хоман мөн Мексикийн эрх баригчдад хандан өмнөд болон хойд хилийн хяналтаа чангатгаж, шаардлагатай тохиолдолд цэргийн хүч ашиглахыг уриалжээ.
Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэрэв Мексикийн эрх баригчид Америкийн хилийг чиглэн яваа цагаачдын цувааг зогсоохгүй бол тус улсад ногдуулах гаалийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдээд байна.
Тус улсын Дотоодын аюулгүй байдлын сайд Маркуэйн Маллин 11 дүгээр сарын 10-нд “Fox News” телевизэд ярилцлага өгөхдөө өдөр бүр 3 600 орчим хүнийг тус улсаас албадан гаргаж байгааг мэдээлсэн байна. Түүний хэлснээр, АНУ-ын засаг захиргаа завсрын сонгуулийн дараа цагаачлалын одоогийн бодлогоо өөрчлөхгүй аж.
Kazinform



