Ганц биечүүдийн өдөр буюу "Singles' Day" жил бүрийн 11-р сарын 11-нд тохиодог.
Энэ өдөр Хятадын зүүн нутгийн нэгэн оршин суугч “Ганц биечүүдийн өдөр”-ийн их хямдралын хүрээнд зохион байгуулсан тусгай урамшуулалт худалдаагаар Хармөрөн мужид хоёр өрөө байрыг ердөө 11 юаниар (5700 орчим төгрөг) худалдан авсан тухай "South China Morning Post" сонинд мэдээлжээ.
Орон сууцны барилгын долдугаар давхарт байрлах 68 ам метр талбайтай уг хоёр өрөө байрыг "Alibaba Auction" платформоор дуудлага худалдаанд оруулжээ.
Уг байрны үнийг нэг юаниас эхлэн дуудсан бөгөөд үнэ нэмэх доод хэмжээ 0.01 юань байжээ. Харин худалдан авах дээд үнийг 11 юаниар хязгаарласан байна. Платформын мэдээлснээр, дуудлага худалдаанд 1600 гаруй хүн оролцжээ.
Дуудлага худалдаанд Хятадын зүүн нутгийн Жянсу-Жэжян мужаас оролцсон, нэрээ нууцалсан нэгэн иргэн хамгийн өндөр буюу дээд үнийг анхлан санал болгосноор ялагч болсон байна. Тэрбээр орон сууцны үнэ болон шимтгэлийг төлж барагдуулжээ.
Худалдан авагч дуудлага худалдааны шууд дамжуулалтын үеэр тус муж руу шинэ байрандаа нүүж очих төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн байна. Тэрбээр энэхүү үл хөдлөх хөрөнгийг өвлийн аяллын үеэр амрах газар болгон ашиглах бодолтой байгаа аж. Гэхдээ өмчлөх эрхээ баталгаажуулахын тулд тэрбээр үл хөдлөх хөрөнгө шилжүүлсний татварт нэмж 2 мянга орчим юань төлөх ёстой ажээ.
Орон нутгийн орон сууцны борлуулалтын платформуудын үнэлгээгээр уг байрны зах зээлийн үнэ 40 мянга орчим юань аж. Байрны зах зээлийн үнэ болон худалдан авагчийн төлсөн дүнгийн зөрүүг тус платформ өөрөө нөхөн төлсөн байна.
Хуульчид мөн ийм бэлгэдлийн үнээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь өмчлөх эрх бүртгүүлэхэд хүндрэл гарах, татвар болон төлбөрийн өр төлбөр хуримтлагдсан байх, түүнчлэн маргаан үүссэн тохиолдолд шүүхийн зардал гарах зэрэг далд эрсдэл дагуулж болзошгүйг анхааруулжээ.
Kazinform



