ЮНЕСКО-гийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал ботийн олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатарт эхэллээ.
Монгол Улсын санаачилгаар 2023 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 42 дугаар чуулганаар энэхүү цувралыг туурвих тухай тогтоолыг баталж, 2025 онд Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО хооронд байгуулсан хэлэлцээрээр уг санаачилгыг бодит ажил хэрэг болгох эрх зүйн болон зохион байгуулалтын үндэс суурь бүрдсэн юм. Энэ хүрээнд уг цуврал бүтээлийн үзэл баримтлал, хамрах хүрээ, бүтэц, агуулга, судалгааны арга зүйг хэлэлцэхээр дэлхийн 20 гаруй орны эрдэмтэн судлаачид энэ сарын 9-10-ны өдрүүдэд нэгэн дор цуглараад байна.

Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэг:
-“Нүүдэлчдийн соёл иргэншлийн түүх бол хүн төрөлхтний хамтын өв, дэлхийн түүхийн салшгүй хэсэг билээ. Нүүдэлчид өргөн уудам газар нутгийг холбон, мэдлэг, үзэл санаа, технологи, соёлын солилцоог тив дамнуулан түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Энэхүү түүхэн үүрэг, хувь нэмрийг дэлхийн түүхийн судалгаа, бичлэгт зохих байр сууринд нь хүргэх нь тус цуврал бүтээлийн эрхэм зорилго юм.
Үүний зэрэгцээ энэ удаагийн уулзалт Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-тэй давхцаж буйгаараа онцгой бэлгэдэл, утга учиртай. Энэхүү санаачилга нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хэрэгжүүлж буй “Монгол түүх судлалыг дэмжих тухай” бодлогын зорилттой нягт уялдаж байна. Иймд Монгол Улсын Засгийн газар ЮНЕСКО болон олон улсын эрдэм шинжилгээний хамтын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллаж, тус бүтээлийг эрдэм шинжилгээний өндөр түвшинд дэлхийн уншигчдад хүртээмжтэй, урт хугацааны үнэ цэн, ач холбогдолтой бүтээл болгон туурвихын төлөө тууштай ажиллах болно” хэмээн тодотгов.
Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун:
-“Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын нэг боть нь монголчуудын соёл иргэншлийн түүх байх юм. Гэхдээ монголчуудын соёл иргэншлийн түүх нь хил хязгаарын өргөн хүрээг хамардаг. Би Монголын түүхийг багтаасан ботийн эрдэмтдийн зөвлөлийг хариуцаж байгаагийн хувьд Монгол Улсаас сүүлийн гучаад жилд хийсэн томоохон судалгааны үр дүнд тулгуурлаж ажиллана. Монголын археологи, түүх, нүүдлийн иргэншлийн судалгаа сүүлийн 30 жилд огцом дэвшилд хүрсэн.
Ялангуяа манай улсын археологийн судалгаа бол бүс нутаг төдийгүй олон улсын түвшинд тэргүүлэх байр суурьтай байгаа. Эдгээр ажилд хамтарч байгаа судлаачид энэхүү ботийг бичихэд оролцох юм. Тус цуврал хэвлэгдсэнээр анх удаа ЮНЕСКО буюу олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын ялангуяа, монголчуудын нүүдлийн иргэншлийн түүхийн цогц бүтээл болж гарах юм.
Өөрөөр хэлбэл, ЮНЕСКО хэмээх дэлхийн соёл, шинжлэх ухааны их айл, тэдний ажлын хүрээнд уг цувралыг хийж байгаагаараа онцлог. Дээрээс нь бүс нутаг болон олон улсын түвшинд хамтарч цувралыг туурвиж байгаа нь дараагийн нэг онцлог. Гуравдугаарт, Гадаад харилцааны яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Шинжлэх ухааны академи, их дээд сургуулиудын хамтын оролцоотойгоор хийж байгаа. Эрдэмтдийн бүрэлдэхүүний хувьд 70 орчим хувь нь манай улсын судлаачид байх юм. Үлдсэн хувь нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монголыг судалсан гадаадын эрдэмтэд байна” гэв.
Энэхүү санаачилгыг ажил хэрэг болгосноор нүүдлийн соёл иргэншлийн түүхийг дэлхийн түүхийн салшгүй хэсэг болгон судлах, Монгол Улсын түүх, соёлын өвийг олон улсад таниулах, хүн төрөлхтний нийтлэг өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд үнэтэй хувь нэмэр болно гэж зөвлөлдөх уулзалтад оролцогчид онцоллоо.
Зөвлөлдөх уулзалт Гадаад харилцааны яаманд хоёр өдөр үргэлжилнэ.



