Хуульч Б.Баяраатай ярилцлаа.
-УИХ-ын нэр бүхий гишүүд Улсын дээд шүүхийг хууль зөрчиж байгаа талаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар гарын үсэг цуглуулж эхэллээ. Энэ талаар хуульчийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-аас 2022 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж “Эрүүгийн хэргийг нотол, нотолж чадахгүй бол цагаатга, харин иргэдийг хууль шүүхийн байгууллагаар цаг наргүй шалгаж залхаан цээрлүүлж, эрүүдэн шүүж, заавал яллаад ир гэж шүүхээс үүрэг даалгавар өгч болохгүй” гэсэн зарчмаар Эрүүгийн хэргийг шүүхээс буцаахгүй гэсэн хууль батлаад дөрвөн жил хүчин төгөлдөр үйлчилж байна. Харамсалтай нь энэ хуулийг Улсын дээд шүүх ноцтойгоор зөрчөөд мөн дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн тул нээлттэй сонсгол зохион байгуулах нь зүйн хэрэг гэж үзэж байна. УИХ өөрийн баталсан хуулийн хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхтэй. Уул нь энэ хууль батлагдсаны дараа давж заалдах шатны шүүх хуулийг зөв хэрэгжүүлж эхэлсэн юм. Харамсалтай нь Улсын дээд шүүхээс хуулиа зөрчиж буруу жишиг тогтоож эхэлснээр одоо дээд шүүхийн буруу шийдвэрийг дагадаг жишиг нэгэнт тогтчихлоо.
-Хуулийн агуулга, ач холбогдлын талаар товчхон дурдвал?
-Хэдхэн жилийн өмнө шүүхээс өгсөн ялыг багасгуулах гэж шүүгдэгч, эсхүл өмгөөлөгч нь дээд шатны шүүхэд гомдол гаргасны хариуд тавлаж байгаа мэтээр харин ч ял нь багадсан байна гээд шүүхээс нэмж ял өгдөг хуультай байсан. Мөн прокурорын зүгээс ял багадсан гэж эсэргүүцэл бичээд шүүхээс ялыг нэмдэг хуультай байлаа. Түүнчлэн огт гэм буруугүй иргэнд ял өгөөгүй нь буруу, эсхүл ял нь багадсан гээд хэргийг буцааж шүүхэд шилжүүлдэг байсан нь саяхан. Гэхдээ олон улсын сайн жишиг, хүний эрхийн суурь зарчимд нийцүүлсэн Үндсэн хуулийн Цэц, УИХ-ын удаа дараагийн шийдвэрээр энэ байдлыг өөрчилж шүүхээс хүний эрхийг дордуулсан шийдвэр гаргаж болохгүй гэж хуулиа өөрчилсөн байдаг.
Харамсалтай нь хууль өөрчлөгдсөн боловч шүүх өмнөх үеийн сэтгэлгээнээсээ өөрчлөгдсөнгүй. Шүүх өмнөх социалист тогтолцооны үеийнх шиг яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй учраас заавал яллаад ир гэсэн байр суурь нь хэвээр байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр цагаатгагдсан иргэнийг залхаан цээрлүүлж, хуулийг ч үл тоомсорлон заавал яллаж ир, үгүй бол шийдвэрийг чинь хүчингүй болгож буцаасаар байх болно гэсэн шийдвэр гаргаснаар өөрсдийгөө ч хууль ноцтой зөрчсөн эрсдэлд оруулж байна. Ер нь манай хуулийн салбарт Эрүүгийн эрх зүй шинэчлэгдээгүй хуучнаараа үлдсэний нэг жишээ нь энэ юм. Өмнөх нийгмийн үеийн уламжлалт яллах сэтгэл зүйгээсээ салж чадахгүй байна гэсэн үг.
-Шүүх хуульд захирагдахгүй бол ямар үр дагавар гарах вэ?
-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хууль дээдлэх нь төрийн ажиллагааны үндсэн зарчим юм. Түүнчлэн шүүгч гагцхүү хуульд захирагдахыг тодорхой заасан. Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх иргэний эрх нь энгийнээр бол хуулийн дагуу шүүлгэх тухай асуудал юм. Харин хууль зөрчдөг, эсхүл хуульгүй дур зоргоороо шийдвэр гаргадаг шүүхийн тухай ойлголт огт биш. Хуульд захирагддаггүй шүүх нь хувь хүний дур зорго, үзэмжид үндэслэдэг учраас нэг бол хэлмэгдүүлэлт, эсхүл ял завшуулах үндсийг тавина, хуулгүй учраас хэмжүүргүй болж байна гэсэн үг.
-Улсын дээд шүүх хууль зөрчсөн асуудлаар хариуцлагын асуудал яригдах юм байна?
-Хэрэв Улсын дээд шүүх хууль зөрчсөн асуудлаар хариуцлага хүлээхгүй бол хууль зөрчөөд зүгээр өнгөрдөг жишиг тогтох аюултай. Шүүх хууль зөрчих нь хэвийн үзэгдэл гэж болохгүй. Шүүхийг хэн ч шүүхгүй гэж том толгойлж болохгүй. Шүүх хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээх хуультай. Гэхдээ энэ тохиолдолд зүгээр сахилгын хариуцлага хүлээгээд өнгөрөх нь учир дутагдалтай.
Та бүхэн Хөгжлийн банкны гэх хурлыг нээлттэй үзсэн байх. Байгууллагын дотоод журам зөрчсөн, захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн үйлдэлд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж шүүхээс ял өгсөн. Гэтэл дотоод журам, захиргааны хэм хэмжээний акт бүү хэл УИХ-аас баталсан хуулийг мэдсээр байж зориуд ноцтойгоор зөрчсөн шүүгч нар өөрсдөө албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй гэж үзэхгүй юмуу гэдэг асуудал зүй ёсоор тавигдана. Шүүгч хууль зөрчвөл хариуцлага хүлээхгүй, иргэн хүн хууль зөрчвөл хариуцлага хүлээнэ гэсэн дабль стандарт байж болохгүй биз дээ.
-Хууль хэрэгжүүлэхгүй байгаа асуудал УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дээр яригдаж олон нийтийн анхаарлын төвд орсон байгаа шүү дээ?
-Энэ бол хувь хүний эсхүл улстөрчийн асуудал биш юм. Нэгэнт хуульд захирагддаггүй, зөвхөн даргад захирагддаг хазаар жолоогүй болсон шүүх улс төрийн зорилгоор хүн хэлмэгдүүлэхийг үгүйсгэх аргагүй. Магадгүй хэн нэгний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлахын тулд хууль зөрчиж байхыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь хэргийг буцаахгүй тухай хууль хүчинтэй болсноос хойш шүүхэд хамгийн их удаж байгаа хэргийг нэрлэ гэвэл яах аргагүй Н.Алтанхуяг нарын хэрэг хамаарна. Олон нийтийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа зүйл алга, шүүхээс ч удаа дараа цагаатгасан, гагцхүү шүүх дээр хэргийг нь байлгах үл үзэгдэх гар байна гэдэг шүүмжлэл өрнөх боллоо.
-Шүүх хууль зөрчсөн асуудлаа ямар үндэслэлээр зөвтгөдөг вэ?
-Харамсалтай нь зөвтгөсөн тайлбар хийж чадахгүй байна, боломжгүй биз. Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчим нь төрийн тэргүүнээс эхлээд УИХ өөрөө ч хэрэгжүүлдэг байтал шүүгч нар том толгойлооод намайг хэн шүүх вэ гэсэн байр суурьтай байж болохгүй. Шүүхийн хууль зөрчсөн шийдвэрийн ард иргэний амьдрал, хувь заяа, эрх, эрх чөлөөний асуудал яригдаж байгаа. Түүнчлэн хууль илэрхий зөрчдөг шүүхийн тухайд иргэд олон нийтийн зүгээс шүүхийн хараат бус байдалд эргэлзэх төдийгүй хууль болон шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хөсөрдүүлэх аюултай.
-Хүний эрхийн талаасаа ямар ноцтой үр дагавар үүсгэх вэ?
-Үндсэн хуульд заасан шударгаар шүүлгэх эрх нь энгийнээр бол хуулийн дагуу хэргээ шийдвэрлүүлэх эрх. Харамсалтай нь иргэн бүрийн эдэлбэл зохих хэргээ боломжит богино хугацаанд шийдвэрлүүлэх, эсхүл суллагдах эрх байхгүй болж шүүхийн үзэмжээр хэдэн жил дамнуулан хавтаст хэрэгт хадагдаад шар махтайгаа хатах нь хэвийн үзэгдэл боллоо. Гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй цагаатгагдаж ч болох иргэнийг шүүх олон жилээр сэтгэл санаа, бие махбодоор залхаан цээрлүүлж эрүүдэн шүүж байгаа нь цаашид шүүхэд авлигын хөрс суурь үүсгэх эрсдэлтэй.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг дээр л олон нийт анхаарал хандуулсан болохоос биш чимээгүйгээр зуу зуун иргэдийг хууль зөрчиж ялласан он жилүүд өнгөрлөө. Энэ бол хэн нэгэн хувь хүний асуудал биш. Цаашид хууль дээдэлсэн нийгэм байх юм уу, үгүй юү гэдгийг шийдвэрлэх зарчмын асуудал юм.
Өдрийн сонин



