АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын цөөнхийн бүлгийн дарга Хаким Жеффрис тус танхимын даргын албан тушаалд өөрийн нэрийг дэвшүүлжээ.
Тэрбээр 11 дүгээр сарын 4-нд өөрийн цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ намын нөхдөдөө хандан “Төлөөлөгчдийн танхимын дараагийн спикерээр сонгогдоход миний нэрийг дэмжихийг та бүхнээс хүсэж байна” гэжээ. Конгрессын шинэ бүрэлдэхүүн 2027 оны нэгдүгээр сарын 3-нд үйл ажиллагаагаа эхлүүлнэ. АНУ-д болсон завсрын сонгуулийн дүнгээр Төлөөлөгчдийн танхим болон Сенатад Ардчилсан нам олонх болох нь тодорхой болоод байгаа билээ.
“Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны бүрэн хяналтад ажиллаж байсан үе ард хоцорлоо” хэмээн Х.Жеффрис нэмж дурдаад, "хяналтаас гарсан гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг Конгресс хязгаарлана" гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Өмнө нь хэвлэлүүд мэдээлэхдээ, Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын африк гаралтай анхны америк спикер болох өндөр магадлалтай гэж онцолжээ.
АНУ-д 11 дүгээр сарын 3-нд завсрын сонгууль болсон юм. Энэ удаагийн сонгуулиар америкчууд Сенатын 100 гишүүний 35-ыг, Төлөөлөгчдийн танхимын нийт 435 гишүүнийг сонгосон байна. Мөн 36 муж улсад амбан захирагчийн сонгууль болжээ. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамгийн сүүлийн үеийн тооцооллоор Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд хоёуланд нь олонх болох төлөвтэй байна. Одоогоор Бүгд найрамдах нам Сенат болон Төлөөлөгчдийн танхимд олонхын суудлыг эзэлж байгаа юм.
TASS



