x

Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй

Улс төр судлаач, эрх зүйч, доктор Д.Сүхболдтой ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болоход найман сар орчим үлдлээ. Энэ хугацаанд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа болон дахин сонгогдох боломжтой холбоотой хуульд өөрчлөлт оруулах эрх зүйн боломж бий юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх боломж одоогоор хаалттай гэж үзэж байна. Улс төр, хууль зүйн талаасаа ч боломжгүй. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн сонгууль болоход найман сар үлдсэн. Үндсэн хуульд УИХ аливаа сонгууль болохоос зургаан сарын өмнө ээлжит сонгуультай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэж заасан байдаг. Тэгэхээр үлдсэн хоёр сарын хугацаанд ийм хэмжээний улс төрийн өөрчлөлт хийх боломж бага. Ерөнхийлөгч өөрөө ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр энэ талаар байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ Монголын улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, савлагаатай байдаг учраас эрх зүйн хүрээнд янз бүрийн хувилбар яригдахыг үгүйсгэхгүй. Тухайлбал, нэг иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандаж, Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгодог зохицуулалт нь иргэний үндсэн эрхийг зөрчиж байна гэсэн мэдээлэл гаргалаа гэж төсөөлье. Цэц уг асуудлыг авч хэлэлцээд, тухайн зохицуулалт Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргаад хоёр удаа сонгогдох эрх үүсэх эсэхийг мэдэхгүй. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт ороод, Ерөнхийлөгчийн бүрэн эрх дөрвөн жил байсныг, зургаан жил болгосон. Яагаад гэвэл УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч бүгд өөр өөрийн мөрийн хөтөлбөртэй байдаг. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч бол Монголын ард түмний үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүн. Гэтэл хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хүрээнд улс төрийн нөлөө үзүүлж, өөрөө ч улс төрийн гол тоглогч болж хувирах хандлага байсан. Ерөнхийлөгчийг дөрвөн жилээр хоёр удаа сонгох нь дахин сонгогдохын тулд улстөржилт явагдаж байна гээд бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгож, нэг удаа сонгогдох зохицуулалт оруулсан. Гэхдээ энэ тогтолцоо өөрийн гэсэн сул талтай. Ерөнхийлөгч дахин сонгогдох боломжгүй учраас бүрэн эрхийн хугацаагаа дуусгасны дараа улс төрийн нөлөөгөө хадгалах, эсвэл өөрийн бүрэн эрхийн хугацааг сунгах арга зам хайх эрсдэл үүсэж болзошгүй байдаг.

-Үүнийг бусад улс орныг туршлагаас жишээ авч тайлбарлахгүй юу?

-АНУ-д анх ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгох зохицуулалттай байсан. Гэвч энэ нь өөрийн гэсэн сул талтай учраас дөрвөн жилээр хоёр удаа сонгогдох боломжийг нээсэн. Яагаад гэвэл зургаан жилээр нэг удаа сонгогдох зохицуулалттай үед ерөнхийлөгч дахин сонгогдох шаардлагагүй учраас өөрийн бүрэн эрхийн хугацаанд яаж хүнтэй хамтарч төр барих вэ, бүрэн эрхийнхээ хугацааг яаж сунгах вэ зэрэг асуудал үүсэх эрсдэлтэй. Харин дөрвөн жилээр хоёр удаа сонгогдох боломжтой байхад дараагийн сонгуульд дахин нэр дэвших, ард түмнээс дэмжлэг авах шаардлага нь тодорхой хязгаарлалт болдог. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд улс төрийн хариуцлагын механизм ажиллах боломж нэмэгдэнэ. Латин Америкийн зарим улс АНУ-ын Үндсэн хуулийн загвараас санаа авч, зургаан жилээр нэг удаа сонгогдох зохицуулалтыг нэвтрүүлсэн. Гэвч зарим тохиолдолд энэ нь эрх мэдлээ хадгалах, өөр хүнээр дамжуулан төрийн эрх мэдэлд нөлөөлөх зэрэг улс төрийн тоглолт хийх нөхцөл болсон.

Тиймээс зургаан жилээр нэг удаа сонгох нь улстөржилтийг бууруулах давуу талтай ч нөгөө талдаа эрх мэдлээ хадгалах өөр гарц эрэлхийлэх эрсдэлтэй. Монгол Улсын өнөөгийн нөхцөлд ч ийм улс төрийн сэтгэл зүй, хэв маяг үүсч болзошгүйг үгүйсгэх аргагүй. Энэ талаар улс төрийн хүрээнд яриа өрнөж байгаа нь ч нууц биш. Гэхдээ Үндсэн хуульд аливаа сонгууль болохоос нэг жилийн өмнө нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэсэн зохицуулалт мөн бий. Түүнчлэн сонгуулийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хугацааны хязгаарлалт үйлчилнэ. Тиймээс одоогийн нөхцөлд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгахтай холбоотой улс төр, хууль зүйн боломж байхгүй гэж үзэж байна. Мэдээж Үндсэн хуулийн хүрээнээс давсан улс төрийн томоохон өөрчлөлт хийхийг үгүйсгэхгүй.

-Ерөнхийлөгчийг ард түмнээс биш, парламентаас сонгодог болох тухай хувилбар улс төрийн хүрээнд яригддаг. Энэ хувилбар ямар давуу болон сул талтай вэ?

-Монгол Улсын төрийн тогтолцооны нэг онцлог нь парламентын бүгд найрамдах улс атлаа Ерөнхийлөгчөө бүх ард түмнээс шууд сонгодог. Уг нь парламентын бүгд найрамдах улсын зарчмын хувьд төрийн тэргүүнийг парламентаас сонгох ёстой. Манай энэ тогтолцооны үндэс 1992 оны Үндсэн хуулийг боловсруулах үеийн хэлэлцүүлэгтэй холбоотой. Тухайн үед Ерөнхийлөгчийг парламентаас сонгох уу, эсвэл бүх ард түмнээс сонгох уу гэдэг асуудлаар Үндсэн хуулийг хэлэлцэж байсан хүмүүсийн байр суурь зөрж байсан. Зарим нь парламентаас сонгох ёстой гэж үзсэн бол нөгөө хэсэг нь төрийн тэргүүн ард түмний шууд дэмжлэгтэй байх ёстой гэж үзсэн. Эцэст нь төрийн тэргүүнээ бүх ард түмнээс шууд сонгох хувилбар давамгайлсан гэж судлаачид тайлбарладаг. Үүний үр дүнд парламентын засаглалтай атлаа Ерөнхийлөгч нь ард түмнээс шууд мандат авдаг онцлог тогтолцоо бүрдсэн. Энэ нь Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд хоёрын хооронд улс төрийн нөлөө, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн үүсэх нөхцөл болж байна. Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн хоёрын хоорондын улс төрийн зөрчил, талцал дахин дахин ажиглагдаж байна. Ингэснээр гүйцэтгэх эрх мэдлийн удирдлага хэн дээр төвлөрөх вэ, эцсийн шийдвэрийг хэн гаргах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм.

-Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх эрх мэдэл хоёр төвтэй байгаа нь төрийн тогтолцооны гажуудал үүсгэж байна гэж харж байна уу?

-Гүйцэтгэх эрх мэдлийг нэг толгойтойгоор зохион байгуулах уу, эсвэл хоёр толгойтой байлгах уу гэдгээ шийдэх шаардлага бий гэж судлаачийн хувьд үзэж байна. АНУ-ын Үндсэн хуулийг боловсруулсан эцгүүд "Гүйцэтгэх эрх мэдэл нэг төвтэй байх ёстой" гэсэн зарчмыг баримталж байсан. Тэдний хувьд гүйцэтгэх удирдлагыг олон төвтэй болгож, шийдвэр гаргах эрх мэдлийг хуваах нь төрийн удирдлагыг сулруулж болзошгүй гэж үзсэн. Улмаар Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглалын тогтолцоог бий болгосон. Харин Монгол Улс 1992 онд гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн хоёр субьекттэй зохион байгуулсан. Үүний улмаас хэн нь улс төрийн гол удирдагч байх вэ, эцсийн шийдвэрийг хэн гаргах вэ гэдэг асуудал үе үе үүсдэг. Жишээлбэл, Ерөнхийлөгч нь нэг намаас, Ерөнхий сайд нь өөр намаас байвал улс төрийн зөрчил үүсэх нь ойлгомжтой.

Гэтэл өнгөрсөн хугацаанд нэг намаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тодорсон үед ч хоёр субектийн хооронд улс төрийн зөрчил, талцал үүссэн. Үүнийг Монголын ард түмэн харсан. Засгийн газар огцорч, улс төрийн тогтворгүй байдал давтагдах зэрэг асуудал үүссэн. Түүнчлэн Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болчихвол бүх асуудал шийдэгдэнэ гэж ойлгож болохгүй. Төрийн тогтолцоо гэдэг маш нарийн уялдаа холбоотой систем. Жишээлбэл, Ерөнхийлөгчийг парламентаас сонгохоор бол парламент нэг танхимтай хэвээр байх уу, хоёр танхимтай болох уу гэдэг асуудал гарч ирнэ. Нэг танхимтай парламентын олонх болсон нам өөрийн нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгох эрсдэлтэй. Ингэснээр төрийн эрх мэдэл нэг улс төрийн хүчинд хэт төвлөрөх магадлал бий. Үүнийг хэрхэн зохицуулах вэ гэдгээ бодож, бусад институцийн эрх мэдэл, механизмыг хамтад нь шийдэх шаардлагатай. Төрийн тогтолцоо, Үндсэн хуулийн эрх зүй бол олон зуун жилийн турш судлагдаж, боловсронгуй болсон онол, зарчимтай салбар. Нэг зохицуулалтыг нь өөрчлөхөд нөгөө зохицуулалтад зайлшгүй нөлөөлдөг.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 7 цаг 21 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 7 цаг 53 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 8 цаг 21 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов 8 цаг 38 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана 9 цаг 27 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна 11 цаг 34 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй 11 цаг 47 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ 12 цаг 24 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна 12 цаг 36 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 12 цаг 45 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон 13 цаг 59 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв 15 цаг 16 мин “ДАКАР 2026”: Э. Энхмэнд 200м мэлхий сэлэлтийн төрөлд финалын шатанд амжилттай өрсөлдлөө 16 цаг 1 мин Японд гамшгийн удирдлагын шинэ агентлаг байгуулжээ 17 цаг 46 мин Хиймэл оюунаар гарган авсан вирусийг анх удаа эмчилгээнд ашиглажээ Уржигдар 19 цаг 03 мин Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж уу? Уржигдар 18 цаг 35 мин С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой Уржигдар 14 цаг 32 мин Пакс Глобалика (Pax Globalica) Уржигдар 14 цаг 21 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна Уржигдар 13 цаг 58 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Уржигдар 13 цаг 22 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ
Top