Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллаж байна. Түүнийг аймгийн Засаг дарга, төрийн байгууллагын удирдлагууд болон Дархан цэргийн хүрээний ёслолын жагсаал угтан авч, хүндэтгэл илэрхийллээ.
Ерөнхийлөгч өнөөдөр төрийн албан хаагчидтай уулзаж, төрийн дээд одон, медаль гардуулахын зэрэгцээ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Дархан минж” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцана. Мөн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийнэ.
Төрийн албан хаагчидтай хийх уулзалтын өмнө төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан салбар бүрийн төлөөлөлд төрийн дээд одон, медаль гардуулж, хөдөлмөр зүтгэлийг нь үнэллээ.

Дархан-Уул аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал асан Батцэндийн Эрдэнэд "Гавьяат багш" цол, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гангын үйлдвэрийн бэлдэц үйлдвэрлэх цехийн дарга Халзаны Баярсайхан нарт хүртээлээ.

Мөн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, Дэд хурандаа Цэдэвийн Идэш Цэргийн гавьяаны одонгоор, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор аймгийн Эрүүл мэндийн газрын Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч Батнасангийн Эрдэнэчимэг, Орхон сумын Байгаль орчны улсын байцаагч Чадраабалын Мөнх-Эрдэнэ, Дархан сумын 18 дугаар сургуулийн Монгол хэлний багш Дамдинрагчаагийн Төмөрхуяг, аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн дарга Батсүрэнгийн Буяндүүрэн нар тус тус шагнууллаа.
Ерөнхийлөгчийн төрийн албан хаагчид хийх уулзалт үргэлжилж байна.



