УИХ-ын гишүүн, ирэх оны төсвийн Ажлын хэсгийн гишүүн Д.Үүрийнтуяатай ярилцлаа.
-Ирэх оны төсвийн төслөөс зарлагыг хоёр их наядаар бууруулах шийдвэрийг Ажлын хэсгээс гаргасан юм байна. Үүнд чухам ямар зардлууд орж байгаа вэ?
-Оюу толгойгоос орж ирэх ногдол ашгийн хоёр их наядыг хэрхэн зарцуулах талаар ард иргэдээсээ асууж Засгийн газар санал асуулга явуулсан. Ингэхэд 120-иод мянган хүн оролцож, 57 хувь нь Хуримтлалын сан буюу нэрийн дансандаа авна гэдэг санал өгсөн байна. Тийм учраас Засгийн газар энэ асуудлаа эргүүлэн татсан. Тэр хоёр их наяд төгрөгт сургууль, цэцэрлэг барих, эрчим хүч, дулааны асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалт тавьсан байсан. Төсвийг буцаагаад татчихаар нэлээд хугацаа алдах гээд байгаа юм. Дахиад эхнээс нь явна гэсэн үг. Тийм болохоор УИХ-аас гарсан Ажлын хэсэг дээрээ ярилцаад тэр хоёр их наядыг хасаад явах нь цаг хугацаа алдахгүй гэж үзсэн. Тэгэхээр Оюу толгойн ногдол ашгийн санхүүжилтээр хийхээр төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын зардлууд хасагдсан гэж ойлгож болно.
-Хоёр их наяд төгрөгийг хассан гэхээр ирэх оны төсөв 41 их наяд төгрөг болсон гэж ойлгож болох уу. Ер нь ирэх жилийн төсвийг их өндөр байна. Дараа дараагийн жилүүдэд энэ хэмжээний орлого олохгүй бол хэрхэх вэ гэдэг болгоомжлолыг мэргэжлийн хүмүүс яриад байна л даа?
-Өмнө нь гадаад зээлийг төсөв рүү оруулж ирдэггүй байсан. Харин Гадаад зээллэгийн үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль батлагдсанаар энэ байдал өөрчлөгдсөн. Бид зээл авчихаад хэрэглэж чаддаггүй. Хэрэглээгүй мөртлөө хүү төлөөд байдаг. Гэтэл авч хэрэглээд гүйцэтгэлийг нь гаргая гэхээр төсвийн хязгаартаа баригдаад болдоггүй байсныг өөрчилсөн.
Энэ хуулийн дагуу гадаад зээл, тусламжийн зардал нэмэгдээд орж ирж байгаа юм. Хууль эрх зүйн орчны өөрчлөлттэй холбоотой олон асуудал энэ удаагийн төсөвт орж ирсэн. Үндсэндээ 1.7 их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, бууралттай холбоотой асуудал орлого талд буурч орж ирж байгаа. Тэрийгээ нөхөх асуудлуудаа ч гаргаж тавьж байна. Нөгөө талд төрийн өмчит компанийн засаглалын ил тод байдлыг хангах чиглэлээр Засгийн газрын барьж байгаа бодлого болон Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглалын тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчит компаниудын ногдол ашгийг нэмэгдүүлж тооцож байгаа. Тухайн компанийн цэвэр ашгаас 30-аас дээш хувийн ногдол ашиг авах ёстой. Үүнээс бага ногдол ашгийг өгөх юм бол тэр компани татан буугдах үндэслэлтэй болно.
-Тэгэхээр алдагдалтай ажилласан гээд л яваад байдаг байсан нь болино гэсэн үг үү?
-Яг тийм, алдагдалтай ажиллаад, улсаас татаас аваад л явж байдаг компаниуд цэгцэрнэ. Ашигтай ажиллуул, үнэхээр чадахгүй, болохгүй бол татан буулгаад явах нь зүйтэй. Ингэхээр ногдол ашгийн орлого нэмэгдэж орж ирнэ. Энэ нь төрийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа хэлбэр. Төрийн болон орон нутгийн өмчөөс хүртэх өгөөж, татварын бус орлогыг нэмэгдүүлж байгаагаараа давуу талтай. Энэ удаагийн төсөв дээр олон асуудлыг шийдсэн, иргэн бүрд хүрч байгаа зохицуулалт нь санхүүгийн менежмент, удирдлагын тогтолцоогоор хэрэгжиж байгаа. Ер нь Засгийн газар өөртөө их ачаа авсан төсөв орж ирсэн. Цалин, тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл гээд олон хүчин зүйл бий. Тийм ч болохоор Ажлын хэсэг дээр нэлээд зохицуулалтыг хийж байна. Цаашдаа бид төсвийн орлого дээр татварын бус орлогыг нь нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх ёстой. Нөгөө талдаа татварын бааз сууриа өргөтгөж тэлэх хэрэгтэй. Өмнөх онуудын төсвийн 90 хувь нь татварын орлогоос бүрддэг байсан бол энэ удаагийнх 80 хувь болж буурсан. Энэ хэрээрээ татварын бус орлогыг нэмж байгаагаараа их эрүүл төсөв.
-Төрийн өмчит компаниудын орлого, ногдол ашиг нь тогтвортой байж чадах уу гэдэг дээр л хүмүүс нэлээд эргэлзээд байх шиг байгаа юм. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Үүнийг тогтвортой байлгах, цаашлаад төрийн өмчит компаниудаас олох үр өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын алхмуудыг үе шаттай хийх хэрэгтэй. Ер нь төрийн болон орон нутгийн өмч үр ашгийг нэмэгдүүлэх боломж эрх зүйн орчноороо бүрдчихэж байгаа учраас анхаарч ажиллах хэрэгтэй байна.
-Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр АМНАТ-ийн хувь хэмжээг бууруулсан нь төсвийн орлогод тодорхой нөлөө үзүүлэх үү?
-АМНАТ-ийг бууруулсан нь ирэх оны төсөвт бол нөлөөлөхгүй. Харин орон нутгийн эрх мэдэл нэмэгдэж байгаа. АМНАТ-ийн 20 хувь нь орон нутагт үлдэхээр болсон. Нөгөө талдаа АМНАТ-ийг бууруулсан шийдвэрийг 2029 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр баталсан. Үүнд миний бие эсрэг байр суурьтай байсан, одоо ч хэвээрээ байгаа. Ашигт малтмалын тухай хуулийг дэмжсэн ч тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд эсрэг санал өгсөн. Энэ хуулийг хүчингүй болгуулах хуулийн төсөл өргөн барина гэдгээ би хавар мэдэгдсэн. Тиймээс өргөн барина. Ирэх онд биш гэхэд 2028 он болгож ядаж нэг жилээр наашлуулаад явуулж байх хэрэгтэй гэж үзэж байгаа. АМНАТ буурснаараа тухайн аж ахуйн нэгж, зэсийн салбар хэрхэн хөгжих вэ гэдгийг харах хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэрээр жишээ авахад л ингэж бууруулснаар геологийн нөөц дотроо эдийн засгийн нөөц нь ахих боломжтой. Тэр хэмжээний эдийн засгийн нөөцийг улс орнууд дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа үед ашигладаг. Өөрөөр хэлбэл, үнэ өндөр байгаа үед илүү их зардал гаргаж олборлолтоо хийгээд, буурсан үед нь түүгээрээ орлогын бууралтаа нөхөж ажилладаг. Одоо зэсийн салбарт Оюу толгой, Эрдэнэт гэсэн хоёрхон төсөл л ажиллаж байна. Гэтэл хоёр өөр үнэлгээтэй байж болохгүй. Оюу толгой тав, Эрдэнэт 20 хувиар АМНАТ төлдөг. Эрдэнэт үйлдвэр дэлхийд хаана ч байхгүй байдлаар явдаг. Уг нь энэ хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх боломж байсан ч 2029 он болгож хойшлуулсан.
-Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна гэж яриад байгаа. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийг олон нийтэд нээлттэй компани болгож, ард иргэдэд хувьцааг нь эзэмшүүлэх боломж бололцоо бий юу?
-Ер нь тийм л байх ёстой. Эрдэнэт үйлдвэр нээлттэй компани, ард түмэн тэндээс хувь эзэмшдэг, хяналтаа тавьдаг хяналтын багцтай л байх ёстой юм. Монголын ард түмэн Эрдэнэт үйлдвэрт хайртай. Гэхдээ хувьцааг нь гаргалаа гэхэд хэн нэгэн этгээдэд 34-өөс дээш хувийн давуу эрх үүсэх байдлыг бий болгож болохгүй. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн өмчлөлийн маргаан дуусаагүй байгаа. Шүүхийн шийдвэр эцэслэн гарч, хоёр тийшээ салаагүй байна. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа гаргах асуудал хойшлогдоод байгаа юм. Тиймээс энэ маргааныг эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй. Үүний дараа Эрдэнэт үйлдвэр олон улсын хөрөнгийн зах зээл дээрх хувьцаат компани болох боломжтой.
-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн маргаан дээр Засгийн газраас ер нь анхаарч байна уу?
-Надад одоогоор сүүлийн үеийн мэдээлэл алга. Намайг Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байхад энэ асуудал дээр Ажлын хэсэг гараад ажиллаж байсан. Энэ чинь ногдол ашгийн өр төлбөр, Монголбанкнаас мөнгө гаргасан, гаргаагүй гэдэгтэй холбоотой асуудал яригддаг. Дээр нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа асуудал учраас надад мэдээлэл алга.
Өдрийн сонин



