Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд иргэд, бизнес эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсож, төрийн үйлчилгээ болон бизнесийн орчинд тулгарч буй саад бэрхшээлийг тодорхойлох хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
“Чөлөөлье” үндэсний санаачилга нь нийгэм, эдийн засгийн хөгжилд саад болж буй хууль тогтоомж, дүрэм, журам, зохион байгуулалтын хүндрэлүүдийг илрүүлж, тэдгээрийг шийдвэрлэх бодит арга хэмжээ боловсруулах, төрийн хүнд суртлыг бууруулах, бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Өнөөдрийн хэлэлцүүлгээр аймаг, орон нутагт тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, иргэдийн хөдөлмөр эрхлэх, бизнесээ хөгжүүлэх, орлогоо нэмэгдүүлэхэд саад болж буй хүндрэлүүдийг хэлэлцэн, шийдвэрлэх санал, санаачилгыг нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлэх зорилготой.
Уг хэлэлцүүлэг өнөөдөр 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаа бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар “YES Mongolia” ТББ, хамтран зохион байгуулагчаар аймгийн ИТХ, ЗДТГ ажиллаж байна.





