Арван жилийн хугацаанд V үеийн 850-иас доошгүй тооны F-35 сөнөөгч онгоц үйлдвэрлэж, тэдгээрийн засвар үйлчилгээг хангах тухай ерөнхий суурь гэрээг Пентагон ба Америкийн цэргийн аж үйлдвэрийн Lockheed Martin компани байгуулжээ. Гэрээг АНУ-ын Конгресс баталснаар хүчин төгөлдөр болох юм. Энэ тухай DW мэдээлснийг Kazinform агентлаг уламжиллаа.
Пүрэв гаригт байгуулсан уг гэрээний дагуу Lockheed Martin компани Америкийн зэвсэгт хүчинд зориулж сөнөөгч онгоцуудыг үйлдвэрлэн нийлүүлэх төдийгүй сэлбэг хэрэгсэл, шинэчлэлтийн багцууд, техникийн засвар үйлчилгээг хариуцна.
Тохиролцооны дагуу тус компани F-35 хөтөлбөрийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлэхэд зориулан 7 тэрбум доллароос багагүй хэмжээний хөрөнгө зарцуулах юм. Ингэснээр жил бүр 156 сөнөөгч онгоц үйлдвэрлэх боломжтой болно гэж тооцоолжээ. Төрийн зүгээс олон тооны сөнөөгч онгоц захиалснаар үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, нийлүүлэлтийн сүлжээгээ өргөжүүлэх боломжийг манай компанид олгоно гэж Lockheed Martin-ы захирал Жим Тайклет хэллээ.
Одоогоор дэлхий даяар 1375 ширхэг F-35 сөнөөгч онгоц АНУ болон түүний холбоотон улсуудын зэвсэглэлд байгаа юм. Есдүгээр сард Саудын Арабт 48 сөнөөгч онгоцыг 24.3 тэрбум доллароор худалдах шийдвэрийг Конгресс дэмжсэн байна.
F-35 Lightning II бол радарт үл баригдах технологиор зохион бүтээсэн, тав дахь үеийн олон зориулалттай сөнөөгч онгоц юм.
Саяхан Пентагоны зүгээс батлан хамгаалахын зардалд, тухайлбал, шинэ байлдааны онгоц, нисэгчгүй онгоц худалдан авах, цэргийн технологийг хөгжүүлэхэд зориулан 1.5 их наяд доллар төсөвлөхийг Конгрессоос хүссэн байна. Энэ хүрээнд жил бүр F-35 загварын 85 ширхэг сөнөөгч худалдан авч, F-47 сөнөөгч онгоц ба B-21 бөмбөгдөгч онгоцыг зохион бүтээх ажээ.
Kazinform



