Өнөөдөр цоохор ирвэсийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Жил бүрийн аравдугаар сарын 23-нд дэлхийд ховордсон цоохор ирвэсийн экологийн ач холбогдол, хамгааллын ажлыг сурталчилдаг.
Монгол Улсын хэмжээнд 1000 гаруй цоохор ирвэс тархан амьдардаг гэх судалгаа бий. Үүнээс 400 орчим нь Ховд аймгийн Цамбагарав уул, Мөнххайрханы байгалийн цогцолборт газар зэрэг уулархаг бүсээр нутагладаг ажээ.
Цоохор ирвэс нь өндөр уулын экосистемийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй амьтан юм. Сүүлийн жилүүдэд ирвэсийн амьдрах орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, хууль бус агнуур зэрэг нь тулгамдсан асуудал болж байна.
Иймээс байгаль орчны салбар байгууллагууд болон эко клубийн сурагчид цоохор ирвэсийг хамгаалах, иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх нөлөөллийн ажлыг орон нутагт үе шаттай зохион байгуулж байна.



