Хавар шиг намар. Өнөө жилийн улс төр яг ийм. Эрх баригч МАН-д үзэл бодлын зөрчил жил гаруй үргэлжилж буй. Энэ нь хил хязгаараа давж МАН-аас гаралтай цас борооны шамарга, шороо тоосны хуй мэт довтолгоо сэтгүүл зүй рүү эргэж, энэ салбарыг цовдлон сошиалд хаяж өгсөн байдалтай. Хооронд нь ч зодолдуулаад дуусгаж байх шиг. Энэнээс ханатлаа кайф авч бахаа хангаж буй нь улстөрчид гэдэгт эргэлзэх юм алга.
Нэгэнтээ нийгмийн үзэн ядалтад гүн гүнзгий өртсөн сэтгүүл зүй асуудлаа дотроо ярьж алдаа оноогоо дэнслэх, эсхүл улстөрчдөд, нэн ялангуяа МАН-д эсэргүүцлээ үзүүлэх хоёрын аль нэгийг сонгох шаардлага үүсч байх шиг. Эсхүл энэхүү байдлыг бүр гадаад ертөнц рүү зарлавал Монгол Улсын Ардчиллын баян бүрд статус чигээрээ дефольт. МАН-ын энэхүү зөрчил АН-ыг ч басхүү хагалаад авсан шиг байна. Жанцан нь: МАН-ын ил зодооны сүүдэрт АН-д товчдоо төрийн эргэлт хийгдсээр дуусах шат руугаа орж. Хэдхэн сарын өмнө АН-ыг АН-ын дарга О.Цогтгэрэл төлөөлж чадаж байж. Гэтэл нь сая сар гаруйн өмнөөс тэр илтэд суларч.
УИХ-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинийг нэрлэн оруулсан ч бүлгийн гишүүдээр дэмжүүлсэнгүй. Дүнд нь Х.Тэмүүжин бүлэг дээр унаснаар намын даргын сандлынх нь хөлийг хөрөөдөх басхүү нэг бүлэг шахуу хүнийг бэлдээд орхиж. Энүүний дараа АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт улам хүчтэй болж. Эсрэгээрээ: О.Цогтгэрэл улс төрийн тулгалтад орж, 27 онд өөрөө дэвших эсхүл огцрох шахалтад орох суурь тавигдаж. Нөгөө утгаар: О.Цогтгэрэл суларснаар Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нарын аль аль нь нэр дэвших шансгүй болж, ээлжит С.Эрдэнийн үүргийг О.Цогтгэрэл өөрөө гүйцэтгэх нөхцөл бүрдэж. Тэр дэвшээд МАН ялах зураг. Энэний дараа О.Цогтгэрэл хариуцлага хүлээж огцрох нь ойлгомжтой байдалд хүрч. Цаашаагаа: АН-ын асуудлаар О.Цогтгэрэлтэй бус С.Баярцогттой ярих нь илүү ажил хэрэгч бөгөөд үр дүнтэй байхаар болж.
Бүлгийн шинэ дарга Б.Түвшин сонгогдсон даруйдаа МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалтай уулзаж. Тэрбээр Ж.Батжаргалд: Чуулганы ирц бүрдүүлэх зэрэг дээр дэмжинэ, тогтвортой байдлын төлөө анхаарч ажиллана гэж мэдэгдэж. Шулуухандаа: АН-ын бүлэг хоёр хуваагдаж. Уулаасаа: Энэ болвоос ч МАН-ын хийдэг дархан мэх. Тэд: Хуваа, тэгээд захир гэдгийг хэрэгжүүлээд сурч. Энэ удаад тэрхүү арганд нь орчиж. Энэ юугаар илэрч байна гэхлээр: АН-д О.Цогтгэрэлийг заавал 27 онд дэвшүүлэхгүйгээр огцруулах хөдөлгөөн өрнөх болж. АН-ын шинэ даргаар Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж хоёрын аль нэгийг сонгохоор бэлтгэл хангаад эхэлж. Хэрэвзээ АН-ын хагарал энүүгээр үргэлжилсэн нөхцөлд О.Цогтгэрэл АН-ын 1 ч сонгууль удирдаагүй 4 дэх дарга болох нь. Ингэсэн нь: 27 онд МАН ялах зураг бөгөөд энүүгээр тэр нөхцөл бүрдэж буй.
АН-ыг ийнхүү хагалж авсан МАН-ынхан маадгар. Энэхүү намаар дүүрэн хайрын романс уянгалах болж. Жил гаруй зөрчилдсөн МАН-ынхан сүүл үест эв нэгдлээ хангахаар тал талаасаа анхаарч. МАН-ын дарга Н.Учрал эв нэгдлийнхээ төлөө чамгүй зүтгэж буй сонсдох. Уулаасаа: Н.Учралын тухайд 27 онд ялах нь улс төрийн хувьд хүлээн зөвшөөрөгдөх анхны сорилт нь. Хэрэв чадахгүй бол түр хадгалсан тамгаа эргүүлж өгөөд хананд зургаа өргүүлсэн ес болоод дуусах зурагтай. Иймийн тул Н.Учрал намын нэгдлээ хангаж 68-аа хатуу босгох, эсхүл АН-тай хамтарч ч болох. Гэвчиг асуудлаа АН-гүйгээр шийдэхээр болж. МАН-ын экс дарга нарын зөвлөл ч энэнд үүргээ гүйцэтгэж: 27 оны эрх ашгаа бодож нэгдмэл байх талаар намынхнаа ятгах болж.
Дэлгэрүүлэхэд: Сүүл үест МАН-ын экс дарга нараас бүрдсэн бодлогын зөвлөл энэ тал дээр сайн ажиллаж: Сонгууль дуустал талууд галаа намжааж 27 оны сонгууль гэдэг том эрх ашиг дээрээ нэгдэх хэлэлцээрт намынхнаа хүргэж. Тэр бүгд нь үр дүнд хүрч. Саяхан болтол: Н.Учрал нарынхаа эсрэг байгаа гэгдсэн Л.Оюун-Эрдэнэ 27 он өнгөртөл Дэлхийн усны түншлэлийн байгууллагын Ази-Номхон далайн усны болон уур амьсгалын тэсвэржилтэд хөрөнгө оруулах тусгай элчийн ажилдаа төвлөрч, Д.Амарбаясгалан МАН-ынхаа 27 оны Сонгуулийн штабт ажиллаж, Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хурлаа хийж, Н.Номтойбаяр МАН-даа буцаж орох зэргээр томоохон тохироонууд хийгдэж байгаа сурагтай. Энэнээс гадна МАН-ын 50 хүрсэн улстөрчид 27 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших гээд тэрүүхэндээ юм юм болж байгаа.
Тэд нар саявтар Их тэнгэрт УИХ-ын дарга С.Бямбацогтынд цуглаж. Б.Батцэцэг, Ж.Энхбаяр, Г.Занданшатар, Д.Цогтбаатар, Б.Чойжилсүрэн нарын хүмүүс очиж. Ярьсан юмных нь хамгийн сонирхолтой нь: Бүгдээрээ Г.Занданшатарыгаа дэмжье, цаашаагаа бие биенээ элдвээр муулж гөвөхөө больё гэж тохирч. Гэвчиг хэн 27 онд дэвшихийг тэр хэд дангаараа шийдэхгүй. МАН-ын шат шатны бүтцүүдээр хэлэлцэж шийдэх байх. Нэмээд МАН-ын анхан шатныхан Г.Занданшатарыг: Намын дарга болох гээд намаа хоёр хуваасан, басхүү 24 оны сонгуульд тойргоос гарч чадаагүй, ялагдсан гээд унаж. Энийг өнгөрөгч долоо хоногт МАН-ын удирдлагуудыг Эрдэнэтэд ажиллах үед гишүүд нь ихээр ярьж. Явсаар: Мөн л Н.Учралын аятай таатай, арга эвийг олж шийдэх асуудал болж хувирч.
Базах нь ээ: МАН уулаасаа ямар ч нөхцөлд сонгууль дөхмөгц нэгдэж, жижиг эрх ашгаа хойш тавьж чаддаг онцлогтой. Тэрнийгээ дагаж: МАН-ынхан тал талдаа нөхцөл байдал хүнд байгааг ойлгож, харилцан буулт хийх замаар 27 оны том эрх ашиг дор нэгдэж байх шиг. Цаашаагаа: 27 он гарахаас өмнө Н.Номтойбаяр МАН-даа буцаж орсноор Үндэсний эвсэл засагт орж, тэрхүү орон зайг ИЗНН нөхөхөөр тохирч. Ийнхүү: Ах нам дотроо учир зүйгээ олж, хайрын романс уянгалуулж, харин дүү намуудаа хагалахыг нь хагалж, халамжлахыг нь халамжлахаар болж…
Ө.Батбилэг /Өдрийн сонин/



