Засгийн газар, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ЗТЯ, “Эрдэнэс Тавантолгой” ХК хилийн боомтуудын экспортын тээвэрлэлтийг эрчимжүүлэх, хилийн боомтын ачаалал, тээврийн хэрэгслийн бөөгнөрөл, саатлыг багасгах, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэхийг зорьж байна.
Ажлын хэсгийнхэн энэ сарын 2-3-нд хилийн боомт, экспортын тээвэр зохицуулалтын бүсэд ажиллаж, ачаа тээврийн урсгалд үүссэн хүндрэл, тулгамдсан асуудлыг шийдэхээр холбогдох талуудтай уулзсаны дүнд зэсийн экспортын тээвэрлэлт хэвийн болж, өдөрт тогтмол 14 гардаг байсан тээврийн хэрэгслийн тоо 134 болж, сүүлийн өдрүүдэд хуримтлагдаж, хүлээгдэл үүсгээд байсан тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна.

Мөн Ханги-Мандал боомтын чиглэлд өдөрт 350-400 гардаг байсан экспортын тээвэрлэлтийн тоо өчигдрөөс 530 болж, дөрөв дахин нэмэгджээ. Энэ үзүүлэлтийг өдөрт 700-800 болгохоор тохиролцсоныг Зам тээврийн яам мэдээлэв.
Түүнчлэн Гашуунсухайт-Ганцмод боомтын чиглэлд гэхэд өдөрт 430 тээврийн хэрэгсэл нэвтэрч байгааг эхний ээлжинд хоёр дахин нэмэх, цаашид өдөрт 1200-д хүргэж, экспортын тээвэрлэх хэмжээг нэмэхээр холбогдох талуудтай уулзаж байна.
Монгол Улс энэ оны эхний есөн сард 16,198.6 сая ам.долларын бараа, түүхий эд экспортолсон байна. Энэ нь ойролцоогоор 16.2 тэрбум ам.доллар бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 51.3 хувиар нэмэгджээ.



