Жил тутмын зардлаа 20 хувиар хэмнэхийн тулд 1000 ажилтнаа халахаар Америкийн Walt Disney Co компани төлөвлөж байгаа тухай Блүүмбэрг агентлаг мэдээлжээ.
Ажлын байруудыг цомхотгох, бусад зарим зардлыг танах замаар дээрх хэмнэлтийг хийх ажээ. Бүтцийн өөрчлөлт, зардлыг оновчтой болгох үйл явц нь сэдэвчилсэн паркууд, телевизийн сувгууд болон кино студиүдийг илүүтэй хамрах болно. Компанийн ерөнхий захирал Жош Д'Амаро-гийн төлөвлөж байгаагаар, хэмнэсэн хөрөнгө мөнгийг контент бүтээх, технологийг хөгжүүлэх, паркууд болон круиз аяллыг дэмжихэд зарцуулах ажээ.
Сүүлийн жилүүдэд Disney компани зардлаа олон тэрбум доллароор танаж, олон мянган ажлын байрыг цомхотгосон билээ. Өнгөрсөн санхүүгийн жилийн эцэст дэлхий даяар ажиллаж буй тус компанийн ажилтнуудын нийт тоо 231 мянга болж буурсан байна.
Блүүмбэрг агентлагийн мэдээнд дурдсанаар, уламжлалт телевизийн салбарын орлого буурч, стриминг үйлчилгээний захиалагчдын тооны өсөлт саарч буй энэ үед Netflix, Sony Pictures Entertainment, Paramount, Warner Bros. компаниуд мөн адил ажлын байрны цомхотгол хийж байна. Amazon, Apple зэрэг технологийн аварга том компаниудын платформууд болон нийгмийн сүлжээний хэрэглэгчдийг өөртөө татах нь дээрх компаниудын хувьд улам бүр хэцүү болж байгаа юм.
ТАСС



